СЗХ: Киргизийн Үндэсний банктай хамтран ажиллана
Санхүүгийн зохицуулах хороо Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний банк (Төв Банк)-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр /2024.02.28/ үзэглэлээ. Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын ордонд болсон уг ёслолын арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга Акылбек Жапаров болон албаны бусад төлөөгчид оролцсон бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Киргизийн Үндэсний банкны дэд дарга Манас Жакыпов нар санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Хил дамнасан санхүүгийн үйл ажиллагаа хурдацтай хөгжиж буй цаг үед хяналт, зохицуулалтын байгууллагуудын нягт хамтын ажиллагаа шаардлагатай бөгөөд энэ үед санамж бичиг байгуулсан нь хоёр улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой, бүрэн бүтэн байдлыг хангах, салбарын оролцогч, үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаалах, бүс нутгийн санхүүгийн интеграцчлалыг харилцан уялдаатай хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой” гэдгийг онцлов. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, тэр дундаа финтек компаниудыг бодлогоор дэмжих, хил дамнасан санхүүгийн үйл ажиллагааны мэдээлэл солилцох, газар дээрх санхүүгийн хяналт шалгалт хийхэд харилцан туслалцах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах юм.
Энэхүү арга хэмжээний дараа Киргизийн Үндэсний банкны дэд дарга Манас Жакыпов, Санхүүгийн зах зээлийн зохицуулалт, хяналтын байгууллагын дарга Пирназаров Марат Тугольбаевич нар Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын Банкны Холбооны удирдлага болон бусад төлөөлөгчдийг Үндэсний банкны байранд хүлээн авч уулзаж, хоёр улсын банк, санхүүгийн байгууллагуудан хамтын ажиллагааг хөгжүүлэх, санамж бичгийн хүрээнд хамтарч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.