Эдийн засагОнцлохОрон нутагЭрүүл мэнд

Органик гэдэг нь зөвхөн эрүүл аюулгүй хүнсээр хязгаарлагдахгүй байгаль орчинд ээлтэй байхыг хэлнэ

-“Органик шошго”- той бүтээгдэхүүнээр Хөвсгөл аймаг тэргүүлж байна

Нөөшилсөн загас, жимсний чанамал, “Тайга”, “Хөвсгөл” цай араасаа олон “дүү” дагуулжээ. Чацаргана, аньсны цэлцгэнүүр, борц, таван цулын бэлэн хоол, хоолны бэлэн хачир, олон үртэй, самартай талх гээд жагсаачхаж Хөвсгөлийнхөн. Эдгээр нь органик шошгын болзол хангасан, хангах гэж буй бүтээгдэхүүнүүдийн хэсэг нь.  …

Хөвсгөл аймгийн  бизнес эрхлэгчдийн “Хөвсгөл Органик” нэгдсэн зөвлөгөөн 04 сарын 23, 24-нд болж, 350 гаруй бизнес эрхлэгч туршлагаа хуваалцан, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, “Органик шошго” той бүтээгдэхүүнүүдээ таниулан сурталчиллаа. 

Тус аймаг 2023 онд 6,2 сая толгой мал тоолуулж улсдаа тэргүүлсэн, сүүлийн нэг жилд малчин өрх 300-аар нэмэгдэн 19 500-д хүрсэн, нийт 33 000 гаруй малчин 6 хошуу мал маллан амьдарч байгаа, ХАА-н үйлдвэрлэл голлосон, уул уурхайн үйлдвэргүй гээд онцлогтой аймаг.  

Хөвсгөл аймаг жилдээ хөдөө аж ахуйн гаралтай 422 тэрбум төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээс зөвхөн мах нийлүүлэлтээр 1.8 сая 240 тэрбум төгрөгийн орлого олж байна. Органик хүнс үйлдвэрлэлээ өргөжүүлж, ОУ-ын зах зээлд гаргах зорилттой ажиллаж байгаагаа үйлдвэрлэгчид зөвлөгөөний үеэр танилцууллаа. Аймгийн Засаг дарга П.Лхагважав“Хөвсгөл Органик” зөвөлгөөн нээж хэлсэн үгэндээ “…Органик Хөвсгөл”, “Рэнчинлхүмбэ Органик” хамтын баталгаажуулалтын байгууллага бий болж  “Шишгэд цай”, “Дархад цай”, “Байгалийн нэрс”, “Аньс”, “Цөцгий” зэрэг 15 бүтээгдэхүүнийг баталгаажууллаа. Цаашид энэ салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийн тулд зөв гарц, гаргалаа, хамтын шийдвэр чухал” гээд зөвлөгөөнөөс гарсан санал хүсэлтийг бодлого үйл ажиллагаандаа тусган ажиллахаа мэдэгдсэн.  

Улсын хэмжээнд “Органик шошго” авсан 700 гаруй бүтээгдэхүүн байгаагийн ихэнх нь Улаанбаатар хотынх. Аймгуудаас Хөвсгөл аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид санаачилгатай ажиллаж “Органик шошиг” ын болзлыг сайн хангаж байна. Одоогоор 20 шахам бүтээгдэхүүн болзлоо хангаад байна” гэж хянан баталгаажуулалтын “SS” компанийн Баталгаажуулалтын зөвлөх Л.Тунгалаг ярилаа.

Цаашид “Шинэ сэргэлтийн бодлого”ийн хот хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд салбарын хөгжлийг чиглүүлж, хүнсний ногоо, мах боловсруулах үйлдвэр байгуулах аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлыг байрыг нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллаж байгаагаа аймгийн удирдлагууд танилцууллаа.  

“Хөвсгөл органик”  бизнес эрхлэгчдийн нэгдсэн  зөвлөгөөнөөр салбартаа үр бүтээлтэй ажилласан Эрдэнэбулган, Ханх, Шинэ-Идэр,  Улаан-Уул,  Төмөрбулаг,  Цэцэрлэг,  Мөрөн,  Тариалан, Цагаан-Уул сумын үйлдвэрлэл эрхлэгч 10 төлөөлөл хөдөө аж тасгийн мэргэжилтнүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн Үйлдвэрийн болоод үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа.

ХХААХҮЯ-ны ХХҮҮХ-ийн дарга О.Онон: “Органик  үйлдвэрлэлийг худалдан авалтаар дэмжих нь чухал”

2016 оноос хэрэгжиж байгаа “Органик хүнсний тухай хууль”, бусад тушаал шийдвэрүүдэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зохицуулалтууд нарийн тусгагдсан. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард дээрх хуулийг шинэчлэн баталсан. 2025 оноос хэрэгжинэ.

