Гадаад харилцааУИХ

 БНИУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын ЕНБД Ф.Касталдитай уулзав

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимд /2024.05.24/ ажлын айлчлал хийж, тус танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Фабрицио Касталдитай уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол, Итали улсууд 1970 онд дипломат харилцаа тогтоосон хэдий ч Ромын папын элч төлөөлөгч Плано Карпини болон Хубилай хааны дэргэд 17 жил алба хашсан Марко Поло нарын бичиж үлдээсэн дурсамжууд нь Монгол, Италийн харилцаа эртнээс улбаатайг нотлон харуулдаг хэмээгээд, хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзлэх учиртайг тэмдэглэв.

Тэрбээр энэхүү ажлын айлчлал нь хоёр улсын хууль тогтоох байгууллага, түүний Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж буйг онцолсон.

Ноён Ф.Касталди уг уулзалтын ач холбогдлыг мөн адил өндөр түвшинд үнэлж байгаагаа илэрхийлээд, цаашид хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж, хамтын ажиллагааны цар хүрээ зогсолтгүй өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан юм.

Уулзалтад Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Ж.Сайнхишиг, Гадаад харилцааны хэлтсийн ахлах зөвлөх М.Батболд нар оролцов.

Ажлын айлчлалын хүрээнд Төлөөлөгчдийн танхимын Түүхийн архивын газар, Судалгааны газар, Мэдээллийн технологийн газрын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Итали Улсын парламент, түүний Тамгын газрын үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэн батлах үйл явц, хуулийн төслүүдэд эрх зүйн дүн шинжилгээ хийж буй аргачлал, архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологийн орчин үеийн ололтыг парламентын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн амжилттай хэрэгжүүлж буй талаар туршлага судалж, харилцан мэдээлэл солилцож ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close