УИХ

2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.17/ хуралдаан 09 цаг 45 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас  2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Төслийн танилцуулгад, Эдийн засгийн өсөлт 2025 онд эрчимжиж, 8.0 орчим хувьд хүрэх хүлээлттэй байна. Үүнд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхжихээр байгаа нь голлон нөлөөлөхөөр байна. Цаашид, Оюутолгойн гүний уурхайн эрдсийн өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэл болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж, худалдааны түнш улс орнуудтай хийж буй худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд хөрөнгө оруулалт, экспорт тогтвортой өссөнөөр 2026, 2027 онуудад эдийн засгийн өсөлт 6.5 хувь орчимд байхаар байна гэж дурдсан байлаа.

Мөн эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, өрхүүдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд инфляцыг бууруулж, 2025 онд 6 хувь, 2026 онд 4 хувь, 2027 онд 3 орчим хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх, төсвийн алдагдлыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэж танилцуулгад дурджээ.

Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсрууллаа. Тухайлбал:

Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон. 

Тэнцвэржүүлсэн тэнцэл: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2025 оны төсвийн жилээс эхлэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2025 онд -2.0 хувь, 2026 онд -1.5 хувь, 2027 онд -1.0 хувьтай тус тус тэнцэж байгаа нь хуулийн шаардлагыг хангаж байна. 

Зарлагын өсөлт: Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь уул уурхайн бус салбарын өсөлт болон өмнөх 12 жилийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байна гэж заасан.  Төсвийн нийт зарлага 2025 онд 14.4 хувиар, 2026 онд 7.1 хувиар, 2027 онд 6.3 хувиар өсөхөөр төсөөлсөн нь тусгай шаардлагыг хангаж байна. 

Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг 2025 онд 50 хувь, 2026 онд 45 хувь, 2027 онд 40 хувь болгон бууруулахаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан 2024 оны төсвийн жилээс эхлэн Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл 60 хувиас хэтрүүлэхгүй гэсэн хуулийн шаардлагыг хангасан гэж танилцуулгад дурдсан байлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2025 оны төсвийн зарлагын хязгаар, 2026-2027 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөлөл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх юм гэж төсөл санаачлагчид үзжээ.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр хуулийн төслийн талаарх  санал, дүгнэлтээ танилцуулсан. Тэрбээр, өргөн барьсан төсөлд бидний өнгөрсөн удаад өгсөн тооцоолол, нөхцөл байдалтай төдийлөн нийцэхгүй байгаа зарим үзүүлэлтүүд байгааг онцолсон. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг 2025 онд 8 хувь, нүүрсний экспортыг 2024 онд 78 саяд хүргэнэ гэсэн нь нэлээн өөдрөг төсөөлөл болжээ. Дэлхийн эдийн засгийн болон бүс нутгийн нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна. Бидний авсан судалгаа, тооцоолол, мэдээллээс үзэх юм бол Хятад улсын нийт нүүрсний экспорт 2023 онд  474 сая тонн, үүнээс коксжих нүүрс нь 103 сая тонн байгаа.

Коксжих нүүрсний хэрэглээ цаашдаа өсөх эсэхийг судлахаар төдийлөн өсөх хандлага харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, бидний одоо нийлүүлж байгаа 70 орчим сая тонн нүүрс цаашдаа өсөх орон зай бага байна. Нөгөө талаар, Монгол Улстай ижил төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа Австрали улс ирэх онуудад нүүрсний экспортоо 20-25 сая тонн, ОХУ мөн 20 сая тонн коксжих нүүрсийг Хятад улсын зах зээлд нийлүүлэх дэд бүтцийн нөхцөл бүрдсэн байна. Монгол Улсын нийлүүлж зах зээл нь БНХАУ-ын ӨМӨЗО тул уг асуудлыг анхааралтай судалж үзэх нь зүйтэй гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.

Мөн тэрбээр, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн алдагдлын хязгаар хуульд нийцсэн төдийгүй төсвийн дотоодны нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ зохистой түвшинд  байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.  

Дараа нь Засгийн газраас 202 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  

Хууль санаачлагчийн илтгэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Х.Булгантуяа танилцуулав. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа дотоодын түүхий эдэд тулгуурласан Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалт 16 хувь, үйлдвэр тос дамжуулах хоолойны угсралтын ажил 39 хувийн гүйцэтгэлтэй байна. Үйлдвэрийн түүхий эдийн хангамжийн асуудалд Улсын Их Хурал, Засгийн газраас онцгойлон анхаарч Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 266 дугаар тогтоолын Газрын тосны хайгуулын Давст XXXI талбайг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨК-д олгосон бөгөөд уг талбайг өмнө хийсэн хайгуул, судалгааны ажлын анхдагч мэдээлэл геологи, геофизикийн өгөгдөл тайлал хийж газрын тосны хэтийн төлөвлөлт урьдчилсан байдлаар үнэлгээ хийн ажиллаж байгааг сайд танилцуулгадаа дурдлаа.

Мөн Монгол Улсын газрын тосны олборлолт 2015 онд 1.2 сая орчим тонн хүрч байсан бол сүүлийн жилүүдэд олборлолтын хэмжээ эрс буурч 2023 онд 600 орчим мянган тонн газрын тос олборлосон. Голлох олборлолт хийж буй Тамсаг, Тосон уулын ордын жилийн олборлолтын хэмжээ 700-400 мянган тонн хүртэл буурах төлөвлөлттэй байгаа нь үйлдвэр ашиглалтад орох үед түүхий эдийн тогтвортой хангамжид эрсдэл үүсэх нөхцөл байдалтай байна. Газрын тосны хайгуул, олборлолт нь хөрөнгө оруулалтын зардал ихээхэн шаарддаг эрсдэл өндөртэй үйл ажиллагаа бөгөөд газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамжийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн зүгээс Давст XXXI талбайд хөрөнгө оруулж хамтран ажиллах тухай урилгыг олон улсын 50 гаруй компанид хүргүүлсэн боловч санал ирүүлээгүй гэж байлаа.  

