УИХ

ХЗБХ: Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.03.28) хуралдаан 14 цаг 41 минутад Улсын Их Хурлын гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.

Эхлээд Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 09 дүгээр тогтоолоор дээрх ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ажилласан бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, С.Бямбацогт, Д.Пүрэвдорж, Ц.Сэргэлэн нар ажиллажээ. Олон улсын гэрээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн олон улсын гэрээгээр салбар хоорондын харилцааг зохицуулсан бол холбогдох байгууллагуудтай хамтран биелүүлнэ” гэж заасан тул ажлын хэсэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг байгуулсан гэдгийг тэрбээр танилцуулав.

Засгийн газраас 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 193 дугаар тогтоолыг баталж Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан боловсруулах журам, тайлан хариуцан боловсруулах байгууллагын хуваарийг баталсан бөгөөд нийт 30 гэрээний хэрэгжилтийг гарган тайлагнаж байхаар тусгасан байдаг. Ажлын хэсэг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, түүний II протокол, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, түүний нэмэлт протокол, Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенц, Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц, эдгээртэй холбоотой гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулж,  холбогдох үүрэг чиглэлийг авсан байна.

Мөн ажлын хэсэг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, түүний нэмэлт протокол, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, түүний протокол, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протокол, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенц, түүний 146 дугаар зөвлөмж, Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенц, Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенц, түүний 111 дүгээр зөвлөмж, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг хүүхдийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протокол, Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг хүүхдийн эрхийн тухай конвенцод оруулах нэмэлт протокол, Ажил эрхлэлтийн үйлчилгээний тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 88 дугаар конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенцын нэмэлт мэдээлэл хүргүүлэх журмын тухай III протокол, Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенц, Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц, Тамхины хяналтын тухай суурь конвенц, Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протокол, Мансууруулах эмийн тухай конвенц, Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцын хэрэгжилтийг танилцуулж холбогдох үүрэг чиглэлийг авсан гэв.

Ажлын хэсэг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц, Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенц, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээр, Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцын хэрэгжилтийг танилцуулж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн байна. Ажлын хэсэг Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын 30 гэрээний хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг гаргасан бөгөөд үүрэг, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл гарч байна гэж үзсэн болохыг мөн хуралдаанд Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулав.

Тухайлбал, үндэсний хууль тогтоомжийг олон талт олон улсын гэрээнд нийцүүлэх хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль санаачлах эрхтэй субъектүүдийн зүгээс санаачлан боловсруулсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх үед холбогдох олон улсын гэрээний зохицуулалтыг хэрхэн тусгасан талаар хянан үздэг эрх зүйн орчин дутагдалтай байна гэж зөвлөмж гаргасан. Төсөл санаачлагч хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн үзэл баримтлалд энэ талаар дурддаг хэдий ч хэрхэн судлан үзсэн талаар мэдээлэл хангалтгүй байна гэв.

Иймд Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн явцад үүнийг анхаарч үзэх шаардлагатай хэмээн ажлын хэсэг үзэж байгааг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулгадаа онцлов. Түүнчлэн олон талт олон улсын гэрээнд нэгдэн орохдоо үүсэж болох хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн, санхүүгийн үр нөлөө манай улсын хүлээх үүрэг, тэдгээрийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг урьдчилан нарийвчилж судлахгүйгээр шийдвэрлэж байгаа нь таамаглаагүй үр дагавар үүсгэх, дотоодын хууль тогтоомжтой зөрчилдөх, улмаар гэрээг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл үүсгэж байна гэв.

Төрийн захиргааны төв байгууллага уялдаа холбоо, хүний нөөцийн асуудал олон улсын гэрээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн олон улсын гэрээгээр салбар хоорондын харилцааг зохицуулсан бол холбогдох байгууллагатай хамтран биелүүлнэ” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2017 оны 193 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайланг боловсруулах, ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулах төрийн захиргааны төв байгууллагын хуваарийг баталсан.

Тус хуваарийн дагуу конвенцын хэрэгжилтийн тайланг тухайн асуудлыг хэрэглэсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан нэгтгэж Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ эрх зүйн газар хянуулан, холбогдох гэрээний хороонд хүргүүлсээр ирсэн байна. Зарим олон улсын гэрээний тухай зохицуулалт нь салбар дундын хамтын ажиллагааны үр дүнг шаарддаг бөгөөд зөвхөн нэг яам хариуцан шийдвэрлэх асуудал биш гэдгийг танилцуулгад онцлов.

