Гадаад харилцааСурвалжлагаМГБССНОнцлохФото сурвалжлага

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Шидэт таяг”-ийг танилцуулав

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН), БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн нийгэмлэг https://www.facebook.com/population79 хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын төлөөлөгчид 7 сарын 3-наас 7 сарын 7-ны хооронд Монгол улсад айлчилж байна. Тодруулбал, тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ли Сам Сик, Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Су Жун Э, Жеонбук салбарын захирал Квон Ө Со, Улсан салбарын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга Ким Ён Сук, Геонги салбарын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн хөтөлбөрийн менежер Ли Чун Ми болон Ханьяанг их сургуулийн Спортын тэнхмийн профессор Ким Сун Мин, Ханьяанг их сургуулийн Хүнс, хоол тэжээлийн тэнхмийн профессор Өм Э Сон нар зочилж байгаа юм.

Солонгосын төлөөлөгчид өчигдөр /2023.07.04/ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газарт зочиллоо. Уулзалтаар БНСУ-ын зүгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн анхаарч, нийгмийн харилцаанд ижил тэгш оролцоотой оролцох боломжийг олгодог талаар танилцуулсан. Мөн Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөөс олгодог тэтгэмж, тэдний хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл өгсөн.

Энэ үеэр Солонгосын төлөөлөгчид харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлгөөнд чөлөөтэй оролцох боломжийг нэмэгдүүлсэн “Шидэт таяг” үйлдвэрлэсэн гэдгийг онцлон танилцуулсан. Уг таяг нь өмнөө байгаа саадыг мэдэрч дуут дохио өгч, барьж яваа хүнийхээ гарт чичиргээ мэдрүүлдэг байна. Энэхүү таягийг одоогоор хэрэглээнд нэвтрүүлээгүй байгаа ба харааны бэрхшээлтэй иргэдэд хэрэглэхэд ямар байгааг судалж, тэдний санал хүсэлтийг тусган хөгжүүлэлтийн шатандаа яваа аж.

Анхны таяг нь 1 сая гаруй воны үнээр бүтсэн бөгөөд хөгжүүлэлтийн явцад үнийг бууруулж, харааны бэрхшээлтэй иргэн худалдан авахыг хүсвэл 300 мянган воноос хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн гэнэ. Уг таягний мэдээлэл дамжуулагч цагаан аппаратыг харааны бэрхшээлтэй иргэн өөрийн гарт эвтэйхэн таягандаа суурилуулан хэрэглэх боломжтой аж.

Уулзалтын үеэр уг таягийг шинэчилж, хэрэглээнд нэвтрүүлсэний дараа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газарт хандивлахаас гадна манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Солонгосын төлөөлөгчид хэлж байлаа.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close