НийгэмFocus

Хоёр бяцхан хүүтэйгээ урт удаан амьдрахад минь туслаарай

Хавдар хаалга тогшдог юм байна…

Өнөөдөр ахиад 40 хэм давж халах нь ээ. Энд ирснээс хойш тал нутгийнхаа урин сэвшээ салхиар уушиг дүүрэн амьсгалах юмсан гэж л их бодогдож байна даа. Энэ халуунд хань минь надад хоол хийж өгөх гээд түрээслэж байгаа байр луу өдөрт хөлсөө урсган хоёр удаа явах юм. Би ханиа ирэхийг хүлээнгээ элдвийг бодоод л хэвтэж байна. Дөнгөж хоёрхон сарын өмнө найзуудтайгаа агаарт гарч хөнгөн хөгжим сонсч, хөөр хөгжөөн болж байхдаа хаа холын Энэтхэгт эмнэлгийн орон дээр хорт хавдрын оноштой ингээд л нөхрийгөө ирэхийг хүлээгээд хэвтэж байна чинээ зүүдэлсэн ч үгүй явсан даа би. Амьдрал үнэхээр тааварлашгүй агаад баялаг юмаа.

2024 оны 04.20-ны өдөр нөхөр бид хоёр гэр бүлийн найзуудтайгаа хамт агаарт гарч амрангаа энэ зун явах урт аяллын төлөвлөгөөгөө хөгжилдөн ярьж байсан. Гэтэл маргааш өглөө нь бие зарайж халуураад нэг л бишээ. Урьдын адил хоолой идээлж өвдөөд халуурч байна гэж өөрөө өөрийгөө оношлоотхов. Маргааш нь эмнэлэг ортол надаас авсан цусны шинжилгээний хариу “маш их өөрчлөлттэй байна” гэснээр эмч маань гайхан ахин дахин шинжилгээ авсны эцэст 1-р эмнэлэг явахыг зөвлөлөө.

Ингээд 1-р эмнэлэгийн шинжилгээний хариу хоёр хоногийн дараа гарч би гэдэг хүн “ЦУСНЫ ЦОЧМОГ ХОРТ ХАВДАР”-тай гэж оношлогдчихвоо бурхан минь. Ердөө 48-хан цагийн өмнө амаа урагдтал инээж аз жаргалдаа умбаж байсан би эмчийн хэлсэн мэдээг сонсоод чихэндээ итгээгүй айх гайхах зэрэгцэн яахаа мэдэхгүй хана түшин зогсож байлаа.

ЯАГААД БИ ГЭЖ? энэ л асуулт яагаад ч юм хорт хавдрын онош сонссон бүх хүнд хамгийн түрүүнд орж ирдэг байх. Аав ээжийгээ бас л хорт хавдраар алдаж байсан. Гэсэн ч би хэзээ ч өөрийгөө зөвхөн солонгос савангийн дууриас л үзсэн цусны хорт хавдраар өвдчихнө гэж бодсонгүй. Ингээд л 34 хөн насандаа хоёр шар хүүгээ хайртай ханиа орхиод явах юм байхдаа гэж айж байснаа ч нуугаад яахав.

Гэхдээ би нэг л зүйлд баярласан. Ээждээ л энэ муухай мэдээг сонсгоогүйдээ, цусны хорт хавдар тусчихаад яахаа мэдэхгүй бүлтгэнэн суугаа эрх шар охиныхоо энэ байдлыг ээж минь хараагүйд л баярласан. Хорт хавдрыг бие сэтгэлээрээ даван туулахаар тэмцэлдэн буй энэ мөчүүдийг хань минь хажууд байхгүйгээр төсөөлөхийн аргагүй. Намайг ямар ч болзолгүйгээр хайрладаг хань минь хорт хавдартай тэмцэн буй энэ л өдрүүдэд дэргэд минь байж надад бүрэн хайрлагдсан мэдрэмжийг өгч байна. Хань минь надад энэ хугацаанд нулимсаа нэг ч удаа үзүүлээгүй ээ.

