Эмнэлгийн яаралтай тусламжийн сургагч багш бэлтгэв
Эрүүл мэндийн яам, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ДЭМБ, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг хамтран “Гамшиг, олныг хамарсан осол гэмтлийн үед эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийн сургагч багш бэлтгэх” сургалтыг өнгөрсөн сарын 21-30-нд амжилттай зохион байгууллаа.
Олон улсын эрхийн сертификат бүхий энэхүү сургалтад хот, хөдөөгийн хоёр болон лавлагаа шатлалын эмнэлгийн яаралтай тусламжийн эмч, сувилагч, ОБЕГ-ын гал сөнөөгч аврагч, агаараас эрэн хайх, аврагч ангийн эмч нар зэрэг 70 гаруй мэргэжилтнийг хамруулав.
Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өвчтний амь насыг аврах, эрүүл мэндийн аюул эрсдэлийг бууруулах тусламж үйлчилгээг хүмүүст үзүүлж байгаа ч түүнээс урьтаад эмнэлэг хүртэлх тусламжийг цаг алдалгүй, зөв шуурхай хүргэх нь өвчтний амь нас, эрүүл мэнд, цаашдын амьдралын чанарт сайнаар нөлөөлөх нэн чухал тусламж үйлчилгээ байдаг.
Тиймээс энэ чиглэлийн яаралтай тусламжийн сургагч багш бэлтгэх нь чухал ач холбогдолтой хэмээн үзэж Австрали улсын Гриффитийн их сургуулийн доктор Хамиш МакЛин, олон улсын эрхийн сертификат бүхий Парамедик хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Данкен МакКоннелл нартай хамтран зохион байгуулсан юм.
Мөн энэхүү сургалт нь доктор Хамиш МакЛины удирдлага дор 2017 оноос Монгол Улсад хэрэгжиж буй эмнэлэг хүртэлх тусламжийг хөгжүүлэх сайн дурын төслийн багийн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд сургалтын хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас батлан хэрэгжүүлж буй улсын хэмжээнд талбар дээрх тусламжид үнэлгээ хийж, “Эмнэлэг хүртэлх тусламжийг үзүүлэх мэргэжилтнийг бэлтгэх хөтөлбөр”-ийн агуулгатай нийцэж буй тул сургалтыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн санаачлагаар эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан өргөн хүрээнд зохион байгуулсан. Сургагч багш нарыг Австрали, АНУ, Канад, Папуа Шинэ Гвиней улсаас урьж ирүүлсэн байна.
Сургалтыг эмнэлэг хүртэлх тусламжийг сайжруулах, мөн агаарт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэсэн хоёр чиглэлээр явуулсан бөгөөд оролцогчид сургалтын сүүлийн өдөр сурч мэдсэн зүйлээ шалгуулж, томоохон дасгал сургуулилалт хийсэн юм.
Сүүлийн жилүүдэд ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах анги алслагдсан нутаг оронд нисдэг тэргээр эмнэлгийн түргэн тусламж үзүүлж эхэлсэн. АНУ-ын Дьюкийн их сургуулийн багш, Лайф Флайт агаарын эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн Данни Найман ОБЕГ-ын 10 эмч мэргэжилтэнд тусгай хөтөлбөрийн дагуу агаарт эмнэлгийн тусламж үзүүлэх хичээл заасан нь энэ удаагийн сургалтын нэг онцлог байлаа.
Сургалтын үр дүнд манай улс өөрийн үндэсний сургагч багш нартай болж цаашид энэ чиглэлээр эрүүл мэндийн салбарын болон бусад холбогдох байгууллагын ажилтнуудад тасралтгүй сургалт явуулж, эмнэлэг хүртэлх тусламжийн хүний нөөцийг чадавхжуулах суурь тогтолцоог бий болгох юм.