УИХОнцлох

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцүүллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг анх удаагаа бүлэг тус бүрээр нь хагас сонсголын хэлбэрээр олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар хэлэлцүүлсэн билээ. Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар тус илтгэлийг хэлэлцүүлж, холбогдох асуудлуудаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг Хууль зүйн байнгын хороонд чиглэл болголоо.

Чуулганы хуралдаанд тус илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан танилцуулсан. Танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга, гишүүд Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

SHB_2852.jpg

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.5-д заасан чиг үүргийн дагуу Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 22 дахь илтгэлийг холбогдох саналын хамт 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн.

Энэ удаагийн илтгэлийг Комиссоос 2022 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, Комисст ирсэн гомдол, мэдээлэл болон Комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалтын үр дүн, мөн төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл, бусад эх сурвалжид үндэслэн 7 бүлгийн хүрээнд боловсруулсныг бүлэг тус бүрээр тоймлон танилцуулж байна.

Нэг.Халдашгүй чөлөөтэй байх эрхийн хэрэгжилт

Халдашгүй чөлөөтэй байх эрхийн хэрэгжилтийн хүрээнд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, бүх насаар хорих, ганцаарчлан хорих ял эдлүүлж буй байдал, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээтэй холбоотой тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг хөндлөө.

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн дэвшилттэй зохицуулалт Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан хэдий ч хуулийг хэрэгжүүлэх явцад эрх зүйн хийдэл үүсэх, хуулийн заалтыг нэг мөр ойлгож хэрэглэхгүй байх, алба хаагчдын мэдлэг хандлагаас шалтгаалан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдөж байна.

Улсын ерөнхий прокурорын газрын мэдээгээр 2020-2022 онд нийт 2,674 сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, үүнээс 1,079 буюу 40.3 хувийг нь шүүх, прокурор, баривчлах байрны даргын шийдвэрээр сулласан байна.

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үндэслэлд хамаарах “хойшлуулшгүй тохиолдол”, “гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан” зэрэг үндэслэлүүдийг тодорхой хязгаарлалтгүйгээр хэт өргөн хүрээтэй хуульчилсан ЭХХШтХ-ийн холбогдох заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, ИБУТЭТОУП-ын 9 дүгээр зүйлийн үзэл санаанд нийцээгүй байна.

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа шүүхийн хяналтад бүрэн ороогүй байгаа нь хүнийг хууль бус, дур мэдэн баривчлах нөхцөлийг бүрдүүлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Мөрдөгч сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлнэ. Сэжигтнийг баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалт нэг мөр хэрэгжихгүй байна.

Түүнчлэн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх нийтлэг журам тухайн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байгаа нь хүний эрхийг зөрчих нөхцөлийг бүрдүүлж байгаа тул Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод бүрэн нийцүүлэх шаардлага тулгарч байна.

2015 оны Эрүүгийн хуульд бүх насаар хорих ялын агуулга, дэглэмийг бүрэн тодорхойлоогүй, бүх насаар хорих ял эдэлж байгаа хоригдлын эрхийг хангах талаарх одоогийн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна. Эрүүгийн хуульд заагаагүй ганцаарчлан хорих ял эдлүүлэх шийтгэл өнөөг хүртэл байсаар байгааг Комисс хүний эрхийн зөрчил гэж үзэж байна.

Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл хоцрогдсон, сэтгэцийн өвчтэй хүнд холбогдох хэргийг шийдвэрлэхэд өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн албадлагын арга хэмжээг үргэлжлүүлэх, сунгах, зогсоох, эмнэлгийн төрөл, дэглэм, эмчлэгдсэн боловч ар гэрийнхэн хүлээж авахаас татгалзсан хүнийг нийгэмд гаргах талаарх эрх зүйн орчин тодорхой бус байгаагаас хүний эрх зөрчигдөх явдал түгээмэл байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлаж саатуулах арга хэмжээг хэрэгжүүлэх процессын зохицуулалтыг нарийвчлан хуульчлаагүй нь хүнийг дур мэдэн саатуулах, эрх чөлөөг хязгаарлах эрсдэлийг бий болгож байна.

