ХӨСҮТ-ийн зоорийн давхарт борооны ус орж, онцгой байдал үүсчээ

Өнөөдөр орсон усархаг борооны үеэр ХСҮТ-ийн Шинэ өргөтгөлийн барилгын зоорны давхарт борооны ус их хэмжээгээр урсан орсон талаар тус эмнэлгийн эмч Bayarsaikhan Mongol өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
Тэрбээр “Өнөөдөр ХСҮТ-ийн Шинэ өргөтгөлийн барилгын зоорны давхарт борооны ус их хэмжээгээр урсан орлоо. Угсралт ашиглалтанд бэлтгэгдэж байсан 7 сая Еврогийн өртөг бүхий тоног төхөөрөмжийн нэг хэсэг болох туяа эмчилгээний өндөр технологийн шугаман хурдасгуурт 2 аппаратын суурин инженерийн байгууламжууд, цацрагын хамгаалалт бүхий 2 бункер байрлах нийт 500м2 гаран талбай 15см гүнзгий усанд автаж онцгой байдал үүссэн байна.
Байгууллагын гамшгийн алба протоколын дагуу зохих арга хэмжээг шуурхай авч галын болон бусад үр дагавраас сэргийлж ажиллалаа. Онцгой байдлын газар болон зохих газруудад мэдэгдлээ. Мөн угсралтын ажлыг хариуцсан гадаадын компаний мэргэжилтэнгүүд дуудагдан ажиллаж байна. Барилгын, эмнэлгийн тоног төхөөрөмжийн болон бусад хохирлын дүн гарна.
2017 оны намар ХСҮТ-ийн гадна талбай, замын иж бүрэн тохижуулалтын ажил 750 сая төгрөгөөр хийгдсэн. Чухам яагаад шинээр тавьсан зам талбайн борооны ус эмнэлгийн хамгийн чухал эмчилгээний хэсэгт урсаж орж ирэхээр хийгдсэнийг зохих байгууллага шалгаж арга хэмжээ авна гэж найдаж байна.
Олон цагийн турш ус шавхаж тасралтгүй ажилласан эмнэлгийн үйлчлэгч нартаа маш их баярлалаа!” гэжээ.










