Шинэ мэдээ

Монголд амьдардаг оросууд уламжлалт шашны баяраа тэмдэглэлээ

Христийн шашны хамгийн эртний баяруудын нэг Есүс Христийн загалмайлсан өдөр буюу жил бүрийн нэгдүгээр сарын 19-нд оросууд мөстэй усанд шумбах уламжлалт зан үйлийг хийдэг. Тус улсад жил ирэх тусам өргөжиж буй энэхүү Их Эзний баярын өдөр ОХУ-д хэдэн зуун мянган хүмүүс бодол санаа, бие махбодь, сэтгэл санаагаа ариусгах итгэл үнэмшлийн дор бурханд залбирч энэхүү ёслолыг үйлддэг ажээ.  Мөн энэ өдөр Оросын эрс тэс уур амьсгалтай өвлийн улирлын дунд үе буюу нэгдүгээр сарын 19-нд голын мөстэй усанд орж, байгалийн эрчим хүч энергиэр өөрийгөө цэнэглэж, муу хортой бүхнээ биеэсээ гадашлуулж, биеэ ариусгах уламжлалт зан үйлийг бас хийдэг юм байна. Тиймээс энэхүү тэмдэглэлт өдрийг хүндэтгэн Монгол Улсад суугаа ОХУ-ын  Элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн аташе, хошууч генерал Павел Владимирович Петрунин, Хэвлэл олон нийттэй харилцах пресс атташе Татьяна Михайловна Сятчихина болон холбогдох албаны хүмүүс Монголд ажиллаж амьдардаг нутаг нэгтнүүд, христэд итгэгчдийн хамт энэхүү баярыг тэмдэглэж, мөстэй усанд орох уламжлалт зан үйлийг хийлээ.

Мөн энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамтран оролцож, өвлийн мөстэй усанд орох байнгын бэлтгэлээ хийж, иргэдэд мөс цөмрөх аюул, болзошгүй эрсдлээс урьчдилан сэргийлэх, гол усанд осолдохгүй байхыг анхааруулсан юм. Онцгой байдлын аврагчдын хувьд, өвлийн хүйтэн, зуны халуун гэлтгүй гэнэтийн ослын бэлэн байдалд байнгын бэлтгэлтэй байдаг учир уг арга хэмжээнд аль нэг улс орны шашин соёлын баяр гэлгүй мөстэй усанд орох бэлтгэл хангаж оролцсон гэдгээ хэлж байлаа.

Туул голын тохойд өрнөсөн энэхүү үйл явдалд бас харзны усанд жил бүр ордог зарим иргэдийн төлөөлөл сонирхон хүрэлцэн ирсэн байлаа. Мөстэй усанд орох буюу монголчуудын хэлдгээр харзны усанд орохын  давуу тал болон сөрөг талын мэдээллийг холбогдох албаны хүмүүс болон эдгээр иргэдээс бас тодруулсан юм.

Монголд байгаа бүх үнэн алдартнууд энэ баярыг тэмдэглэдэг

Гэгээн Троицкийн сүмийн ширээт лам Антони:

Өнөөдөр үнэн алдартны шашны хамгийн чухал баяруудын нэг тохиож байна. Эл өдөр Есүс Христ анх удаагаа ард иргэдийн өмнө гарч ирсэн ба Иоанн-загалмайлагч Бурханы хүүг Йордан голын усаар угааж, загалмайлсан юм. Үүний дараа Есүс Христ анхны номлолоо хэлсэн бөгөөд түүний номлол  нь “Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэх үгсээр эхэлсэн байдаг. Энэ өдөр сүсэгтэн олон харзны усанд ордог. Харин энэхүү зан үйлийг шашны гэдэг утгаар нь авч үзэхийг санал болгож байна. Бурхан багш биднийг нүглээ наманчилж, бодол санаагаа тэгшитгэж, сайн үйлс хийхийг уриалж байгаа нь энэ баярын гол утга учир юм. Харин харзны усанд сэлэх нь сайхан уламжлал төдий зүйл юм. Хэрэв хүн итгэл үнэмшил дүүрэн харзны усанд орвол өөрт нь л сайн. Харин зүгээр л бусдад өөрийгөө гайхуулах гэсэн бол сайн юм юу байхав дээ.