SHB_2946.jpg

Хоёр.Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалтын талаар

Иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох боломжийг бүрдүүлэгч суурь нөхцөл, Монгол Улсын иргэний үндсэн эрх чөлөө болох хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэж, олон нийтийн байгууллага байгуулах эрх чөлөөний асуудлыг Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт бүлэгт тусгалаа.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн хараат бус, олон ургалч дуу хоолой нэмэгдсэн нь нэг талаас тэдний үйл ажиллагааг хянах, эдийн засгийн болон бусад аргаар нөлөөлөх сонирхлыг нэмэгдүүлж байна. Нөгөө талаас, хэвлэл мэдээллийн санхүүжилтийн хязгаарлагдмал нөхцөл нь салбарыг ийм нөлөөлөлд эмзэг болгожээ. Энэ нь хэвлэл мэдээллийн эзэмшлийн хэт төвлөрөл, ил тод бус байдал, бүх төрлийн цензур хэлбэрээр илэрч, олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үл итгэхэд хүргэж байна. Цаашид хараат бус, мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөвшүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бэхжүүлж, олон ургалч, ил тод байдал, хариуцлагыг нь дээшлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Монгол Улсад 2020-2023 онд 736 удаагийн жагсаал, цуглаан зохион байгуулагдсаны 649 нь Улаанбаатар хотод, 87 нь орон нутагт зохион байгуулагджээ. Үйл явдал, хэрэг тохиолдлын улмаас зохион байгуулагчгүй, бүртгүүлэх боломжгүй цуглаан аяндаа үүсэх, нэг цуглааныг эсэргүүцсэн зэрэгцээ цуглаан гарах, иргэний үл захирагдахуйн акц явуулах, хэн болохоо илчлэхгүй эсвэл урлагийн хэв маяг бүхий бүтээлч хэлбэрээр, цахим орчинд, цахим болон биет байдлыг хослуулж үзэл бодлоо илэрхийлэх боллоо. 1994 онд батлагдсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн зарим ойлголт, зохицуулалт хэт ерөнхий байгаагаас иргэд, төрийн албан хаагчид хооронд үл ойлголцол үүсч байна. Өнгөрсөн туршлагад үндэслэн, цаг үеийн шаардлагыг харгалзан, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг зайлшгүй шинэчлэх нь зүйтэй байна.

Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний үндсэн дээр байгуулагддаг төрийн бус байгууллагууд төрийн бодлого, хууль тогтоомжид олон нийтийн дуу хоолойг тусган сайжруулах, төрд хяналт тавих, иргэний боловсрол, ардчилсан соёлыг түгээхэд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн. Төрийн бус байгууллагын бүртгэл, зохицуулалтыг сайжруулах зорилгоор Засгийн газраас боловсруулж, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг олон улсын хүний эрхийн зарчим, хэм хэмжээ, сайн туршлагад бүрэн нийцүүлж батлах нь чухал байна.

SHB_2888.jpg

Гурав.Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал

Монгол Улсын нийт ажиллах хүчний 18.4 хувийг эзэлдэг 225,205 төрийн албан хаагчдын 67.6 хувийг эзэлж буй төрийн үйлчилгээний албан хаагч, 20.9 хувийг эзэлж буй төрийн тусгай албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт болон хоригдлын ажил хөдөлмөрийн нөхцөл байдал нь Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас баталсан 29, 105 дугаар конвенцын үзэл баримтлал, стандартад нийцэж буй эсэхэд дүгнэлт хийлээ.

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал нь улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой буюу чадахуйн зарчимд тулгуурласан байхаар заасан нь сайшаалтай боловч түүнд орсон олон удаагийн нэмэлт өөрчлөлт нь тус хуулийн анхны үзэл баримтлал, суурь зарчим алдагдсан гэж Комисс үзсэн.

Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн хэмжээ амьжиргаанд нь хүрэлцдэггүй, эдийн засгийн агуулгаараа ядуурлын нөхцөлд байна. Боловсролын байгууллагын удирдлага, ялангуяа сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн томилгооны асуудал нь улс төрөөс хамааралтай, тогтворгүй байгаа нь албан хаагчдаас ажил үүргээ хэвийн явуулахад сөргөөр нөлөөлж байна. Харин эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдын хувьд ажлын ачаалал их, аюулгүй байдал хангалтгүй, эмч, эрүүл мэндийн албан хаагчдад үйлчлүүлэгчийн зүгээс үзүүлэх дарамт шахалт, зүй бус харьцах асуудал их байна.

Төрийн цэргийн болон цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг олон салбарын хуулиар ялгамжтай зохицуулснаар алба хаагчдын цалин хөлс, нэмэгдэл, тэтгэмж, урамшууллын зөрүүтэй байдал үүсгэсэн, орон сууцны дэмжлэгийн асуудал хангалтгүй, эдгээрээс шалтгаалж алба хаагчид өндөр цалин хөлстэй байгууллага, хувийн хэвшлийн байгууллагад, эсхүл гадаад оронд ажиллах шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн, хувцасны хангалт, норм харилцан адилгүй байна.

Монгол Улсад ял эдэлж буй 92 хувь нь хэн нэгний дарамт шахалтаар бус өөрийн хүслээр, хөдөлмөрийн гэрээгээр, цалингийн доод хэмжээг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцуулан авч, хараа хяналттайгаар ажил, хөдөлмөр эрхэлж байгаа нь ОУХБ-ын 29, 105 дугаар конвенцын шаардлагад нийцэж байна.

Гэвч хорих ангийн тусгай нэгжид бүх насаар хорих ялаар шийтгүүлсэн хоригдлуудын хөдөлмөр эрхлэх, цалин урамшуулал авах болон бусад хуулиар олгосон боломжийг нь эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага байсаар байна. Түүнчлэн хоригдлын хөдөлмөр эрхлэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын салбарын харилцаа гэж үздэг салбар дундын бодлого хангалтгүй байгаа нь хоригдлын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна.

SHB_2953.jpg

Дөрөв. Хүүхдийн эрхийн зарим асуудал

Хүүхдийн эрхийн зарим асуудлын хүрээнд 2017 онд байгуулагдсан гэмт хэргийн холбогдогч, хохирогч, гэрч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа болон Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр дахь хүүхдийн эрхийн анхаарал татсан асуудлыг хөндлөө.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд нийт 532 байрыг дотуур байрны зориулалтаар ашиглаж байгаагаас 477 нь стандартын, 55 нь стандартын бус гэж тэмдэглэжээ. Харин Комиссоос хийсэн хяналт шалгалтад хамрагдсан 79 дотуур байрын стандартын шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байсан.

Өнөөдрийг хүртэл дотуур байрын нэг олноороо амьдарч байгаа, ундны усны асуудлыг шийдвэрлээгүй, хоолны зардал хүрэлцээгүй, ариун цэврийн байгууламжийн асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй, эмч, эмийн хүрэлцээ дутмаг, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх төсөв байхгүй, камерийн хяналт бүрэн тогтоогүй байгаа нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, зохистой хоол хүнсээр хангагдах эрх, цэвэр усаар хангагдах эрх, эмнэлгийн тусламж авах эрх, хувийн орон зайгаа хамгаалуулах эрх, хүүхдийн хөгжих эрх, хүүхдийн хамгаалуулах эрх зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлж байна гэж Комисс дүгнэсэн.

Монгол Улсад 2017 оноос хүүхэд хамгааллын шинэ механизм болох Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ажиллаж байна. 2022 оны байдлаар улсын хэмжээнд 39 Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо үйл ажиллагаагаа явуулж, гэмт хэргийн хохирогч болсон 2014 хүүхдээс 703, гэмт хэрэгт холбогдсон 1540 хүүхдээс 577, гэмт хэргийн гэрч 211 нийт 1491 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн талаар Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газраас мэдээлсэн.

