Зам,тээврийн хөгжлийн яам 2024 оны эхний хагас жилд
Зам, тээврийн салбар 2024 оны эхний хагас жил 75 сая зорчигч, 62.3 сая.тонн ачааг бүх төрлийн тээврээр тээвэрлэлээ.
АНУ-РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ БАЙНА
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, шууд нислэгтэй болох ажлыг эхлүүлсэн.
Энэ хүрээнд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангаж, АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх “The Wicks Group Consulting” компанийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллалаа.
БҮГД НАЙРАМДАХ ЛАТВИ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА
”Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, эцэслэн байгууллаа.
Хэлэлцээр байгуулсны үр дүнд шууд нислэг үйлдэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Латви болон Хойд Европын хэсэгт оршин сууж буй манай улсын иргэд болон жуулчид хямд зардлаар ая тухтай нисэх боломж бүрдэнэ.
ХОВДЫГ УРД ХӨРШТЭЙ ХОЁР ДАХЬ БООМТООР ХОЛБОХ БАЙТАГИЙН ЗАМ 2025 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
Булган боомт чиглэлийн авто замаас Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг 2025 онд дуусгах төлөвлөгөөтэй байна.
Тус авто зам ашиглалтад орсноор баруун бүс нутаг буюу Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн хоёр боомтоор холбогдох боломж нээгдэж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэнэ.
ШИНЭ ЗҮТГҮҮРЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Савельевтай уулзаж, “Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам”-ыг байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт оруулах протоколд гарын үсэг зурж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн сан 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, олон жил яригдсан МОН П1, П2 зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийг цэгцлэх, дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэсэн.
Үүний үр дүнд Улаанбаатар төмөр зам ХНН-д нийлүүлэх гол замын 5 шинэ зүтгүүрийн эхний зүтгүүрээ хүлээн авлаа.
АВТО ЗАМ ДАГУУХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ GOOGLEMAP-Д БАЙРШУУЛНА
Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан олон улс, улсын чанартай авто зам дагуух зорчигч тээврийн авто буудал, хоолны газар, авто засварын төв, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууламжийн байршил зүйн зураг, үйл ажиллагааны цагийн хуваарь, зурган мэдээллийг Google Map системд байршуулахаар И-Тек компанитай хамтран ажиллаж эхэллээ.
МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 45 УЛСЫН 157 ЦЭГ РҮҮ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдэж байна.
БАТНОРОВ-НОРОВЛИН ЧИГЛЭЛИЙН 50 КМ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130.6 км авто замын нэгдүгээр багц буюу Батноров, Норовлин сум чиглэлийн 68.6 км-ын эхний хэсэг 50 км хатуу хучилттай авто замын ажил бүрэн дуусаж хөдөлгөөн нээлээ.
ХЯЛГАНАТ-ХАНГАЛ ЧИГЛЭЛИЙН 10 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Хялганат-Хангал чиглэлийн 10 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад орууллаа.
Тус авто замыг ашиглалтад оруулснаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж, Булган аймгийн Хангал сум, Хялганат тосгоны иргэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдлээ.
Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