Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Өвөрхангай аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт 19 сумын малчин, иргэд, ААН, төрийн бус болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож, саналаа илэрххийллээ. Тодруулбал, Хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд 21 аймгийг 5 бүс болгон малчдад мэдээлэл өгч, бэлчээрийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, судалгааны ажил зохион байгуулжээ.
Манай улсын бэлчээр зохион байгуулалт сүүлийн 30 жилд алдагдаж, бэлчээрийн боломжит даац хонин толгойд шилжүүлэхэд 86 сая байхаас 2022 оны байдлаар 120 сая давжээ. Үүнээс үүдэн газрын маргаан, малчид хоорондын зөрчил, өвөлжөө хаваржааны олон асуудал тулгарсаар байна. Иймд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, бэлчээртэй холбоотой олон зохицуулалтыг тусгасан байна.
Д.Тогтохсүрэн: Аймаг, сум, багийн засаг дарга, мал аж ахуйн мэргэжилтэн, малчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлнэ
Хэлэлцүүлэгт хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. Тэрбээр, Хуулийг хэрэгжүүлэгч нь малчид. Иймээс малчдын саналд үндэслэж хуулийн төслийг ярих нь зүйтэй. Иймд олон удаагийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хамгийн чухал нь хуулиар бэлчээрийн зохицуулалтыг хийнэ.
Түүнээс бэлчээр хаших, хувьчлах тухай огт ярихгүй. Бэлчээрийн асуудал өнөөдөр бий болсон юм биш. Социализмын буюу 1960-1990 онд энэ зохицуулалт байсан. Тухайн зохицуулалтыг хөдөө аж ахуйн нэгдэл хийж байсан. Одоо зохицуулалт байхгүй учраас бэлчээрийн даац хэтэрсэн. Уг хуулийг баталснаар бэлчээрийн даацдаа тохирсон мал аж ахуйтай болно. Өнөөдөр бэлчээр талхлалтад өртөж, цөлжиж байгаа асуудал бидэнд тулгараад байгаа юм.
Нийт бэлчээрийн 65 хувь нь доройтолд орсон. Доройтсон 65 хувийн 20 хувь нь эргэж сэргэхгүйгээр цөлжсөн. Яг энэ байдлаараа явбал 20 жилийн дараа манай улсын 60 хувь нь цөлжинө гэж судлаачид үзэж байгаа. Хууль гарснаар бэлчээрийг улирлын шинж чанартай өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангаар нь зохицуулах юм. Мөн малчид бүлгийн зохион байгуулалтад орно.
Малчин дангаараа бэлчээр ашиглахгүй. Өөрөөр хэлбэл, нутаглаж байгаа нутгаар нь бүлгийн зохион байгуулалтад оруулна. Түүнчлэн аймаг, сум, багийн засаг дарга, мал аж ахуйн мэргэжилтэн, газрын даамал, малчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлж байгаа гэв.
Нэгэнт бэлчээртэй холбоотой олон асуудал байгаа учир хууль эрх зүйн хүрээнд зохицуулах шаардлага бий болж байгаа юм. Төслийн танилцуулгын хүрээнд малчдаас авсан судалгаагаар 98 орчим хувь нь бэлчээр доройтож, 90 гаруй хувь нь эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж үзжээ. Газрын тухай хуулийн төсөлд бэлчээр ашиглалттай холбоотой олон зохицуулалт орсноос малчин өрх нэг өвөлжөө хаваржаатай байх болон бусад олон зохицуулалтыг хэлэлцүүлэгт оролцсон малчид дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Дэлхийд нүүдлийн мал аж ахуйтай 10 гаруй улс орон байна. Манайхаас бусад улс орон бэлчээрийн зохион байгуулалтад орсон. Хамгийн сүүлд манай улстай зэрэгцээ орших Туркместан улс бэлчээрийн зохион байгуулалтад орсон байна.
Өвөрхангай аймаг нийт 6.2 сая га газар нутагтай, үүний 5.7 сая га нь бэлчээрийн газар, 10 гаруй хувь нь зам бартаа саад ихтэй, ашиглах боломж муу газар нутаг байдаг аж.
Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир
Манай аймаг хангай, тал хээр, говь гэсэн гурван бүстэй. Үүний бараг 80 орчим хувь нь тал хээр, говийн бүс нутаг юм. Иймд манай аймгийн хувьд бэлчээр нэлээн эмзэг байгаль, цаг уураас шалтгаалсан, газрын гарц тааруу байдаг. Мөн 17800 гаруй малчин өрхтэй, амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй юм.
