Хоёр улсын тусгай хамгаалалтын газрууд цэн тогорууг хамгаална
Хурх-Хүйтэний байгалийн нөөц газар (ХХБНГ), БНХАУ-ын Поян нуурын үндэсний байгалийн нөөц газартай стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус хоёр газар нь дэлхийд ховордсон цэн тогоруу (Эмзэг), цагаан тогоруу (Устаж болзошгүй) зэрэг олон зүйл нүүдлийн усны шувууд зусаж, үрждэг чухал ач холбогдолтой бүс нутаг юм.
Дэлхийн цэн тогорууны баруун талын популяцийн ихэнх бодгал нь Поян нуурт өвөлжиж, Монгол орны зүүн хойд хэсэгт орших тал хээр, ойт хээрийн бүсийн ус намгархаг газар үүрлэн үрждэг байна. Эдгээрээс Хурх-Хүйтэний байгалийн нөөц газар ХХБНГ-т цэн тогорууны үүрний нягтшил хамгийн их байдаг.
Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд хамтарсан судалгаа, мониторингийн ажлыг идэвхжүүлэх, тогорууны нүүдлийн зам дагуу олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгааны мэдээлэл түгээх, харилцан мэргэжилтэн солилцох, эрдэм шинжилгээний өгүүлэл хамтран хэвлүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
БОАЖЯ, Хэнтий аймгийн Засаг дарга, холбогдох дөрвөн сумдын удирдлагуудтай байгуулсан гэрээний дагуу Хурх-Хүйтэний БНГ-ын менежмент, хамгаалалтыг Зэрлэг амьтан судлах хамгаалах төв ТББ хариуцаж байна.
Поян нуурын БНГ-т өвөлждөг цагаан болон цэн тогоруу, бусад олон зүйлийн шувуудыг үзэж сонирхохоор жилд хэдэн зуун мянган жуулчид ирдэг тул мужийн захиргаанаас хоёр жилд нэг удаа усны шувуудын баярыг тэмдэглэдэг.