ЕрөнхийлөгчОнцлох

Бүх цэргийн их хар сүлдийг тайх ёслол боллоо

Билгийн тооллын 17 дугаар жарны “Үзэсгэлэнт” болгогч хэмээх харагчин туулай жилийн зуны дунд шар морь сарын шинийн 7-ны хүчин төгсөх барилдлагатай хоёр хар Хөх бар өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол /2023.06.25/ Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой Агуйт ууланд боллоо.

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар Агуйт уулын тахилгат овоонд хадаг өргөснөөр Их хар сүлдийг төрийн цэргийн дүрмийн дагуу Агуйт уулын оргилд, өмнө, дорно, өрнө, умрын элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд байрлуулж, цэнгүүлэн тайх ёслол үйлдэв.

Бүх цэргийн Их хар сүлдэнд өчил өчиж байх үеэр харваач тайлгын их нумаар “Өрсөх дайсан болгоныг өвдөг сөгдүүлэн номхотгож байна” хэмээн шившиж, гурван сум тавих зэрэг ёслол болов.

Өчил дуусахад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Бүх цэргийн Их хар сүлдэнд шүүс өргөж, мөргөлөө. Төрийн хонжины командаар ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба цэргийн тангараг уншиж, оролцогчид давтан хэлэв.

Дараа нь Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба нар Бүх цэргийн Их хар сүлдэнд сөгдөн адис авав. Тайлгад оролцогчид мөн энэ ёсыг үйлдэж Их хар сүлдийг цэнгүүлэн тайх тайлгын ёслол өндөрлөв.

“Бүх цэргийн Их хар сүлдийг туурга тусгаар Монгол Улсын Төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн гэж үздэг. Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж бий.

Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, зуны дунд сард туг сүлдний зохилдлоготой өдөр хийдэг бол цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд өргөөнд нь зохион байгуулдаг юм.

Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой “Агуйт” ууланд үйлдэж байна. Энэхүү уул нь Баянзүрх хайрханы салбар уул юм. Энэ бол түүхэн дурсгалтай, түүхэнд холбогдох олон баримттай нутаг юм. Ард нь Чингис уул, Тулгат гурван гацаа буюу Тулуйн төрсөн газар бий гэдэг. Энэ хавьд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн онцлогтой газар юм.

Эх сурвалж: БХЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close