Хууль эрх зүй

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан үйлдлийг илрүүлжээ

Улсын хэмжээнд 2024 оны эхний 03 сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 680 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үеэс 21 буюу 3.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нийт 146 үйлдэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 11.5 хувиар өсч, хэргийн илрүүлэлт 41.4 хувьтай байна.

Бүртгэгдсэн 146 хэргийн 126 буюу 86.3 хувь нь орон нутагт, 20 буюу 13.7 хувь нь нийслэлд бүртгэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад орон нутагт бүртгэгдсэн хэрэг 20 буюу 18.9 хувиар өсөж, нийслэлд бүртгэгдсэн хэрэг 5 буюу 20.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бүртгэгдсэн зүйл ангиар авч үзвэл, 70 буюу 47.9 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 37 буюу 25.3 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 26 буюу 17.8 хувийг хууль бусаар ан агнах, 6 буюу 4.1 хувь нь байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, 4 буюу 2.7 хувь нь химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах, 3 буюу 2.1 хувь нь байгаль орчныг бохирдуулах, гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг байршлаар харуулбал Архангай аймагт 4, Баян-Өлгий 2, Булган 12, Баянхонгор 4, Говь-Алтай 1, Говьсүмбэр 1, Дархан 4, Дорнод 4, Завхан 5, Хөвсгөл 16, Хэнтий 2, Сэлэнгэ 35, Орхон 1, Төв 9, Өвөрхангай 4, Өмнөговь 2, Улаанбаатар хотод 20 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

Тус албанаас Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хяналт шалгалтаар нийт 839 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлснээс гэмт хэргийн шинжтэй 27, зөрчлийн шинжтэй 686 бүртгэгдсэний дийлэнх хувийг хууль бус ангийн гаралтай түүхий эд, эд эрхтэн тэр дундаа хууль бусаар агнасан тарвага тээвэрлсэн 329 зөрчил эзэлж байгаа бөгөөд Хөвсгөл, Ховд, Завхан аймгуудаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдээс хамгийн их илэрч байна.

Онцлог хэргийн талаар

Тус албанаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллан 5 байршилд, нэр бүхий этгээдүүд нь бүлэг зохион байгуулалтад орж хууль бусаар ашигт малтмал олборлож байсан үйлдлийг илрүүлэн, дунд оврын техник хэрэгсэл очих боломжгүй гол ус, бартаа саадтай уулын мод, ухагдсан нүхэн дунд нууж байршуулсан эзэмшигч тодорхойгүй 35 техник хэрэгсэл /экскаватор/-ийн талаар мэдээлэл цуглуулан, эзэмшигч этгээдүүдийг олж тогтоон Ерөө сумын цагдаагийн тасаг дээр ирүүлэн уулзалт хийн Бугант тосгоны төвд татан байрлуулах зохион байгуулалтын арга хэмжээг авсан.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд хяналт шалгалт зохион байгуулж, мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 9 аж ахуй нэгж нь хууль бусаар мод бэлтгэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн 29 зил 131 маркын автомашинтай 350м куб орчим модыг эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Нөхөн сэргээлтийн талаар

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Монгол улсын шадар, Байгаль орчин, аялал жуулчлалын, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын  хамтран баталсан тушаалаар “Нөхөн сэргээлт 2024” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Уул уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн 27857 га талбайг тогтоож, эзэнгүй орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилт тавин ажилласнаар 2023 оны жилийн эцсийн байдлаар 6113 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд биелэлт 76.4 хувьтай байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр

Хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах ажилд иргэн бүр идэвх санаачилгатай оролцох соёлыг төлөвшүүлэх, бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эх орноо хамгаалдаг, нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дэлхийн байгаль хамгаалах сан болон бусад олон төрийн болон төрийн бус байгууллагтай хамтран “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг Энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Улсын хэмжээнд зохион байгуулж эхлээд байна. Энэ арга хэмжээ энэ ны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугцааанд зохион байгуулах юм.

ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close