Гамшгийн эсрэг хотуудын форум БНСУ-ын Инчеон хотод болж байна. Тус форумыг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Зүүн-Хойд Азийн бүсийн төвөөс жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаа дэлхийн 120 орчим хотын төлөөлөл оролцож байгаа бөгөөд Улаанбаатар хотыг төлөөлж ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Форумд сүүлийн үед Улаанбаатар хотод тохиолдсон үер, газар хөдлөлтийн эрсдэлийн мэдээллийг танилцуулж, харилцан туршлага солилцоно. Түүнчлэн гамшгийн эсрэг хотууд хэрхэн хамтарч ажиллаж, харилцаа холбоогоо өргөжүүлэх талаар хэлэлцэх юм байна.
Сүүлийн үед дэлхийн хотуудад үер, газар хөдлөлт, гал түймэр зэрэг гамшгийн давтамж нэмэгдсээр байгаа. Тиймээс хотын хөгжлийн болон хөрөнгө оруулалтын бодлогод эрсдэлийг тооцох шаардлага тулгараад буй.
Мөн дэд бүтэц, зарлан мэдээлэх тогтолцоо, иргэн бүрт эрсдэлийн боловсролыг эзэмшүүлэх зэргээр хотуудыг чадавхтайгаар бэлтгэх чиглэлд анхаарал хандуулах талаар хотууд зөвлөлдөнө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.