WorldFocus

Тибо Бруттин “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын Ерөнхий захирлаар томилогдов 

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын Удирдах зөвлөл долдугаар сарын 9-ний өдөр хуралдаж, тус байгууллагын Ерөнхий захирлаар Тибо Бруттиныг томилох шийдвэр гаргав. Ийнхүү Бруттин нь RSF-ыг 12 жил удирдаж, 2024 оны зургадугаар сарын 8-ны өдөр таалал төгссөн Кристоф Делуарын залгамж халааг авлаа. Бруттин нь тус байгууллагын үйл ажиллагааг үргэлжлүүлэхдээ хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэхэд дэлхий нийтээр тулгарч буй сорил бэрхшээлд хариу үйлдэл үзүүлэхээ илэрхийллээ. 

“Мэдээлэлтэй байх эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхэд дэлхий нийтээрээ асуудалтай тулгарч буй өнөөгийн нөхцөлд Тибо Бруттин нь RSF-ын хөгжлийн шинэ үе шатанд тус байгууллагыг удирдахад хамгийн тохиромжтой хүн гэдэгтэй бид санал нэгдэж байна. Тибогийн хуримтлуулсан туршлага, түүний тус байгууллагын төлөөх олон жилийн тууштай зүтгэлийг үнэлж баршгүй юм. Мэдээлэл олж авах эрхийг хамгаалах нь дан ганц сэтгүүлчдийн бус, харин нийт иргэдийн асуудал хэмээн итгэдэг байсан Кристоф Делуарын замналыг тэрбээр тууштай баримталдаг. Өдгөө RSF ард иргэдтэйгээ гүүр нь болж ажиллах ёстой. Энэ бол ардчиллын үндсэн шаардлага юм. Тибо Бруттинд шинэ ажилд нь амжилт хүсье.” 

Пьер Хаски “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын ЕрөнхийлөгчТибо Бруттин нь 37 настай. Тэрбээр 2014 онд “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагад ажиллаж эхэлснээсээ хойш төрөл бүрийн ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 2021 оноос хойш Ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байв. Бруттин нь гуравдугаар сард Нөөц, хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Элоди Тручоны хамт Ерөнхий менежерийн үүргийг түр орлон гүйцэтгэсэн.

Бруттин нь Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI), Афганы сэтгүүлчдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа, Украин дахь хэвлэлийн эрх чөлөөний төвүүд, сэтгүүлч Марина Овсянниковаг Оросоос оргуулан авч гарах ажиллагаа, Орос улсад болон хилийн чанадад амьдарч буй орос хэлээр ярьдаг хүмүүст хараат бус мэдээ, мэдээлэл дамжуулдаг “Свобода” хиймэл дагуулын үйлчилгээ зэрэг RSF-ын хэрэгжүүлж буй зарим гол санаачилгыг хөгжүүлэхэд гар бие оролцсон. Бруттин нь бизнесмэн Венсан Боллорегийн францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг боомилж буйг эсэргүүцсэн кампанит ажилд 2016 оноос хойш оролцсон.

“RSF-ын Удирдах Зөвлөл надад итгэл хүлээлгэж буй нь нэр төрийн хэрэг юм. Миний бие баг, хамт олныхоо дэмжлэгтэйгээр дэлхийн өнцөг булан бүрд чөлөөт, хараат бус, олон талт сэтгүүл зүйг дэмжихэд чиглэсэн Кристофийн үзэл баримтлалыг сахихыг эрмэлзэж байна. Түүний тэмцэл бол бид бүхний тэмцэл юм. Хэвлэлийн эрх чөлөөний сэтгүүлчдэд үзүүлэх нөлөөллийн нэгэн адил иргэдэд нөлөөлж буй үнэн бодит, найдвартай мэдээлэлтэй байх эрхийг сахин хамгаалах шинэ арга замыг эрэлхийлэх нь миний болоод “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын идэвхтнүүд, мэргэжилтнүүдийг оролцуулан нийт баг, хамт олны өдөр тутмын үүрэг байх болно.”

Тибо Бруттин“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын Ерөнхий захирал

Тибо Бруттин нь Парис дахь Улс төрийн институт (Institut d’Etudes Politiques)-ыг олон нийтийн харилцааны чиглэлээр төгссөн. Тэрбээр Луврын музейн олон улсын хөгжлийн багийн гишүүнээс ажлын гараагаа эхэлж, активист кино урлагаар мэргэшсэн “Echo Studio” продакшн, түгээлтийн компанид ажилласан. 

Тибо Бруттин нь кино судлаач бөгөөд энэ чиглэлээр “Louis de Funès, à la Folie” (2020, Ален Крюгертэй хамтран бичсэн “Éditions de la Martinière”), “Michel Audiard réalisateur” (2022, Actes Sud/Institut), “La Soupe aux choux” (2023), “Michel Audiard/Jean Vautrin” (2023, Actes Sud/Institut Lumière) зэрэг ном товхимол гаргасан. 

Түүнчлэн Удирдах зөвлөл Элоди Тручоныг Ерөнхий захирлын орлогч бөгөөд Нөөц, хөгжлийн асуудал эрхэлсэн тэргүүнээр томилов. Турчон нь 2008 оноос хойш тус байгууллагад ажиллаж байгаа бөгөөд 2019 оноос RSF-ын Нөөц, хөгжлийн асуудал эрхэлсэн захирлаар ажиллаж байв.

RSF-ын нийт баг, хамт олон нь тус байгууллагыг 12 жилийн турш эрч хүч, хүсэл тэмүүлэл дүүрэн удирдаж, 2024 оны зургадугаар сарын 8-ны өдөр 53 насандаа таалал төгссөн Кристоф Делуарын гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Түүний сэтгүүл зүйн төлөөх тууштай зүтгэл үүрд дурсагдах болно. 1985 онд үүсгэн байгуулагдсан RSF нь Парис хотноо төв оффис, бусад улсад долоон оффис, зургаан нэгж хэлтэс, дэлхий даяар 160 гаруй сурвалжлагчтайгаар үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага юм.

Thibaut Bruttin appointed Director General of Reporters Without Borders

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close