Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж байна.
Ерөнхийлөгчийн “Цэнхэр алт”, “Нэг сум-Нэг нуур-333 нуур” санаачилгын хүрээнд Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, “Хайдродизайн прожект” ХХК, холбогдох бусад байгууллага хамтран “Хэлтгийн цагаан нуур”-ыг сэргээх төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Энэ хүрээнд усны эко системийг сэргээх, хамгаалах, байгальд ээлтэй дэд бүтэц бий болгох, нуур, цөөрөм үүсгэх, нөхөн сэргээх, гадаргын усыг хуримтлуулах үе шаттай ажил хийж байна.
Тухайлбал, 1956 онд Хархорин суманд баригдсан ч ашиглахаа болиод удсан 17 км усалгааны суваг, шуудууг бүрэн цэвэрлэж, Хөгшин Орхон голоос 5.4 км шороон суваг татжээ.

Ингэснээр 80 га талбайд сэргэсэн нуурын ус сувгаар дамжин Хөгшин Орхон голд, Хөгшин Орхон гол нь Өгий нуурыг тэжээн Орхон голд эргэж цутгах юм байна.
“Нуур сэргэсэн нь НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зорилтод манай улс хувь нэмрээ оруулж байгаагийн нэг илрэл. Мал, амьтан, нүүдлийн шувуу олноор цуглах гээд экосистем бүрдэж байна. Цаашид дээрх гол, нуурын байгалийн урсацыг сэргээж, орчныг нь иж бүрэн тохижуулна. Хэлтгийн цагаан нуур нь Шинэ Хархорум хотын усан хангамжид чухал нөлөө үзүүлнэ” гэж Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.

Тохижилт, нөхөн сэргээлт нь Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гадаргын усны нөөцийг хамгаалах, экосистемийн тэнцвэрийг хангах зорилттой уялдаж байна.
Усны нөөцийн зөвлөл шинэ Хархорум хотын хүн амын унд, ахуйн усны эх үүсвэрийг тогтоох хайгуулын судалгааны дүнг үндэслэн газрын доорх усны ордын нөөцийг 25 жилийн хугацаатайг өнгөрсөн жил баталсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар өмнө нь “Цэнхэр алт” үндэсний хоёр чуулган зохион байгуулсан.
Чуулганаар “Нэг нуур-Нэг сум-333 нуур”, “Дусал бүр” уриалга гаргасныг орон даяар хэрэгжүүлж, үр дүнд хүрч байгаагийн нэг жишээ нь “Хэлтгийн цагаан нуур”-ыг сэргээх төсөл юм.

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802



