Орон нутаг

“Unitel hub” танхим байгуулах ажлын үр дүнг хэлэлцэв

Хүүхэд, залуучуудын цахим боловсролыг дэмжих “Unitel hub” төвийг Залуучуудын хөгжлийн төвийг түшиглэн байгуулах ажлыг 2022 оноос эхлүүлсэн бөгөөд талууд хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэн дүгнэлээ.

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, “Юнител” группийн Маркетинг хариуцсан дэд захирал А.Энхчимэг, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн Өсвөр үе, залуучуудын хөтөлбөрийн шинжээч Х.Баттуяа нарын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Unitel” групп, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан хамтран хүүхэд, залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх, интернет, компьютер, ухаалаг төхөөрөмж ашиглах, сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжих боломжийг дэмжиж “Unitel hub” танхимыг аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн дэргэд байгуулах ажлыг 2022 онд эхлүүлж Дархан-Уул аймагт, 2023 онд 12 аймагт байгуулсан.

Цаашид 2024 онд бусад аймагт болон нийслэлийн алслагдсан зарим дүүрэгт байгуулна.“Unitel” Группээс 540 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр дэмжиж буй тус ажлын хүрээнд Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийг сургагч багшаар бэлдэж, электроникийн суурь ойлголт олгох, бичил программчлалын АРДУИНО хавтан дээрх “Электрокид” сургалт, робот угсрах, код бичих программчлалын сургалтуудыг зохион байгуулж байна.

Талууд уулзалтаар хамтын ажиллагааны ололт, сургамж, зорилтыг хэлэлцэж, хүүхэд, өсвөр үеийн амралт, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх үүднээс “Юнител Хаб” төвийн “Робокид”, “Электрокид” сургалтуудын талаар мэдээлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийг МҮОНРТ-ээр нэвтрүүлэхээр хэлэлцлээ.

Мөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжихэд идэвх, санаачлагатай хамтран ажиллаж, хувийн хэвшлийн байгууллагуудад үлгэр болохуйц манлайллыг үзүүлж буй “Юнител” группт нийт хүүхэд, залуучуудын нэрийн өмнөөс “Талархал” гардуулж, “Unitel hub” төвийг орон нутагт байгуулахад төрийн-хувийн хэвшлийн-олон улсын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж санаачлагатай хамтран ажилласан Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн Өсвөр үе, залуучуудын хөтөлбөрийн шинжээч Х.Баттуяаг “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг гардууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close