Комиссоос хийсэн хяналт шалгалтад хамрагдсан 23 хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа жигдрээгүй, тогтмол хуралддаггүй, гишүүд нь орондоо өөр хүн хуралд суулгадаг, хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн байдал хангалтгүй, холбогдох төлөвлөгөө, хөтөлбөрийг батлаагүй, гэмт хэргийн холбогдогч, гэрч, хохирогч хүүхдийн асуудлыг хэлэлцсэн тохиолдол цөөн, үйлчилгээ үзүүлсэн талаар мэдээлэл, тайлан бүртгэл бүрэн бус зэрэг зөрчил түгээмэл байна. Эдгээр зөрчлүүдийг үндэслэн Комисс Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг хэлбэр төдий явагдаж, үр дүн муутай, хүүхэд бүрд хүрч ажиллаж чаддагүй гэж дүгнэсэн.

Тав. Ахмад настны эрхийн хэрэгжилт

SHB_2964.jpg

Комисс ахмад настны эрхийн хэрэгжилт бүлгийн хүрээнд ахмад настны нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн цогц үйлчилгээний төрөл, хүртээмж хангалтгүй, тэдний хөгжих, хөдөлмөрлөх, ядууралд өртөхгүйгээр амьдрах боломж нөхцөлийг бодитойгоор бий болгох буйг онцолж байна. Ахмадуудад төрөөс олгож буй тэтгэвэр нь наад захын хэрэгцээг нь хангадаггүй, үе үеийн засгийн газраас тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээ авдаг ч инфляцтай уялдуулахгүй, улс төрийн шинжтэй шийдвэр гаргадагаас тэтгэврийн зөрүү үүсч байна.

Улсын хэмжээнд гериатр эмч, ахмадын кабинетын хүрэлцээ муу, эрүүл мэндийн үйлчилгээ авахад дугаарлах, чирэгдэл ихтэй байдал, эмийн хэт өндөр үнэ, эмч эмнэлгийн ажилчдын зан харилцааны асуудал, геронтологийн үндэсний төвийн барилга байгууламж, материаллаг бааз, хүний нөөц, санхүүжилтийн хүрэлцээгүй байдал зэрэг нь тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн хүнд өвчтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настанд өдрийн эмчилгээ, сувилахуйн болон сэргээн засах гэрээр тусламж, үйлчилгээ үзүүлж буй байдалд онцгой анхаарал хандуулж, Засгийн газраас урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн, цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтоо эрчимжүүлэх, асаргааны даатгалын хууль эрх зүйн орчныг нэн тэргүүнд бий болгох шаардлагатай байна.

Түүнчлэн Ахмад настанд ээлтэй, аюулгүй орчин нөхцөл бүрдээгүйгээс гэмтэж бэртэх, хөгжлийн бэрхшээлтэй болох ялангуяа нийгмийн амьдралд оролцоход ихээхэн саад учруулж байна. Ахмад настнуудын хувьд ажил хөдөлмөр эрхлэх хүсэл зориг, идэвх санаачилга гаргаж байгаа ч хөдөлмөрийн зах зээлд тэднийг ажиллуулах ажлын байр хомс байгаа учир тэдний чадамж, бүлгийн онцлогт тохирсон ажлын байрыг бий болгох, ахмадуудыг ажилд авч буй аж ахуйн нэгжийг татварын урамшууллаар дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

Ахмад настан нь олон нийтийн газар болон хөдөлмөрийн харилцаанд насаар ялгаварлагдах, гэр бүлийн хүрээнд үл хайхрагдах, хүчирхийлэл дарамтад өртөх явдал цөөнгүй буйгаас гадна ганцаардах, сэтгэл санаагаа хэн нэгэнтэй хуваалцахгүй удаан явсаар сэтгэл гутралд орох, нас өндөр болсон хэмээн өөрийгөө голох, нийгмээс өөрийгөө тусгаарлах тохиолдол өндөр байна.

Зургаа. Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалалт

SHB_2929.jpg

Монгол Улс хүний эрх хамгаалагчийг хамгаалах бие даасан хуулийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр баталснаар Ази, Номхон далайн бүс нутагт хүний эрх хамгаалагчийн тогтолцоог бүрдүүлсэн анхны улс болсон. Тус хуульд “хүний эрх хамгаалагч”, “хүний эрх хамгаалах үйл ажиллагаа” зэргийг тодорхойлсон хэдий ч хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдөх, тэдэнд аюул эрсдэл учрах тохиолдол гарсаар байна.