Нийт малчин өрхийн амьжиргааны түвшинг үзэхэд 500 гаруй малтай малчин өрх нь нийт малчдын 90 гаруй хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд газрын гарцаас шалтгаалаад бусад аймагт болон өөрийн аймаг дотроо отроор нүүх асуудал их болсон. Эндээс үзэхэд бэлчээрийн асуудлыг хуулиар зохицуулах шаардлага амьдралаас урган гарч байна. Нөгөө талаар бэлчээрийн даацад таарсан мал аж ахуй эрхлэх зайлшгүй шаардлага бий болж байна хэмээн онцоллоо.
Өвөрхангай аймгийн хувьд нийт бэлчээрийн 10 орчим хувь нь нөөц бэлчээр байх асуудлыг сум, аймгийн ИТХ-аар шийдсэн байна. Цаашид энэ шийдвэрийг баталгаажуулах, нөөц бэлчээрийг хамгаалах, арчлах, тордох, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгцээ байгаа юм байна.
Хэлэлцүүлэгт оролцсон салбарын мэргэжилтэн, малчид үг хэлж, саналаа илэрхийлсэн.
Д.Болдбаатар /Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р баг, Аймгийн сайн малчин/
-Бэлчээрийн асуудлыг зохицуулах нь зөв. Олон малтай айлууд нь отор нүүдэл хийж байгаа нэрээр цөөн малтай айлын хаваржаа өвөлжөөг талхалдаг асуудал бий. Бүлгийн зохион байгуулалтад ороод нэгдсэн журмаар бэлчээрээ ашиглах нь зөв гэж бодож байна. Тагжир хөрстэй газар өвс ургамал гайгүй байгаа юм. Манайх нэг их отор хийдэггүй. Хүүхдүүд хамт байхад отор нүүдэл хийдэг байсан. Манай өвөлжөөний ойролцоо гавьяат малчин гээд олон малтай айлууд ирээд талхалчихдаг. Үүнээс болоод хүнтэй муудалцах нь зохимжгүй. Олон малтай хүмүүс өвстэй газар саравч барьчихаад манай бэлчээр гээд байдаг. Иймээс бэлчээрийн зохицуулалттай болгохыг дэмжиж байна.
Т.Гандэлгэр /Өвөрхангай аймгийн Сант сумын 2-р багийн малчин/
-Бэлчээрийн хуульд авах гээхийн ухаанаар хандах асуудал байна. Бэлчээр хашихгүй гэдгийг дэмжиж байна. Бэлчээр хашиж болохгүй. Малчин айл нэг өвөлжөө, хаваржаатай байна гэдэг нь бас зөв. Отрын бүс нутгийг тогтоох заалтыг эргэж хармаар байна. Малчид олон өвөлжөөтэй нэгэндээ түрээслээд бие биенээсээ мөнгө авдаг байдал байж болохгүй. Манайхан отроор зүүн хойшоо Орхонтуул, Сэлэнгэ, Төв аймгийн Цээл, Заамар сум дайраад Баянтүрүүн, Харавхуйн голоор уруудаад Бүрэгхангай, Дашинчилэнгээр цаашаа явдаг. Өнгөрсөн жил малчдыг их зовоосон. Малчид намар голдуу отроор гардаг. Тэгэхээр мал хайлах цагаар газрын өндөр, хад асгатай газраар явуулах нь буруу.
Д.Содномдаш /Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2-р баг, Улсын аварга малчин/
-Манай орон өргөн уудам нутагтай учраас бэлчээр бүр онцлогтой байдаг. Иймээс мал, бэлчээрийн асуудлыг нухацтай авч хэлэлцэх ёстой. Тухайлбал, Өмнөговь аймаг бол бэлчээрийн хувьд Булган, Сэлэнгийг бодвол хэцүү. Хууль батлагдаад хэрэгждэг байх ёстой. Өвөрхангай аймгийн хойд тал нь өвс ургамал ургадаг, ус сайтай байхад урд талын сумд нь нүүхээс өөр аргагүй байдаг. Цөөн малтай айлуудыг олон малтай малчид дарж буугаад ширвэж байгаа нь үнэн.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийг харж байгаад санал өгье гэж бодож байна. Малчид бэлчээрийн асуудлыг хуульчилна гэхээр өөрсдөд нь сөрөг юм шиг ойлгож болохгүй. Цөөн малтай айл олон малтай малчнаас малаа хамгаалах хууль хэрэгтэй. Олон малтай хүн цаашид хэрхэн малаа маллах вэ гэдгээ алсаас харж, нүүдэл суудлаа зохицуулахад бас хууль хэрэгтэй болж таарч байна. Тэгэхээр малчид тал талаас нь харах хэрэгтэй. Төр засаг бэлчээрийн доройтол нүүрлэсэн энэ үед ирж малчдынхаа саналыг сонсч байгаад талархаж байна.
