Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Малын угаалгын ажил орон даяар явагдаж байна

“Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ дагуу малын паразит, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, малыг эрүүлжүүлэх зорилготой малын угаалгын ажил орон даяар явагдаж байна.

Мал, амьтны аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах улмаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, экспортыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын өмнөө тавьсан зорилт. Уг зорилтыг биелүүлэх хүрээнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг орон нутагт ажиллаж, малын угаалгын ажилтай биечлэн танилцсан юм.

Малыг тогтмол угааж, эрүүлжүүлснээр мал давжаарах эрсдэлээс бүрэн сэргийлж, арьс шир, ноос ноолуур зэрэг малын гаралтай түүхий эдийн чанар, гарц дээшилдэг. Тодруулбал, малын арьсны 70 хувь нь чанарын шаардлага хангахгүй байгаа өнөөгийн нөхцөлд малыг угааж буюу креолинжүүлснээр арьсны гэмтэл үгүй болж, арьсны чанар нь 1-3 зэрэглэлээр дээшлэх бүрэн боломжтой юм. Мөн паразит болон шимэгч чанарын өвчнүүд буурч, малын тарга тэвээрэг 20-30 хувиар нэмэгддэг. Энэ нь эргээд хүнсний аюулгүй байдал хангагдаж, малын гаралтай түүхий эд, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн асар том ач холбогдолтой юм.

Нөгөөтэйгүүр хээрийн аргаар малыг шүршиж угааснаар бүрэн гүйцэд ариутгал хийгддэггүй байна. Ялангуяа хөх ширх паразит нь малын нимгэн арьстай, дулаан, чийг сайн хадгалагддаг хэсэгт буюу хонь, ямааны нүдний зовхи, ухархай, чихний уг, эрүүний доод хонхор, суга, цавь, хэвлий, хонго, сагаг зэрэгт гол халдвар нь байдаг.

Тиймээс бог малыг 100 хувь умбуулан угааж ариутгах, зөөврийн тоног төхөөрөмжийн ашигтай загварыг малын угаалгын практикт нэвтрүүлээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу, монгол инженерийн ур ухаанаар бүтээсэн уг зөөврийн төхөөрөмж нь цагт 250-300 бог мал угаах хүчин чадалтай, малчны хотонд шууд хүрч үйлчлэх боломжтой гэдгийг “Тэгш Агь” ХХК-ийн төслийн удирдагч Ч.Халиун онцолсон юм.

Малын угаалга буюу креолинжүүлэх ажлыг зах зээлийн нийгэмд шилжихийн өмнө хавар, намрын улиралд хоёр удаа хийдэг байсан. Малыг эрүүлжүүлэх зорилготой энэхүү уламжлалт арга хэмжээг ийнхүү орчин үеийн тоног төхөөрөмжтэй уялдуулан сэргээн зохион байгуулж байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close