Үүнд Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, урамшуулах эрх зүйн зохицуулалтуудыг тусгасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж байгаа УИХ–ын тогтоол хэрэгжиж байна. Энэ хүрээнд газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн гээд хүнсний сүлжээнд хөнгөлөлттэй зээлүүдийн дэмжлэгийг үзүүлж байна. 2023 онд Хөвсгөл аймгийн 60 гаруй ААН 8,8 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээл 2024 онд үргэлжилнэ.

Органик гэдэг нь зөвхөн эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэх гэдэг агуулга дээр яригдах зүйл биш. Байгаль орчинд ээлтэй, байгалийн баялгийг хадгалах, хамгаалах үр дүнтэй үйлдвэрлэлийн чиглэл, хэрэглээний гол хандлага болж байна. Энэ үйлдвэрлэлийг худалдан авалтаар дэмжих, хэрэглэгчдийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх тал дээр давхар анхаарч, тогтвортой хөгжүүлэх шаардлагатай байна.” 

Хөвсгөл аймгийн ХХААГ-ын дарга Я.Эрхэмбаяр: “Хөвсгөл аймагт органик баталгаажуулалт хийдэг гурван компани бий”

“Хөвсгөл аймаг аялал жуучлалын эко бүс нутаг учраас бүтээгдэхүүн нь эрүүл чанартай байх ёстой. Бидний хэрэглэгчдэд баталгаатай хүнс нийлүүлэх хамгийн том суурь нь энэ. Одоогоор органик баталгаажуулалтыг хийх эрх авсан гурван компани бий. Цаашид Хөвсгөл аймгийн олон ААН, компаниуд авахаар зорьж ажиллаж байна.

Тухайлбал “Цагаан уул” үүлдрийн хонины органик махны баталгаажуулалтыг  хийлээ. “Хөх сувд” жимсний цех бүтээгдэхүүнүүддээ баталгаажуулалт хийлгээд, дотоодын зах зээлд өргөнөөр худалдаалж байна. Мөн ноолууран бүтээгдэхүүн дээр органик баталгаажуулалтыг хийгээд байна. Мөшгөн мөрдөх тогтолцоогоор QR код уншуулж Доржийнхоос гарсан ноолуураар сүлжсэн органик бүтээгдэхүүн мөн байна гэдгийг баталгаажуулж байгаа гэж ойлгож болно.  

 Ренчинлхүмбэ суманд гэхэд баталгаажуулалтын зургаан баг ажиллаж байна. Эдгээр баг “Дархад”, “Шишгэт” цайнд хамтын баталгаажуулалт хийгээд хөндлөнгийн баталгаажуулалт буюу мэргэжлийн байгууллагаар органик болохоо батлуулна. Ийм байдлаар олон найдвартай органик бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэхээр хамтдаа зорьж ажиллаж байна.  

“Хөвсгөл далай ээж нийгэмлэг”-ийн тэргүүн, биологийн ухааны доктор Ж.Оюунмаа: “Дэлхийн шим мандлын дархан газарт амьдардаг бидэнд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурь нь бий”

Манай аймгийн нийт газар нутгийн 13 хувь нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Үүнээс гадна 50 дахь өргөргөөс урагш, хойших гээд орон нутгийн хамгаалалтад 100 хувь авсан, 2022 оны байдлаар Дэлхийн шим мандлын дархан газар хэмээн Хөвсгөл далайг тойрсон газруудыг хамгаалалтад авсан, дээр нь уул уурхайгүй аймаг.

Үүнийг онцлохын учир Хөвсгөл нуурыг тэжээж байгаа  бүх гол горхи, булаг шандны ус, Дархадын хотгор гэж ярьдаг  Шишгэт голыг тэжээж байгаа голуудын ундарга нь байгалиасаа, хөрснөөсөө ундардаг. Энэ голууд малаас өөр ямар ч нөлөөгүйгээр хойд мөсөн далайн ай савын бүх голуудыг, Байгаль нуурыг тэжээж байдаг.

Тэгэхээр ус нь цэвэр, хөрс нь цэвэр, ургамал нь цэвэр гэсэн үг. Ийм цэвэр ургамлыг идэж, усаар ундаалж байгаа малын мах, сүү цэвэр байхаас аргагүй. Малын ашиг шимээс бүтэж байгаа бусад бүтээгдэхүүнүүд бүгд цэвэр. Мөн энэ сайхан байгальд ургаж байгаа мод, өвс ургамал, жимс ногоо нь цэвэр учраас түүгээр хийж байгаа хүнсний бүтээгдэхүүн, мод модон бүтээгдэхүүн мөн цэвэр эко. Үүнийг би байгалиас гарч байгаа агуулгаар нь хэлж байгаа юм. Тиймээс энэ эрүүл аюулгүй цэвэр бүтээгдэхүүнээ идэж, ууж хэрэглэж байгаа иргэд нь өөрсдөө эрүүл чийрэг байх ёстой.

Үүнээс гадна би үнэт зүйл болсон энэ байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлийн процесст оруулаад, чанар стандартаар нь давхар баталгаажуулаад, зах зээлд нийлүүлэхэд иргэд, ААН-үүд маш сайн анхаарч, цаашид хэрхэн өргөн хүрээнд хөгжүүлэх вэ гэдэгт хамтраад санаачлага гаргаж ажиллаж байгаад баяртай байна. Энэ бидний бусдаасаа ялгарах, ондооших бас нэгэн давуу тал юм.   

