ОнцлохЭрүүл мэнд

Эрүүл ирээдүйн төлөө нэгдсэнд баярлалаа

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “ЧИХРИЙГ ХЭТРҮҮЛЖ БИШ, ХЭМЖЭЭНД НЬ ХЭРЭГЛЭЕ” цахим уриалгыг санаачлан эхлүүлж, эрүүл мэндийн сэтгүүлчид нэгдэн ажиллалаа. Хүүхэд багачуудын дундах чихэрлэг бүтээгдэхүүний зохист хэрэглээ нь томчууд биднээс ихээхэн хамааралтай тул хүүхдийн баяраар сахарын агууламж багатай бэлгийн багц сонгохыг энэхүү уриалгаар зөвлөсөн юм.

Учир нь монгол хүүхдүүдийн дунд чихрийн хэрэглээ хяналтаас гарч, бүр донтох хэмжээнд хүрчихээд буй. Цаашлаад манай улсын энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ бүсийн бусад улс орноос 3-4 дахин өндөр үзүүлэлттэй байхад бид үүнийг энгийн хэрэглээ мэтээр хүлээн зөвшөөрсөөр л байна.

Хүүхэд өдөрт 5-8 гр элсэр чихэр буюу ихдээ л хоёр жижиг ёотонгийн хэмжээтэй сахарыг хүнснээс авах нь зохист хэрэглээ гэж үздэг. Гэтэл өдгөө Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд өдөр бүр ундаа, чихэр, жигнэмэг, түргэн хоолоор хооллож, далд элсэн чихрийн өлсгөлөн, хордлогод өртсөөр байна.

Үүний уршгаар бага насны хүүхдүүдийн 90 хувь нь шүд цоорох өвчтэй, буйлны үрэвсэлтэй, кальци, Д аминдэмийн дутагдалтай, яс сийрэгжих өвчтэй болж буй. Цаашлаад оюун ухааны хомстол, суралцах чадвар буурах, нойр, хоолондоо муудаж, турах, тэжээлийн дутагдалд орох, дархлаа сулрах, хэт хөдөлгөөнтөх, анхаарал дутмагших, харшилтай болох, өсөлт удаашрах зэргээр маш олон сөрөг үр дагавар чихрийн хэтрүүлсэн хэрэглээнээс үүдэн гарч, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна.

Иймд эрүүл мэндийн сэтгүүлчид эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарыг хүүхдийн баяраар гэлтгүй цаашид тэмдэглэлт өдрүүдэд хүүхэд, багачууддаа эрүүл бэлэг сонгож, хэвшихийг уриалсан юм. Энэхүү уриалгад хүнсний томоохон сүлжээ болон жижиглэн худалдаа, үйлчилгээний дэлгүүрүүдийг хүүхдэд ээлтэй, чанартай “ЭРҮҮЛ БЭЛЭГ” боож бэлдэх, томчуудыг ийм бэлэг худалдан авах боломжоор нь хангах, мөн эрүүл бэлэгний тусгайлсан лангуу, тавиур ажиллуулахаа илэрхийлсэн. Тодруулбал, “Хэтрүүлж биш, хэмжээнд нь сахараа багасгая” нөлөөллийн аяны үеэр Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооныхон хүнсний томоохон сүлжээ дэлгүүрийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж, санал солилцож, хүүхдийн баярын бэлэгт анхаарал хандуулан ажилласан билээ.

Манай улсын хүн амын дунд сүүлийн 5-7 жилд насанд хүрэгчдийн таргалалт хоёр дахин, 7-10 настай хүүхдийнх 7 дахин нэмэгдсэн судалгаа гарсан. Чихэр агуулсан ундаа, хүнсний бүтээгдэхүүн нь таргалалтыг тав дахин нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь хүүхдийн оюуны чадамж, бие бялдрын хөгжилд 40 хувийн сөрөг нөлөө үзүүлдгийг судлаачид тогтоосон байдаг. Чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг таргалалт 26 хувиар нэмэгдүүлдэг.

Үүний хор уршгаар хүүхдүүд хүртэл чихрийн шижинд өртөх болсон. Эдгээр хүчин зүйлд үндэслэн, эрүүл мэндийн сэтгүүлчид дээрх нөлөөллийн аяныг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудын төлөөлөлтэй уулзаж, аянд нэгдэх хүсэлт тавьсан юм. Энэхүү арга хэмжээнд “И-март”, “БОСА”, “Миний дэлгүүр”, “Номин”, “Эфес” зэрэг хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүд нэгдэн оролцсон юм.

Тэд хүүхдийн баярын бэлэгний чихрийн агууламжийг бууруулж, эрүүл бүтээгдэхүүн сонгон хүнсний сүлжээ дэлгүүрүүддээ худалдаалж, ижил үйлчилгээ эрхлэгч бусад аж ахуйн нэгжүүдээ уриалж, “эрүүл бэлэг” боох аянд нэгтгэх, эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд багачуудын чихэрлэг бүтээгдэхүүний зохист хэрэглээний талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах, эрүүл зан үйлийг олон нийтэд таниулан сурталчлах зэрэг нөлөөллийн ажлыг эрүүл мэндийн сэтгүүлчидтэй хамтран хэрэгжүүлсэн юм.

АЯНЫ ХҮРЭЭНД:

  • Худалдаа эрхлэгч, сүлжээ дэлгүүрүүд хүүхдэд ээлтэй, эрүүл мэндийг нь дэмжих бэлгийн багцууд худалдах
  • “Эрүүл бэлэг” тус бүрийн чихрийн агууламж, шимт бодисын мэдээлэл, зөвлөмжийг багцад хавсаргах
  • “Хэтрүүлж биш, хэмжээнд л сахараа багасгая” уриалга гарган, цахим орчинд давлагаа үүсгэх
  • Чихэрлэг бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн талаар АШУҮИС-ийн НЭМС-тай хамтран ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулах
  • Хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй бэлгийн багцын санал гаргаж, нийтэд түгээх
  • Иргэд, олон нийтийн сахарын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх мэдээ, сурвалжилга бэлтгэн түгээх… гэх мэт олон ажлууд хийгдэв.

Дэлхий дахинд чихрийн хэрэглээг хэдийн цар тахлын хэмжээнд авч үзэн, сөрөг арга хэмжээнүүд аваад эхэлсэн бөгөөд бүх нийтийн эрүүл мэндийн төлөө бидэнтэй нэгдсэн хүн бүрт талархал илэрхийлж байна.

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо

Эрүүл мэндийн сэтгүүлчдын “Вакцин” клуб

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close