Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, өмнөх 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн уулзалтаар Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг эрчимжүүлэх, оролцогч талуудын төлөвлөлт, уялдаа холбоог хангах, санхүүжилтийн сахилга батыг сайжруулах талаар нээлттэй санал солилцсоныг тэмдэглээд энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын эхний жилийн хэрэгжилтийн явц байдал, мөн уг тогтоолыг эрчимжүүлэх зорилго бүхий 2023 оны Монгол Улсын Их Хурлын түр хорооны 02 дугаар тогтоол, Засгийн газрын 63 дугаар тогтоолын төлөвлөлт, хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэхээр төлөвлөснийг онцолсон.
Мөн эхний асуудлын хүрээнд Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.3-т заасан аргачлалыг баримтлан Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын долоон яам, 14 газарт хамаарах таван чиглэлийн 114 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийснийг тодотгов.
Түүнчлэн хоёр дахь асуудлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолын дагуу Засгийн газраас 13 хувийн хүүгийн дэмжлэгийг хариуцан төлж, банкны эх үүсвэрт тулгуурлан олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатайгаар олгоно. Тухайлбал, мал аж ахуйн үйлдвэрлэлд 132.3 тэрбум төгрөг, газар тариалангийн үйлдвэрлэлд 342.6 тэрбум төгрөг, хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийн нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг банкны эх үүсвэрээс олгохоор шийдвэрлэснийг Я.Содбаатар дарга хэлсэн үгэндээ онцлохын зэрэгцээ хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 107 дугаар тогтоолыг батлуулж, 19 чиглэлийн үйлдвэрийн нийт 428 төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн нь үндсэн тогтоолыг бодитоор хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон гэж байлаа.
Дараа нь “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж буй ажлын явц”-ын талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн явц”-ын талаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар мэдээлэл өгөв.
Мөн “Тогтоолыг хэрэгжүүлэгч яамдын төлөвлөлт, хэрэгжилт”-ийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төгсдэлгэр, “Тогтоолын хэрэгжүүлэгч байгуулагуудын төлөвлөлт хэрэгжилт”-ийн явцаас Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Т.Төмөртөмөө, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, “Бусад төрийн байгууллагын төлөвлөлт, хэрэгжилт”-ийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар тус тус танилцуулав.
Зөвлөлдөх хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хэрэгжүүлэгч төрийн нийт 35 байгууллагын 50 гаруй холбогдох албан тушаалтнууд оролцож, сэдвийн хүрээнд асуулт асууж, санал солилцлоо.