Гадаад харилцаааялал жуулчлалОнцлох

Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны 156 дахь гишүүн боллоо

БНХАУ-ын Чанша хотноо зохион байгуулж буй Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны дарга нарын дээд хэмжээний уулзалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар оролцож байна.

Уулзалтыг нээж Дэлхийн аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга Ян Шуо, Хятад дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Сиддхарт Чаттержи, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, шинээр гишүүн болсон хотуудыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө үг хэллээ. Энэ үеэр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны 156 дахь гишүүн болсон батламжийг гардуулсан юм.

Тус дээд хэмжээний уулзалтаар “Аялал жуулчлалын сэргэлт: Сорилт ба хамтын ажиллагаа”, “Хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ аргачлал” сэдэвт илтгэл болон 2023 оны аялал жуулчлалын эдийн засгийн чиг хандлага, Дэлхийн хотуудын цар тахлын нөхцөл дэх тогтвортой хөгжлийн тайланг хэлэлцэж, сэдэвчилсэн форум болон хөрөнгө оруулалтыг дэмжих хурал, B2B уулзалт зэрэг арга хэмжээ зохион байгуулж байна.

WTCF /World Tourism Cities Federation/ буюу Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоо нь “Аялал жуулчлалаар дамжуулан хотын амьдралыг хөгжүүлэх” гэсэн уриан дор Бээжин хотын санаачилгаар 2012 оны есдүгээр сарын 15-нд тус хотод төв салбараа байгуулсан. Анх 58 гишүүнтэйгээр байгуулсан бол өдгөө 73 улсын 146 хот, 218 гишүүн, зургаан салбарын 73 олон улсын аялал жуулчлалын институц нэгдээд байна. Олон улсын аялал жуулчлалын институцын салбарууд нь аялал жуулчлалын агентлаг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, агаарын тээврийн компани, зочид буудал, санхүүгийн байгууллага, нисэх онгоцны буудлаас бүрддэг.

Тус холбоо нь дэлхийн аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, хот хоорондын хамтын ажиллагааг дэмжих, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ болон туршлагыг түгээх зорилготой байгуулагдсан. WTCF-ын гишүүнчлэлээр элссэн явдал нь аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, Улаанбаатар хотыг гадаад, дотоодод сурталчлах, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэн, судалгаанд суурилан хөтөлбөр боловсруулж, дэд бүтцийг сайжруулан, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоход томоохон хөшүүрэг болох юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close