Орон нутагFocus

Ховд аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээгдлээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн оролцоог бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар донор байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг 2018 оноос хамтран хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд Дархан-Уул, Дундговь, Дорнод, Ховд, Хөвсгөл аймгуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барьж, өнөөдөр Ховд аймгийн төвийн үйл ажиллагааг /2023.09.04/ нээлээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон УИХ, Засгийн газрын гишүүд, АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин, холбогдох яамд, агентлагийн албан тушаалтнууд, аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн бус байгууллагууд, иргэд, хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо. 

Ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг хангах асуудал Засгийн газрын бодлогын төвд байдаг чухал асуудлуудын нэг гэдгийг онцолж, энэ хүрээнд Монгол Улсын төрөөс авч хэрэгжүүлж буй гол бодлого, арга хэмжээний талаар товч дурдаж, цаашид эдгээр иргэдэд чиглэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргахаа илэрхийлэв. 

Монгол Улсад 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 67 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байгаа бөгөөд алслагдсан бүс нутаг болох баруун бүсэд 18.8 мянга, Ховд аймагт 3.6 мянга нь аж төрж байна. 

Өнөөдөр Ховд аймагт нээлтээ хийсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь иргэд өөрт хэрэгтэй байгаа үйлчилгээг өөрийн орон нутагтаа аливаа саад бэрхшээлгүйгээр, цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн хэмнэлттэйгээр, хүртээмжтэй авах боломж, нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. 

Төрийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь хүргэхэд чиглэсэн энэхүү төвийг тавилга, техник, тоног төхөөрөмжийн хамт хүний нөөцийг нь сурган мэргэшүүлж холбогдох асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж буйгаараа онцлог бөгөөд нийт 2000 орчим метр квадрат талбай бүхий хөдөө, орон нутагт хамгийн анхны олон улсын стандартад нийцсэн, түгээмэл загварын дагуу байгуулагдсан төв юм. 

Төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд аль болох амьдралынх нь эрт үед хөгжлийн дэмжлэг үзүүлэх, хувь хүний онцлог, амьдралын хэв маягт тохирсон туслах бүтээгдэхүүнээр хангах, бие даан амьдрах чадварт сургаж, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн сэргээн засахын тусламж үйлчилгээгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгэмд бусдын адил идэвхтэй оролцох, хөдөлмөр эрхлэн ажил орлоготой амьдрахад нь дэмжлэг үзүүлэх юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close