Эрүүл мэндFocus

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Дундговь аймгаас эхэллээ

Улсын гуравдугаар төв эмнэлэгийн санаачлагаар Хаан банк сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамтран цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2017 оноос хойш 7 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жилийнх Дундговь аймгаас эхэлж, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай аймагт үргэлжлэх юм.

Хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, стресс бухимдал нь монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсон зүрх судасны өвчлөлийг үүсгэдэг. Цусны даралт ихэссэнээр  тархинд цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэл өндөр юм.

Цусны даралт ихсэлтээс үүдсэн нас баралтаар дэлхий Ази тив тэргүүлдэг бол Монгол Улс уг өвчнөөс шалтгаалсан нас баралтаар тивдээ тавдугаарт ордог гэсэн харамсалтай тоо бий.

Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоог 1204 хүнд хийж, эмчилгээний заавар зөвлөмжийг өгч ажиллалаа. Үүнд:  Зүрхний эмчийн үзлэг 723 хүнд хийснээс  зүрхний цахилгаан бичлэг 330, зүрхний  ЭХО 125,  мэдрэлийн эмчийн үзлэг 202, дотрын эмчийн үзлэг 70, бөөр, диабетийн үзлэг шинжилгээг 115 хүнд тус тус хийсэн байна.

Түүнчлэн цусны даралт ихсэх  өвчний эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх үнэлгээг 40-өөс доош насны 239 хүнд, зүрх судасны өвчнөөр ойрын арван жилд өвчлөх эрсдэлийг тогтоох үнэлгээг 40-өөс дээш насны 806 хүнд хийв.

Мөн бие бялдрын үнэлгээ буюу “Танита” аппаратаар хүний биеиин бүтцийг тодорхойлох шинжилгээг 481 хүнд хийж, “Эрүүл амьдралын хэв маяг” сургалт, зөвлөгөөг 436 хүнд өглөө.

Давхарсан тоогоор 1962 хүнд эрт илрүүлэг, оношлогоо, үнэлгээ хийж эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө мэдээлэл өгчээ.

Энэхүү аяныг 12 аймаг, Улаанбаатар хотод зохион байгуулж 19 мянга гаруй хүнийг үзлэг оношилгоонд хамруулж, эрүүл мэндийн долоон булан байгуулж, 600 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд сургалт зохион байгуулаад байгаа юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close