Түүнчлэн тэрбээр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.1-т албан татвар төлөгчийн дараах орлогын албан татвараас чөлөөлнө. 21.1.4-т газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт ноогдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон энэ хуулийн 18.6.20, 20.1-д заасан орлого гэж тус тус заасан байдаг. Хуульд нийцүүлэн Засгийн газраас олгосон Давст XXXI талбайд хөрөнгө оруулалт хийж, газрын тосны хайгуул ашиглалтад газрын тос боловсруулах үйлдвэр ТӨК-тай хамтран ажиллах хөрөнгө оруулагч компанийг Монгол Улсад бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгжүүдийн нэгэн адил ААНОАТ-аас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх бодит шаардлага тулгарч байна гэв.

Хуулийн төсөл батлагдсанаар Давст XXXI талбайд хөрөнгө оруулагчтай хамтран хайгуулын ажлыг эрчимтэй явуулж газрын тосны нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, улмаар газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн тодорхой хэсгийг өөрийн олборлосон газрын тосоор хангахад томоохон дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил нь эрчимжсэн энэ үед үндсэн бүтээгдэхүүн нь багасах шалтгаан нөхцөлийг тодрлуусан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал баталгаат нөөцөө нэмэгдүүлэх асуудал чухал байгааг тодотгоод түүхий эд, бүтээгдэхүүний хэмжээ буураад байгаагийн шалтгааныг тогтоох шаардлагатай гэж байлаа.

Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариултдаа, “Газрын тосны олборлолт буурсан нь олборлолт явуулж буй компанийн үйл ажиллагаатай холбоотой. Тухайлбал, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тус компани орон нутагтайгаа ойлголцохгүй, цаашлаад олон нийтийн зүгээс эсэргүүцэж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөх зэрэг ийм үйлдлүүд нэлээн нөлөөлж байна.” гэв.

Мөн тэрбээр, “Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх асуудлаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Богино хугацаанд ойлголцохоор шийдэлд хүрсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн хуваах гэрээндээ өөрчлөлт, шинэчлэлтийг хийхээр тохирсон. Энэ асуудал удахгүй шийдэгдвэл олборлолтын цар хэмжээ хэвийн голдиролдоо орно. Хуулийн төсөл нь газрын тосны олборлолттой хамааралгүй, харин ч нэмэгдүүлэхэд чиглэсэн” гэж байлаа.  

Ингээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэв. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Хуралдаан УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүнээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Уг хуулийн төслийн талаар эрх зүйн дүгнэлт гаргуулахаар Төсвийн байнгын хорооны 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд энэ талаарх дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Б.Болдбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Эрх зүйн дүгнэлт гаргахдаа Гаалийн тариф гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль бусад хуультай нийцэж байгаа эсэх талаар дүн шинжилгээ хийх тухай Төсвийн байнгын хорооноос өгсөн чиглэлийг үндэслэл болгосныг тодотгов.

Уг дүгнэлтэд “Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа түүхий эд үндсэн ба туслах материалыг гаалийн албан татвараас чөлөөлөхтэй холбогдсон харилцааг Гаалийн тариф гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах хэлбэрээр зохицуулах нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байна. Харин хуулийн төсөлд зөвхөн оёмол бүтээгдэхүүнийг хамааруулсан нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгт нөлөөлөх эсэх уг хуулиар зохицуулах харилцааг бүрэн хамарч байгаа эсэхийг сайтар нягтлах шаардлагатай байна.

Хууль хоорондын нийцлийг хангах, давхардал зөрчлийг арилгах үүднээс “Гаалийн тариф гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, 2005 онд баталсан Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөх нь зүйтэй. Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйл Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал”-д заасан хууль зүйн техникийн шаардлагад нийцүүлэх нь зүйтэй” гэжээ. 

Үргэлжлүүлэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нар ажилласныг дурдаад хуулийн төслийн талаар эрх зүйн дүгнэлтэд дурдсанчлан хууль хоорондын нийцлийг хангах зорилгоор “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөлтэй хамт батлуулах “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж батлуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн гэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дүгээр зүйлд Улсын Их Хурлаас 2005 онд баталсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох тухай” хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд 2024 оны 10 дугаар сарын 01-ний дотор өргөн мэдүүлэх, мөн төслийн 2 дугаар зүйлд Монгол Улсын нэгдэн орсон “Сүлжмэл, нэхмэл эдлэл болон оёмол бүтээгдэхүүний тухай” хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн /с/-д “ … сүлжмэл эдлэл болон оёмол бүтээгдэхүүний салбар нь бүхэлдээ 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нэгтгэгдсэн байх бөгөөд мөрдөж байсан бүх хязгаарлалтыг энэхүү хэлэлцээрийн дагуу арилгах …” гэж заасантай нийцүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас 2008 онд баталсан “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд 2024 оны 10 дугаар сарын 01-ний дотор өргөн мэдүүлэх чиглэл өгсөн гэдгийг танилцуулгад дурдсан байлаа.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39-10-т заасныг баримтлан Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.     

Дараа нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүнээс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн  Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс гаргасан саналыг нэмж тусгасан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн  Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close