Комиссоос хийсэн судалгаанд хамрагдсан 2064 оролцогчдын 92.1 хувь нь өөрсдийгөө хүний эрх хамгаалагч гэж үзсэн төдийгүй хүний эрх хамгаалагчдыг ялгаварлан гадуурхах, удирдах албан тушаалтан эрх мэдлээр дарамтлах явдал ихээхэн тохиолддог гэжээ.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар аюул эрсдэлд өртсөн, өртөж болзошгүй хүний эрх хамгаалагч, түүний хамаарал бүхий гэр бүлийн гишүүдийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан хэдий ч хамгаалалтын арга хэмжээнд шаардагдах зардал улсын төсөвт тусгагдаагүй байна.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар бүлгийн 20 дугаар зүйлд заасан ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тухайн зөрчлийг ямар байгууллага хариуцан шийдвэрлэх буюу хэргийн харьяаллыг зохицуулаагүй, орхигдуулсан байна. Үүнээс үүдэн “хэргийн харьяалал тодорхойгүй” гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагууд гомдлыг харилцан бие биедээ шилжүүлж байгаагаас хүний эрх хамгаалагчдын зөрчигдсөн эрх үр дүнтэй сэргээгдэхгүй, зөрчигдсөн хэвээр байна.

Долоо. Улс төрийн хүрээн дэх жендэрийн тэгш байдал

SHB_2905.jpg

Улс төрийн хүрээн дэх жендэрийн тэгш байдал бүлгийн хүрээнд дараах асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Үүнд:

Эрэгтэй, эмэгтэй хүнийг аливаа хэлбэрээр үл ялгаварлах, бүх шатны сонгуульд нэр дэвшихэд сонгуулийн сурталчилгаанд зориулан улс төрийн намаас үзүүлэх санхүүгийн дэмжлэг ижил хэмжээтэй байх, томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15 хувиас, дүүрэгт 20 хувиас, суманд 25 хувиас, хороонд 30 хувиас доошгүй байхаар туссан заалтыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хүлээлгэх үр дагавар, хариуцлагын талаар зохицуулалтыг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заагаагүй.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Улс төрийн нам нь энэ хуулийн 8.2, 8.3 дахь хэсгийн хэрэгжилтийн тайланг энэ хуулийн 18.1-д заасан Жендэрийн үндэсний хороонд хоёр жил тутам хүргүүлж байна” гэж заасан. Гэвч Улсын Дээд шүүхэд улс төрийн 36 нам бүртгэлтэй байгаагаас ХҮН нам, МАН, Иргэдийн оролцооны нэгдэл нам 2022 онд Жендэрийн үндэсний хороонд жендэрийн эрх тэгш байдлын тайлан, мэдээллээ анх удаа ирүүлжээ. Бусад улс төрийн намууд огт ирүүлээгүй байна.

Эмэгтэй нэр дэвшигч намын гишүүн эсвэл намын харьяалалгүй байгаагаас үл хамааран нэр хүндэд нь халдах, хэл амаар доромжлох дарамт, хүчирхийлэлд өртөж байгаа нь жендэрийн хэвшмэл үзэл олон нийтийн дунд өнөөг хэр нь бат бөх оршиж байна. Ялангуяа цахим орчинд улс төрийн албан тушаал хашиж байгаа, сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү их дайралтад өртөж байна.

Монгол Улсад улс төрийн хүрээнд эмэгтэйчүүдийг тусгайлан дэмжсэн санхүүжилт, урамшуулал, хөнгөлөлт байдаггүй, нөгөө талаас эмэгтэйчүүд нэр дэвших санхүүгийн шалгуурыг тэр бүр давж чаддаггүй, санхүүгийн дэмжлэг авахад намд хүчтэй нөлөөлж чаддаггүй, дэмжлэг ижил хэмжээтэй авсан ч сонгуулийн бусад зардлыг санхүүжүүлэх хэмжээнд хандив, тусламж авч чадахгүй байгаа нь тэдний улс төрийн оролцоог хязгаарлаж байна.

Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга, гишүүдээ!

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос өргөн мэдүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргаж өгөхийг хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.”

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close