Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (ODIHR)-аас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах Хорооны тэргүүн Элчин сайд Жэннифер Браш болон бусад шинжээч, мэргэжилтнүүдийн төлөөллийг өнөөдөр (2024.05.22) хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг олон улсын төлөөллөөс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар ирсэн Ардчилсан институт хүний эрхийн газрын төлөөлөгчдөд Сонгуулийн ерөнхий хорооны дарга уулзалтын эхэнд талархал илэрхийлэв.
Энэ удаагийн уулзалтаар сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт, улс төрийн болон сонгуулийн сурталчилгааны санхүүжилт, зөрчил, маргааны шийдвэрлэлт, нэр дэвшигчдийн бүртгэл, цахим сурталчилгаанд тавих хяналт, сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт, бусад төрийн байгууллагын оролцоо, технологийн ашиглалт, хэвлэл мэдээлэл, хууль эрх зүйн шинэчлэгдсэн зохицуулалттай холбоотой мэдээлэл солилцсон юм.
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар төлөвлөн хороо байгуулжээ.
Сонгууль ажиглах хороо Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа албан ёсоор нээсэн байна. Үндсэн багийн гишүүд болох 11 шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн тус төлөөлөгчийн газрыг Элчин Сайд Женнифер Браш удирдах аж. Түүнчлэн тэргүүн дэд даргаар Бүгд Найрамдах Серби Улсаас Ранко Вучэвик, улс төрийн шинжээчээр Унгар улсаас Жулиа Манчин, хуулийн шинжээчээр Бүгд Найрамдах Грек Улсаас Мариана Скопа, Бүгд Найрамдах Болгар Улсаас Ваня Ангуэлова, хэвлэл мэдээллийн шинжээчээр Бүгд Найрамдах Словак Улсаас Иван Годарски нар ажиллахаар ирснийг танилцууллаа.
Ардчилсан институт хүний эрхийн газраас тавдугаар сарын 28-аас эхлэн аймгуудаар урт хугацааны ажиглагчдыг томилж ажиллуулах аж. Түүнчлэн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнө 250 ажиглагчийг богино хугацаагаар ирүүлж ажиллуулахаар гишүүн орнуудад хүсэлт явуулснаа багийн ахлагч мэдээлэв.
Сонгууль ажиглах хорооны ажиглагчид ажиглагчид нийслэл, орон нутаг дахь сонгуулийн үйл явцыг ажиглан олон улсын шаардлага, ардчилсан сонгуулийн зарчим, үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тайлан бэлтгэж, дүгнэлт, зөвлөмж өгнө.
Ардчилсан институт хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хороо нь сонгуулийн үйл ажиллагааг эрх зүйн орчин, зохион байгуулалт зэрэг өргөн утгаар ажиглахаас санал авах байруудын бэлтгэл ажил, санал авах өдрийн нээлт, санал хураалт, санал тооллогын үйл явц, хяналтын тооллогыг ажиглана. Сонгуулийн дараагийн өдөр урьдчилсан тайлангаа танилцуулж, сонгуулийн үйл явцыг бүхэлд нь үнэлсэн урьдчилсан тайланг зөвлөмжийн хамт сонгуулийн үйл явц дууссанаас хойш хоёр сарын дараа нийтлэх аж.