Дэлхий нийт органик, эрүүл аюулгүй гэдэг хандлага, агуулга руу анхаарч байхад дэлхийн шим мандлын дархан газарт байгаа Хөвсгөлийн органик бүтээгдэхүүнүүд органик бүтээгдэхүүний шошго баталгаажуулалтаа хийлгээд, стандарт шаардлагуудаа сайжруулаад явах нь чухал юм. Энэ бүхэнд үйлдвэрлэгч,  иргэдээ сургах, соён гэгээрүүлэх, мэдлэг ойлголтыг нь тэлэхэд түлхүү анхаарч ажиллаж байна. 

“Дэлгэрэх шимт хөрс” хоршооны гишүүн Б.Пүрэвтуяа: “Таван цулын бэлэн хоол эрэлт ихтэй байна”  

Манай хоршоо бүх төрлийн нарийн, бүдүүн ногооны тариалалт эрхэлдэг 20 гаруй гишүүнтэй.  Би таван жилийн өмнө хоршоондоо гишүүнээр элсэж орсон. Энэ хугацаандаа 10 гаруй төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, нарийн ногооны өвөл зуны хүлэмжийн тариалалт эрхэлдэг боллоо.

Цагаан манжингийн хачир, хүрэн манжингийн тосон дармал, кэйл байцайны хатаамал, гишүүнэгний чанамал, таван цулын бэлэн хоол, хүч тамирын шөл гэх зэрэг онцлог бүтээгдэхүүнүүдээрээ энэ үзэсгэлэн худалдаанд оролцож байна.

Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хоол хүнсэндээ ямар ч хаягдалгүйгээр хэрэглэх боломжтой. Кэйл байцайны нунтаг хатаамал гэхэд хүний биед хэрэгцээтэй маш олон төрлийн шим тэжээл, амин дэмийг агуулдаг. Хэрэглэхдээ буцалсан усанд цай шиг хутгаад ууж болно, хоолондоо цацаад идэх ч боломжтой. Таван цулын бэлэн хоол эрэлт ихтэй бүтээгдэхүүн болж байна. Будаатай, гурилтай гэх сонголттой. Ядаргаа тайлдаг шим тэжээл өндөртэй сайхан хоол болдог.

Бид бүтээгдэхүүнийхээ органик чанар стандартыг хангахын тулд мэргэжлийн хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагаас сургалт зөвлөгөө авч ажилладаг.

“SS” компанийн Баталгаажуулалтын зөвлөх Л.Тунгалаг: “Малчид, тариаланч, үйлдвэрлэгч хэрэглэгч гээд бүх талын мэдлэг чухал

Хүнсний үйлдвэр, худалдааны салбарын бүтээгдэхүүн органик байхын тулд анхан шатнаасаа буюу түүхий эдээсээ эхлээд химийн найрлагагүй байгалийн гаралтай байх хэрэгцээ үүсэж байна. Үүнийг малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид бүгд мэддэг байх нь чухал. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүн органик гэсэн шошготой худалдаанд нэвтрэх боломжтой.

Органик хүнс, үйлдвэрлэл ярьж эхэлсэн сүүлийн 10 орчим жилд бид анхдагч түүхий эдийн талаар нэлээн ярьж ойлголттой болсон. Одоо үйлдвэрлэлийн шатанд ярьж зөвлөн тусалж мэргэжлийн байгууллагууд оролцож байна. Малчдаас эхлээд үйлдвэрлэгчид хүртэл бүтээгдэхүүнээ органик болгохыг бүгд хүсч байна. Хэрэглэгч үйлдвэрлэгчийг холбох дундын худалдааны байгууллагууд органик хүнсний ач тусыг мэддэг, худалдан авагчдад таниулах хэрэгцээ байна. Ингэвэл хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ худалдаалж чадна. Мөн органик бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг зорьж байгаа үйлдвэрлэгчид гаднын орны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргачлалтай танилцаж, үйлдвэрлэлийн явцаас үзэж өөрийн орон нутагтаа нутагшуулах боломжууд бий.  

ЗАРИМ ТООН МЭДЭЭЛЭЛ:

  • Хөвсгөл аймгийн хүнсний үйлдвэрлэлийн  80 гаруй хувийг талх, нарийн боов /54 %/ сүү сүүн бүтээгдэхүүн, мах боловсруулалт, жимс жимгэнэ үйлдвэрлэл, цайны үйлдвэрлэл эзэлдэг.
  • 2023 онд ЖДҮДС-аас 12 төсөлд 1,6 тэрбум төгрөг, Хөвсгөл аймгийн 68 аж ахуйн нэгж ХХААҮ-ийг дэмжих чиглэлээр 8,8 тэрбум төгрөгийн зээл авчээ.  
  • 2023 онд “Органик мах Хөвсгөл экспо-2023” өдөрлөгөөр 1 тэрбум төгрөгийн боруулалт хийсэн байна.   
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close