Б.Баясгалан /Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4-р багийн малчин/
-Бэлчээрийг хуульчлахыг дэмжиж байгаа. Малчдын тулгамдсан асуудал бэлчээр болсон нь үнэн. Отор нүүдэл хийгээд нааш цааш их л явдаг. Бэлчээрийн даац хаана хаанаа хэтэрчихсэн хэцүү байна. Миний хувьд өмнө нь олон малтай байсан одоо бэлчээрийн асуудлаас болоод харьцангуй цөөлсөн. Бэлчээрийн зохицуулалт хийчихвэл малчид хооронд элдэв маргаан гарахгүй болов уу гэж бодож байна. Манай ойролцоо гэхэд 3-4 өвөлжөөтэй айл байдаг. Айлуудад түрээслэсэн гээд бөөн малтай хүмүүс хүрээд ирдэг.
Бэлчээрийн асуудлыг хуулиар зохицуулах нь зөв. Малын тоо толгой өсч бэлчээрийн доройтол хаа сайгүй байна. Уул уурхайгаас ч бэлчээр доройтож байна. Малын тоо толгой өссөнөөс доройтож байгаа ч малчдын орлогыг дэмжихийн тулд түүхий эд бүтээгдэхүүний үнийг өсгөмөөр байна.
Б.Цэнгэл /Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн газрын дарга/
-Мал дундын отрын бүсэд сумын нийт нутгийн 10 хувийг авах нь зөв. Энэ отрын бүсэд тухайн бүсийн малчид л орно. Гаднын сумын нэг ч малчин орохгүй. Иймээс аймаг, сум, багийн нийт нутгийн 10 хувь отрын бүс нутаг байхыг дэмжих нь зүйтэй.
Л.Мэнд-Амар /Швейцарын хөгжлийн агентлагийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх төсөл”- ийн зохицуулагч/
-Швейцарын хөгжлийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институтын чадавхыг сайжруулах нь” төсөл хэд хэдэн үндсэн зорилготойн нэг нь Монгол Улсын бэлчээрийн менежментийг сайжруулах, малын тоо толгойн албан татварын хэрэгжилтийг хангах зорилготой. Энэ хүрээнд Газрын ерөнхий хуулийн өөрчлөлтөд орж байгаа бэлчээрийн хуулийн хэлэлцүүлгүүдийг дэмжин ажиллаж байна. Аймгуудад бүсчилсэн байдлаар хэлэлцүүлэг хийж, нийслэлд салбарын эрдэмтдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Аймгуудад хэлэлцүүлэг зохион байгуулахад гарсан гол асуудал нь бэлчээрийн доройтол, отрын бүс нутаг хөндөгдсөн. Тэгэхээр хуулийн төсөл цаг үеэ олсон асуудал болж байна.
Ц.Дэжидмаа /МААЭШХ-ийн Бэлчээр тэжээлийн лабораторийн эрхлэгч, доктор/
-Монгол орон бэлчээрийн эрс тэс уур амьсгалтай. Хөрс нь эмзэг экосистемтэй. Манай улсад сүүлийн 20-30 жил малын тоо толгой их өссөн. Бэлчээрийг зүй зохистой ашиглаагүйгээс бэлчээрийн ургамлын шим тэжээл 30-40 хувь буурсан. Малын тоо толгой 1990 онтой харьцуулахад 3-4 дахин өссөн байна. Энэ нь бэлчээр тэжээлийн хомсдол бий болоход нөлөөлсөн. Тэгэхээр эрх зүйн зохицуулалт шаарлагатай болсон. Нэг хэсэг нь бэлчээрээ сайжруулахаар хамгаалж байгаа ч хуулийн зохицуулалтгүй учраас дараагийн айл ирээд идчихдэг асуудал байсаар байна” гэлээ.
Газрын тухай хуульд Бэлчээр ашиглалтын талаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Бэлчээр нь Монгол орны онцлог, нүүдлийн мал аж ахуйн гол асуудал учир цаг алдалгүй шийдвэрлэх ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид хэлсэн юм. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд малчид өөрсдийн саналыг D парламентаар дамжуулан өгөх боломжтой юм хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас мэдээллээ.