Түүнчлэн олон улсын гэрээний хэрэгжилтийн тайлан боловсруулах явцад төрийн захиргааны төв байгууллага хоорондын уялдаа холбоо хангалтгүй байгаагаас шалтгаалан мэдээлэл орхигддог, тайланг дутуу бичдэг, гэрээний хэрэгжилтийн талаар тайлан хамгаалах үед гэрээний хороодод өгч байгаа мэдээлэл зөрүүтэй байх тохиолдол гардаг төдийгүй үүнээс улбаалан гэрээний хороодоос сөрөг зөвлөмж авдаг асуудал гарсаар байгааг хэлэв. Энэ нь тайлан боловсруулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, дамжуулах, нэгдсэн мэдээллийн сан бүрдээгүйтэй холбоотой гэв. Түүнчлэн гэрээний хэрэгжилтийн тайлан мэдээлэл боловсруулах чадвартай хүний нөөцийн асуудал бүх салбар яаманд дутмаг байна хэмээн танилцууллаа.

Тухайн чиг үүргийн албан хаагчдыг чадавхжуулах, тогтвортой ажиллуулах тогтолцоо сул байгаагаас шалтгаалан хариуцсан албан тушаалтнуудын гэрээний талаарх мэдлэг дутмаг байх, орчуулга болон тайлан мэдээний чанар, стандарт хангалтгүй байх, гэрээний талаарх архивын мэдээлэл хангалтгүй байх зэрэг нийтлэг дутагдал гарч байгааг Ц.Мөнх-Оргил гишүүн нэгбүрчлэн дурдав.

Үүний зэрэгцээ гэрээний хэрэгжилтийн тайлан хэлэлцүүлсэн дүн зөвлөмжийг Улсын Их Хурал, Засгийн газарт танилцуулах, биелэлтийг хангуулах шийдвэр гаргуулах механизм бүрдээгүй, салбар хоорондын шинжтэй гэрээний зөвлөмжийн биелэлтийг хэрхэн хангах талаар тодорхой зохицуулалтгүй байгаа нь олон улсын гэрээ, зөвлөмжийг нэг мөр бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж, улмаар орхигдоход хүрдэг гэлээ.

Үүнээс гадна төсөв, санхүүжилтийн асуудал Олон улсын гэрээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7-д “Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг түүнд тавигдах шаардлагад нийцүүлэн боловсруулах шаардлагатай. Хэлний орчуулах, хүргүүлэх, хамгаалах зөвлөмжийг орчуулах, хэрэгжүүлэх зардлыг энэ хуулийн 25.1-д заасан байгууллага өөрийн төсөвтөө тусган санхүүжүүлнэ” гэж, 36 дугаар зүйлийн 36.1-д “Олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, томилолтоор ажиллах, төлөөлөгчид хүлээн авах, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах, олон улсын гэрээ байгуулах, олон улсын гэрээнд нэгдэн орохтой холбоотой судалгаа хийх, хэрэгжилтийн тайлан хамгаалах, олон улсын гэрээг орчуулах, орчуулгыг хянан баталгаажуулах, олон улсын гэрээний тусгай хэвлэмэл хуудас, хавтас, үдээс, лац захиалах зардлыг тухайн олон улсын гэрээг хариуцан байгуулж байгаа төрийн захиргааны төв байгууллага санхүүжүүлнэ” гэж, Засгийн газрын 2017 оны 193 дугаар тогтоолд холбогдох тайланг боловсруулж, хэлэлцүүлэхэд шаардах хөрөнгийг жил бүр төсвийн багцаар тусган санхүүжүүлж байхыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон хэдий ч хэрэгждэггүй нь ажлын хэсгийн ажлын явцад ажиглагдсан байна. Гэрээ, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахад төсөв санхүүгийн асуудлыг давхар шийдэж байж хэрэгжих нөхцөл бүрддэг. Гэтэл төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан төлөвлөсөн ажил хэрэгждэггүй болохыг ажлын хэсгийн тайланд тэмдэглэжээ.  

Олон улсын гэрээний орчуулгын зардлыг гэрээ хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар хуульчилсны дагуу гэрээний тайлан боловсруулах, орчуулахад шаардлагатай зардлыг жил бүрийн төсөвт суулгах саналаа холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлдэг боловч улсын нэгдсэн төсөв боловсруулахад тухайн төсвийг хасдаг асуудал гарсаар байгаа аж. Үүнээс шалтгаалан ихэнх төрийн захиргааны төв байгууллага нөөц бололцоондоо тулгуурлан гэрээний орчуулга хийж ирсэн, энэ нь нэн хангалтгүй байдаг гэв. Олон улсын гэрээний зүйл, заалтыг оновчтой томьёоллоор орчуулаагүй, холбогдох нэмэлт тайлбарыг орчуулж хэвшээгүй зэргээс шалтгаалан гэрээний зүйл, заалтыг харилцан адилгүй ойлгуулах, тайлбарлах, хэрэглэх асуудал практикт гардаг талаар дурдсан.

Төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан нэгдэн орсон гэрээний талаарх мэдээлэл ойлголтыг иргэд, олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг хангалттай хийхгүй байгаагаас үүдэн иргэд энэ талаарх мэдлэг ойлголтыг бий болгож чадахгүй байгааг мөн тэмдэглэлээ. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан ажлын хэсэг хэд хэдэн асуудлыг тусгасан Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан Байнгын хороонд танилцуулж байгааг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан.

“Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх, тайлагнах, хэлэлцүүлэх, хяналт, шинжилгээ хийх, хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний дагуу Арьс үндсээр алагчлах үзлийг устгах хороо, Эрүү шүүлтийн эсрэг хороо, Хүчээр алга болгохын эсрэг хорооны гомдол, мэдээлэл хүлээн авч, шийдвэрлэх эрх хэмжээг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг холбогдох гэрээний хороонд хүргүүлэхийг Засгийн газарт даалгахаар; Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилт хариуцах төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл дамжуулах, солилцох цахим мэдээллийн нэгдсэн санг бий болгохыг үүрэг болгохоот төсөлд тусгасан байна.

Монгол Улсын олон талт олон улсын гэрээ болон холбогдох тайлбаруудыг орчуулж, хэвлэн нийтлэх, олон улсын гэрээний хэрэгжилт хариуцсан төрийн албан хаагчдыг чадавхижуулах, олон улсын гэрээний талаарх иргэдийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын гэрээний зүйл, заалтын практик хэрэглээг бий болгох зорилгоор хуульчдад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулах, гэрээний хэрэгжилтийг тайлагнахад шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгуулах арга хэмжээ авахыг; Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний дагуу энэ тогтоолын хавсралтад дурдсан хуульд өөрчлөлт оруулах болон анхдагч хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахын зэрэгцээ энэ дагуу тусгайлсан хавсралт бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асууж, Ц.Мөнх-Оргил гишүүнээс хариулт авав. Эрүүдэн шүүх, хүчээр мэдүүлэг авах гэх зэргээр хууль бусаар мэдүүлэг бүрдүүлэхтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх асуултад Ц.Мөнх-Оргил гишүүн хариулахдаа “Монгол Улс нэгдэн орсон олон талт 255 гэрээ, конвенц байгаа юм. Эдгээрээс дээрх 30 конвенцын хэрэгжилтийн талаарх тайланг тогтмол олон улсын байгууллагад хүргүүлж, тухайн конвенцын хороод, экспертүүдээс бүрдсэн хороод манай тайланг хэлэлцээд шүүмжлэл, санал, зөвлөмж өгдөг.

Тэр дундаас Арьс үндсээр алагчлах үзлийг устгах хороо, Эрүү шүүлтийн эсрэг хороо, Хүчээр алга болгохын эсрэг хороонд Монгол Улсын иргэд гомдол гаргах, энэ дагуу гаргасан шийдвэрийг нь Монгол Улсын Засгийн хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлдэг бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрмөөр байгаа юм. Энэхүү бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөөгүй учраас Монгол Улсын иргэдээс дээрх олон улсын байгууллагад хүргүүлсэн хүсэлтүүд хэлэлцэх бололцоогүй болчихдог. Мөн Эрүү шүүлтийн эсрэг хорооны бүрэн эрхийг Монгол Улс хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэ асуудал олон улсын жишгээрээ шийдэгдэх боломж бүрдэнэ” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах ажлыг төрөөс авч хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн хүмүүст ямар арга хэмжээ авах талаар, төрийн тусгай албан хаагчдын үйлдсэн эрүү шүүлт, зүй бус үйлдлийг хэрхэн мөрдөн шалгах талаар тодруулсан Б.Энх-Амгалан гишүүний асуултад хариулт өгсөн. Дотоодын хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцтой зөрчилдөх тохиолдолд олон улсын гэрээ, конвенцоо баримтлах зохицуулалттай, шүүх дээр ийм тохиолдол гардаг эсэхийг Д.Цогтбаатар гишүүн тодрууллаа.

Сүүлийн 5-6 жилд л шүүхүүд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын заалтуудыг эш татан хэрэг шийддэг практик тогтож байгаа, тиймээс Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын албан ёсны орчуулга, хэвлэлтийн асуудал нэн чухал гэдэг хариултыг Ц.Мөнх-Оргил гишүүн өгсөн.

Улсын Их Хурал аливаа олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орохыг соёрхон батлахад Монгол Улс тэр гэрээ, конвенцын дагуу олон улсын хуулийн өмнө хариуцлага хүлээж эхэлдэг. Тэгэхээр тэдгээрийн албан ёсны орчуулга, хэвлэлтийн асуудалд Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарч ажиллах нь зохистой гэдэг байр суурийг Д.Цогтбаатар гишүүн илэрхийлээд “Энэ нь цаашлаад иргэд, олон нийтийн эрх ашгийг хангах, хамгаалах асуудалтай холбогдоно” хэмээн тодотгов.

Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлттэй танилцлав.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Ц.Мөнх-Оргил гишүүний танилцуулсан төслийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм. Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналаар мөн санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 80 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close