Христийн шашин дагагчид заавал загалмайлах ёслолд оролцож, усан баталгаа хийсэн байх ёстой. Өнөөдөр энэ баярыг Монголд байгаа бүх үнэн алдартнууд тэмдэглэж байгаа. Бид цөөхөн боловч бидний дунд Орос, Монголоос гадна өөр гарал үүсэлтэй хүмүүс олон бий. Тухайлбал, серб, америк гээд. Харин Орос орны хувьд бол манай улс уламжлалт үнэн алдартны шашны орон учир энэ баярыг эрт дээр үеэс тэмдэглэж ирсэн.

Монголд энэ баярыг хэдэн хүн тэмдэглэдгийг хэлж үнэхээр мэдэхгүй байна. 200-300 байж магадгүй. Сүмд ирдэг хүн нь цөөхөн боловч үнэн алдартны шашныг дагадаг хүн их байдгийг бид мэднэ.

Үнэн алдартны шашин Монголд дэлгэрээд 160 жил болж байна. Тиймээс 159 дэх жилдээ уг баярыг тэмдэглэсэн болов уу? 1864 онд Өргөө хот дахь Оросын Консулын газрын дэргэдэх сүмд анх удаа Үнэн алдартны залбирал үйлдсэн бөгөөд тэр цагаас хойш Монголд Үнэн алдартны лам нар болон сүсэгтэн олон ирэх болсон. Мэдээж, Зөвлөлт засгийн үед завсарласан л даа. Тэгэхдээ тэр үед ч гэсэн Монголд үнэн алдартнууд байсан бөгөөд тэд энэхүү баяраа тэмдэглэсээр ирсэн гэдэгт итгэлтэй байна. Чухам тэрхүү үнэн алдартнууд 1995 онд Москва ба Бүх Оросын Дээрхийн Гэгээнтэн Патриарх Алексейд захидал илгээж, лам илгээнэ үү гэсэн хүсэлтээ уламжилжээ. Тийм болохоор энэ олон жилийн турш Үнэн алдартны шашны уламжлалт зан үйлүүд тасалдаагүй гэж хэлж болно.

Бурханы элс Павел апостолын зааснаар Би бүгдийг хийж болно, гэвч бүх зүйл надад сайнаар тусахгүй. Тийм болохоор онц гойд хорьж хориглоод, эсвэл заавал дагаж мөрдөөд байх зүйл байхгүй. Элдэв хатуу дэг хориотой, хоолны дэглэмтэй шашны зан үйлс байдаг, тэгэхдээ өнөөдрийн баяр тэдний тоонд орохгүй. Нүгэл үйлдэхгүй байх гэсэн л ганц хорио, сайн үйлс үйлдэж, ойр дотнын болон бусад бүх хүн төрөлхтнийг хайрлах гэсэн ганц шаардлага байна даа.

  Монголын сайхан газар нутагт гүн талархсанаа илэрхийлмээр байна

ОХУ-ын ЭСЯ-ны Цэргийн атташе П.В.Путренин:

-Өнөөдөр шашны маш чухал баяр тохиож байна. Эл өдөр Иоанн-загалмайлагч Есүс Христыг Йордан голын усаар угааж, загалмайлсан юм. Харин сүсэгтэн олон бидний хувьд бол харзны усанд биеэ угааж, итгэл үнэмшилдээ үнэнч байна гэдгээ харуулах өдөр юм. Эрт дээр үеэс цэрэг дайчид бүгд шашны энэхүү зан үйлийг үйлддэг байж.

