Гавьяат тамирчин Э.Халиунболд, ОУХМ П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нартай уулзав

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дакар Ралли-2026” уралдаанд амжилттай оролцсон Гавьяат тамирчин Э.Халиунболд, Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх, “Тал нутгаас Дакарт” төслийн ерөнхий зохицуулагч нарыг хүлээн авч /2026.06.08/ уулзлаа.
Шандас, эр зориг, тэсвэр, хатуужил, туршлага, ур чадварыг дээд зэргээр сорьдог, эрсдэл ч өндөртэй спортод амжилт үзүүлж байгаа тамирчид, багт Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүслээ.
Энэ бол монгол хүний “Дакар ралли”-гийн түүхийн хуудаснаа бичигдэх түүхэн амжилт, дараа дараагийн ялалтын эхлэл, мянга мянган хөгжөөн дэмжигчээ баярлуулсан, авто, мото спорт сонирхогч олон зуун хүнд урам зориг өгсөн, улсынхаа нэрийг олон улсад таниулсан амжилт байсныг хэллээ.
Манай тамирчид авто, мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2026”-д дэлхийн шилдгүүд 14 өдрийн турш 7,500 км замыг туулж, хурд хүч, тэсвэр хатуужлын гайхамшгийг харуулсан юм.
Аав нарынхаа хичээллэж байсан мото спортын замнал, алдар гавьяаг үргэлжлүүлж яваа тамирчид олон уралдаан, тэмцээнд оролцож, төрийнхөө алтан соёмбот далбааг харийн тэнгэрт мандуулж байхыг хүсэн ерөөлөө.
Халиунболдын аав Ш.Эрдэнэбилэг мото спортын тамирчин, гавьяат дасгалжуулагч, Мөрөнгийн аав А.Пүрэвдорж мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой.
Мөн Аргентин Улсын Сан Хуан хотод болсон “Ралли рэйд”-ийн дэлхийн аваргын тэмцээнд 27, “Ралли-2” ангилалдаа 17 дугаар байрт орж, 2027 оны “Дакар ралли”-д орох эрхээ авсан Олон улсын хэмжээний мастер Б.Батмөнхөд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.
Авто спортын шинэ үеийн төлөөлөл болж байгаа Б.Батмөнх бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж, “Дакар ралли-2027” тэмцээнд өндөр амжилт үзүүлж, ард түмнийхээ итгэл, найдварыг алдахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



