Иргэний гомдолын дагуу “Цемент Шохой” ТӨХК-д шалгалт хийв
ХЭҮК-т иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг “Цемент Шохой” төрийн өмчит хувьцаат компанийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны ялгаварлан гадуурхалт дарамт, хүчирхийллийн хүрээнд хяналт шалгалтыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж ажиллалаа.
Хяналт шалгалтыг тус компанийн ажилтнуудтай ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх, санал асуулга авах, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах, шаардлагатай бичиг баримтыг гаргуулан авах зэрэг аргачлалаар явуулав.
Энэ хүрээнд компанийн ажилтнуудын нэрсээс санамсаргүй түүврийн аргаар 30 ажилтантай ганцаарчилсан ярилцлага хийж, 150 гаруй ажилтнаас санал асуулга авч ажиллав.
Шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
Улмаар хяналт шалгалтын дүнг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээллэх юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар, референт Г.Энхзаяа, референт Д.Ариунбилэг, референт С.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн А.Балдангомбо, Б.Наранжаргал, Комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа нар ажиллалаа.