Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутаг

Малын удмын сангийн үндэсний цогцолбор нээлтээ хийлээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах Малын удмын сангийн үндэсний цогцолбор ашиглалтад орлоо. Бүтээн байгуулалтын ажлыг 2013-2018 онд гүйцэтгэсэн цогцолбор албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Ийнхүү Монгол Улсын 21 аймгийн малчид, фермерүүд дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг авахад дөхөм болж байна.

Малын удмын сангийн үндэсний цогцолборын нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон болон Дархан-Уул аймгийн Хонгор сумын удирдлагууд, мал аж ахуйн салбарын ахмад мэргэжилтнүүд оролцсон.

Энэ үеэр малын генийн санг хамгаалах, үр үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон цогцолбор байгууламжтай боллоо гэдгийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат онцолж байлаа.

Уг цогцолбор ашиглалтад орсноор манай орны эрдэмтэн, судлаачид туршилт-судалгаа хийх, мэргэжлийн зохиомол хээлтүүлгийн техникчид үржүүлгийн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу үйлдвэрлэж, малчдад нийлүүлэх юм. Улмаар малын үүлдэр угсааг сайжруулах, тооноос чанарт шилжих Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат

Малын удмын сангийн үндэсний цогцолбор нь үр, азот, ээмэгний үйлдвэрлэл, хөврөл үр шилжүүлэн суулгах иж бүрэн лаборатори, малын генийн санг хадгалах зориулалтын байр, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах малын байр, тэжээл боловсруулах цех, сургалтын байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг зэрэг 14 объектоос бүрдэж байна. Нээлтийн арга хэмжээний үеэр эдгээр байгууламжийг нэг бүрчлэн танилцуулж, үр үйлдвэрлэх процесс, хөврөл шилжүүлэн суулгах мэс ажилбар хийж байгааг бодитоор харууллаа.

Малын удмын сангийн үндэсний цогцолбор

Малын удмын сангийн үндэсний цогцолборын иж бүрэн лабораторийн зурагнаас

Эцэг малаас үр авч байгаа нь  

Хөврөл шилжүүлэн суулгах ажилбарыг хангай, тал нутгийн цагаан үүлдрийн хонин дээр хийж байна. Гол нь малын ашиг шимийг дээшлүүлэх үндсэн зорилготой.

Мах, сүү, ноосны чиглэлийн 50 хуц, 30 ухнын байр. 12 аймгийн цөм сүргээс шилж сонгон, тодорхой хугацаанд үр үйлдвэрлэлдээ ашиглан, орон нутаг руу нь буцаадаг байна.

Малын зуны байр

Малын удмын сангийн үндэсний төв нь бүтцийн хувьд гурван алба, 34 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тус төвийн генийн санд нийт 30 үүлдэр, омгийн 64757 тун малын үр хадгалагдаж, монгол малын удмын санг хамгаалахын зэрэгцээ эдгээр үүлдэр, омгийн үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглаж, удамзүйн дэвшил түгээж байна. Тодорхой жишээ дурдвал, Засгийн газраас “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, технологийн ажил”-ын хүрээнд өндөр ашиг шимт мах, сүүний чиглэлийн 4 үүлдрийн бухны 1244 тун гүн хөлдөөсөн үр, 110 литр азотыг захиалгын дагуу малчдад нийлүүлжээ. Өнгөрсөн онд бод, бог малын 17839 тун үр үйлдвэрлэсэн бол 2018 онд 28000 тун үр үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээ бүрэн хангаж, экспортлох зорилт тавин ажиллаж байна.

Ийнхүү төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, цогцолбор хэлбэрээр хөгжүүлж байгаа нь дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг мал аж ахуйн эрхлэгчдэд үзүүлэх зорилготой. Тиймээс мэргэжлийн боловсон хүчнүүдийг тогтвортой ажиллуулахын тулд төвийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах тал дээр анхаарна гэдгээ нээлтийн арга хэмжээнд оролцсон төр засаг, сум орон нутгийн удирдлагууд хэлж байсан юм.

Цаашид Монгол малын гайхамшиг, давуу талыг гадаад, дотоодын жуулчдад танилцуулах, хүүхэд, залуучуудад уламжлалт мал аж ахуйн арга ухааныг өвлүүлэх, таван хошуу малаа хайрлан, хамгаалах хандлага бий болгох зорилготой олон нийтэд чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулахыг зорьж байна.

Малын удмын сангийн үндэсний цогцолборын нээлтийн арга хэмжээний төгсгөлд, зарим хүнд талархал гардууллаа 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close