Хавдартай болсон тухай эмчээс сонсоод чихэндээ итгэж ядан айх гайхах зэрэгцэх тэр үед ханийн минь “Өө амьдрал бид хоёрыг зүгээр л сорьж байна. Даваад л гарна ш дээ хайраа” гэж тоомжиргүй хэлсэн үг нь намайг сэвхийтэл сэргээсэн юм даа. “Тогтуунаа чи бууж өгөхгүй шүү” гэж өөртөө амлах хүчийг ч бас өгсөн. Би энэ л үгийг хүлээж байсан юм шиг. Гэхдээ тэр минь надад харагдахгүй сэтгэлээ урж зурж ямар их тэвчээр зааж энэ өдрүүдийг давж байгааг би мэдэрч байна.

Эрүүл байхдаа би өөрийгөө хоёр амьтай юм шиг, хайртай гэр бүлийнхэн минь намайг хэзээ ч орхихгүй юм шиг цаг хором бүр зүгээр л яг л энэ хэвээрээ урсч байх юм шиг санадаг байжээ. Харин Хорт хавдрын онош эмчээс сонссон тэр цагаас цаг хугацаа чиний эсрэг мэт хурдан өнгөрөхийг яана. Ажил, ажил, ажил. Ажилгүй бол би яг л “үхчих” юм шиг махран зүтгэдэг байсан, өөрийгөө төмөр хадагтай гэж бодчихсон надад магадгүй бие эртхэн минь л гомдсон байхөө ккк. Тийм ч учраас гэр бүлийнхэн маань ярилцаад Энэтхэг улсад явж эмчлүүлэх нь хамгийн хямд бөгөөд бидний боломжинд нийцэж явахаар зориг шулуудсан юмдаа.

Ирсэн даруйдаа би сарын турш өдөрт 4 цагийн зайтай халуурч байлаа. Химийн тариа хийлгээд үс унаад байхлаар нь үсээ ч хусуулчлаа. Халзан байгаа маань надад их таалагдаж байгаа шүү хэхэ. Жин хэдийн 50кг болжээ. Турах юмсан гэсэн “мөрөөдлийн” жиндээ оччихлоо гэж найздаа хошигнож яриад л сууж байна даа. Гэхдээ л энэ зовлонтой нүүр тулсан ч аюулт өвчний өмнө сөхрөхгүйн төлөө монголын маань хичнээн гэр бүл ингэж адгаж шаналж яваа бол доо? гэж бодохоор л.

Намайг солонгост сурч байхад хань минь хүний нутагт өдөр шөнөгүй, нойр хоолоо хасан байж ажилласнаар бид дөрөв байртай болоод бөөн баяр хөөр болж байсан минь саяхан мэт. Харамсалтай нь намайг эмчлүүлэх гээд байраа, машинаа гээд байгаа бүхнээ зараад дээрээс нь гэр бүл, найз нөхдийнхөө тус дэмжлэгээр энд ирсэн байгаа маань энэ л дээ. За ингээд эмчилгээнд оръё доо. Хүн намайг юу гэж бодох бол гэж санаа зовохгүйгээр өөртөө хамгийн их хайртай байгаарай та нар минь.

Хайртай хоёр үр минь, ах эгч ,гэр бүл минь, анд найзууд, ажлын хамт олон минь та нартаа чин сэтгэлээсээ баярлаж явдаг шүү. Эх орондоо эрүүл саруул эдгээд очих хүслийг минь өдөр бүр бадрааж байгаа шүү та нар. Нэгэн гэр бүлд амьдрал бэлэглэхэд та бүхнийг туслаасай гэж хүсэж байна.

ХХБ-416028304 Б.Тогтуун Хаан банк- 5079139730 Н.Алдар нөхөр БНЭУ. НЬЮ ДЭЙЛИ ХОТ. /2024.06.28/

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close