Миний хувьд баярын энэ гэгээн сайхан өдөр харзны усанд ордог болоод их удаж байна. Харин Монголд анх удаагаа орж байна. Монголын үзэсгэлэнт байгаль бидэнд хамгийн сайхан, таатай орчныг бүрдүүлж өглөө. Голын мөс өрөмдөж, цооног гаргах шаардлагагүй, үнэхээр Йордан мөрний эрэг дээр ирсэн мэт сэтгэгдэл төрлөө. Тиймээс Монголын сайхан газар нутагт гүн талархсанаа илэрхийлмээр байна. Шашин нэгт ахан дүүстэйгээ сэтгэл санаагаараа нэгдээд, сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Миний дотор нэг тийм сайхан, шинэ юм төрсөн мэт. Дотроосоо л халуун оргиод, эрч хүч дүүрэн байна. Баярлалаа та бүхэнд.

Мөстэй усанд орох нь аврагчдын байнгын бэлтгэлийн нэг хэсэг

ОБЕГ-ын дэд дарга Д.Намсрай:

-Онцгой байдлын алба хаагчид бол аль ч улс оронд гэнэтийн ослын бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж оролцдог. Тэр утгаараа аль ч улс орны шашин соёлын уламжлалт зан үйлийг хүндэтгэж, энэхүү арга хэмжээнд хамтран оролцож байна. Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчдын хувьд бол байнгын бэлэн байдалтай бэлтгэж хангаж байдаг учраас мөстэй усанд орох, харзны усанд орох нь бидний бэлтгэлийн нэгээхэн хэсэг юм. Онцгой байдлын алба хаагчдын хувьд бол жирийн бэлтгэлийн арга хэмжээ гэж ойлгож болно. Тэр утгаараа бэлтгэлээ хийх, аврагчдаа алба хаагчдаа чийрэгжүүлэх үйл явц юм. Усны температурын хувьд + 2-3 градустай болсон байна. Гол ус хайлмагтсан байна. Тиймээс иргэдийн хувьд, цаг агаар дулаарч буй үед мөс цөмрөх, гол усны аюул ослоос сэрэмжлэх, найдвартай гарам гарцаар явах хэрэгтэй юм. Уг арга хэмжээнд Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн аврагчдаас бүрдсэн 10 гаруй аврагч оролцож байна.

Иргэн Б.Мөнхжин: Эрүүл мэнд, спорт талаас нь харзны усанд ордог

-Миний хувьд харзны усанд жил бүр ордог. Ингэхдээ мэдээж эрүүл мэнд болоод аюулгүй байдлаа сайтар хангаж ордог. Бие эрүүлждэг, гайхалтай мэдрэмжүүдийг авдаг. Энэ өдөр оросуудыг харзны усанд орох гэж байгааг хэвлэлийн мэдээллээс хараад сонирхож ирсэн. Харзны усанд хамт орно. Гэхдээ шашны гэхээсээ илүү спортын арга хэмжээ гэдэг утгаар нь сонирхож ирсэн.  Магадгүй олон хүнд харзны усанд орох, мөстэй усанд орох ямар байдаг бол. Нэг удаа ороод үзвэл? гэсэн бодол нуугдаж байдаг шүү дээ. Тиймээс бяцхан зөвлөгөө хэлэхэд, “”Хэрэв та харзны усанд орохоор шийдсэн эрүүл мэнд болоод аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөх ёстой. Мөн хүйтэн усанд аажмаар дасан зохицож, гэртээ хүйтэн шүршүүрт орох эсвэл усанд орох, цэвэр агаарт спортоор хичээллэх хэрэгтэй. Үүний дараа орж болно” гэж зөвлөх байна.

Юуны өмнө усанд шумбахаасаа өмнө шууд хувцсаа тайлж, хүйтэнд ээлжээ хүлээж даарах, удаан зогсох хэрэггүй. Биеэ цочирдуулахгүйн тулд аажмаар усанд орох хэрэгтэй. Гэхдээ маш богино хугацаанд, хэдхэн секүндэд усанд булхах байдлаар ордог. Мөстэй уснаас гарсны дараа хуурай алчуураар биеэ хурдан арчиж, дулаан хувцаслах хэрэгтэй. Хэрэв таны эрүүл мэнд муу, зүрх судасны болон амьсгалын замын архаг хууч өвчтэй, чихрийн шижинтэй эсвэл ханиад хүрсэн бол энэхүү мөстэй усанд шумбах тухай бодохын ч хэрэггүй” гэсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close