Эдийн засагFocusШинэ мэдээ

Финтекийн үйлчилгээ эрхлэгчид уриалга гаргав

Санхүүгийн зохицуулах хороо, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв болон Финтекийн холбоо хамтран “FINSEC” форумыг өнөөдөр зохион байгууллаа. Финтекийн экосистемд тулгарч буй кибер аюулгүй байдлын тулгамдсан сорилтуудыг төр, иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү форумд финтекийн үйлчилгээ үзүүлэгч 50 гаруй байгууллагын удирдлага, мэдээллийн аюулгүй байдал, хариуцсан ажилтнууд оролцсон юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал форумыг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ хурдацтай хөгжиж байна. Финтекийн энэхүү хөгжил Монгол Улсын санхүүгийн зах зээлд ч мөн эрчимтэй нэвтэрч буй тул төрийн бодлого гаргагчид болон зохицуулагч байгууллагууд технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн зах зээл, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, тогтвортой хөгжилд хүрэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан банк бус санхүүгийн байгууллагуудаас 55 нь финтек зээлийн үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд салбарын нийт харилцагчдын 94.1 хувьд энэ үйлчилгээг үзүүлсэн байна.

Харин даатгалын салбарт урт хугацааны даатгалын нэг, ердийн даатгалын 15 компани цахим технологи ашиглан нийт 72 төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг, сэндбоксын орчинд долоон бүтээгдэхүүнийг өдгөө ашиглаж байна.  

Цаашид ч бид санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгын хүрээнд технологид суурилсан санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр турших боломжийг бий болгох, санхүүгийн хяналт, шалгалт, зохицуулалтын үйл ажиллагаанд ректек, суптек нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Гэхдээ цахим технологийн хөгжил цаг хугацаа, орон зайг үл хамааран бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлдгээрээ хүртээмжийг нэмэгдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг ч нөгөө талаас финтекийн систем, сүлжээн дэх эмзэг байдлыг ашиглах, кибер халдлагын бай болох эрсдэл нэмэгдэж байна. Иймд кибер аюулгүй байдлын салбарт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг нягт уялдуулах санал санаачилгыг дэмжих, олон улсын ба бүс нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, зохицуулалтын стандартыг дагаж мөрдөх, олон нийтийн итгэлийг хадгалж финтекийн салбарт кибер аюулгүй байдлыг хангах  арга хэмжээ авах нь чухал ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм.

Форумын үр дүнд нийт оролцогч байгууллагууд “Кибер аюулгүй байдлын зөрчил зохицуулахтай холбоотой мэдээлэл солилцох протокол”-д нэгдээд хамтарсан уриалга гаргалаа. Тодруулбал финтек компаниуд болон хэрэглэгчдэд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд төр, хуулийн этгээд хурдан шуурхай мэдээлэл солилцож, таслан зогсоох арга хэмжээ авах, энэ тогтолцоог бүрдүүлэх, иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах хүрээнд хамтарч, дэмжиж ажиллах, финтек компаниуд аюулгүй байдлаа хангах, иргэдийн кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд нэгдэж ажиллахаа мэдэгдэж, уриалга гаргасан юм.    

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close