Н.Дуламсүрэн: Урьсан иргэнээ улсын хилээр гаргаснаар уригчийн үүрэг дуусдаг
Гадаадын иргэний зөрчил шалган шийдвэрлэх асуудлаар ГИХГ-ын хяналтын улсын ахлах байцаагч Н.Дуламсүрэнгээс тодрууллаа.
Ковид тухай хуулийн үйлчлэл дууссан. Үүнтэй холбоотойгоор гадаадын иргэдийн зөрчлийн нөхцөл байдал ямар байна вэ?
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсноор гадаадын иргэн, түүний уригчийн гаргасан виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, оршин суух зөвшөөрлийг аваагүй зэрэг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулах нь өмнөх 2 жилийн мөн үетэй харьцуулбал огцом нэмэгдэж байна.
Гадаадын иргэд ямар төрлийн зөрчил нийтлэг гаргадаг вэ? Тэрхүү зөрчлийн шалтгаан нь юунаас үүдэлтэй байна вэ?
Ковид-19 цар тахлын үед оршин суух үнэмлэхээ гээгдүүлэх нь нийт гаргасан зөрчлийн дийлэнх хувийг эзэлж байсан бол цар тахлын хязгаарлалтыг бүрэн цуцалснаас хойш уригч байгууллага, иргэний оршин суух зөвшөөрлийг авалгүй хугацаа хэтрүүлэх, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх зөрчил нэмэгдсэн. Тухайлбал, 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 1510 зөрчлийг илрүүлэн шалгалаа. Үүнээс уригч байгууллага нь гадаадын иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил 784, визийн байх хугацааг хэтрүүлсэн 215, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй 199 зөрчил байна.
Энэхүү зөрчлийг гаргаж буй шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийвэл бусад төрийн байгууллагаас олгодог хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, Эдийн засгийн хөгжлийн яамнаас олгодог хөрөнгө оруулагчийн тодорхойлолтыг цаг хугацаанд нь аваагүйгээс Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хүсэлтээ гаргаж чадахгүй байдалд орох, улмаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан албадан гаргах нөхцөлийг хангаж байна. Өөрөөр хэлбэл уригч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан уригчийн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг юм. Уригчийн үүрэг урьсан гадаадын иргэнээ улсын хилээр гаргаснаар дуусгавар болдог гэдгийг энд зориуд анхааруулмаар байна. Гадаадын иргэнийг урьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь хасалт хийлгэснээр л уригчийн үүрэг дуусгавар болсон гэж буруу ойлгож, асуудалд ханддаг. Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2-т “….торгох шийтгэлийн хэмжээ нь хуулийн этгээдэд 100-200`000 торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна” гэж заасан. Харин зөрчлөө шийдвэрлүүлэхээс зайлсхийвэл 200 сая төгрөгөөр торгох хүртэл үргэлжлэх боломжтой юм.
Зөрчил гаргасан гадаадын иргэдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
Гадаадын иргэн, түүний уригчийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар торгох шийтгэл оногдуулдаг. Энэ бол зөвхөн виз, бүртгэл, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой зөрчилд л хамаарах хуулийн заалт юм. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Төрийн бус байгууллагын тухай хууль зөрчих (тайлан гаргаж ирүүлэх), 15.2 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах (хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэгч), 16.3 дугаар зүйлд зааснаар “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай” хууль зөрчих, 16.4 дүгээр зүйлд зааснаар “Чөлөөт бүсийн тухай хууль” зөрчсөн зөрчлүүдэд манай байгууллагын гадаадын иргэний хяналтын улсын байцаагчид торгох шийтгэл оногдуулдаг.
Зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?
Юун түрүүнд гадаадын иргэний Монгол Улсын виз болон оршин суух зөвшөөрөл нь хуулийн хугацаандаа байгаа эсэхийг сайтар шалгаж нягтлах ёстой. Үүнээс гадна гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нь холбогдох зөвшөөрлийг материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж, манай байгууллагад цахимаар хүсэлтээ гаргаснаар бид хуулийн дагуу, тогтоосон хугацаанд шийдвэрлэж хариу өгдөг. Харин хэн нэгнээр зуучлуулж, бичиг баримтаа бусдад өгсөн, дамжуулснаараа эрх ашиг нь хохирдог уу гэхээс хожсон тохиолдол гэж байхгүй. Үүнээс үүдэлтэйгээр Монгол Улсаас албадан гаргагдах, хуурамч баримт бичиг бүрдүүлэх зэрэг маш ноцтой зөрчилд хүргэдэг. Тиймээс гадаадын иргэн өөрөө, эсвэл хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж манай байгууллагад хандахад бүх төрлийг үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүйгээр авах боломжтой гэдгийг онцолмоор байна.
Мөн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах хэдэн зөвлөмжийг гадаадын иргэн, түүний уригч хувь хүн, хуулийн этгээдэд хүргэе. Үүнд:
- Төрийн бусад байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг нь үндэслэн оршин суух зөвшөөрөл олгодог төрлүүдийн хүсэлтийг хугацаа дуусахаас өмнө мэдүүлэх шаардлагатай тул Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаандаа анхааралтай хандах;
- Виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд гадаадын иргэнийг нутаг буцаах;
- Байгууллага хооронд шилжин оршин суух зөвшөөрөл хүсэх тохиолдолд өмнөх байгууллагаас хасалт хийлгэх, шилжиж буй байгууллагын нэр дээр дахин шинээр оршин суух зөвшөөрлийн олголт хийхэд манай байгууллага биечлэн хандахыг шаарддаг тул цахимаар хүсэлтээ илгээж, хугацаа алдан зөрчил гаргахгүй байх;
- Паспорт, түүнийг орлох баримт бичгийн хүчинтэй хугацааг анзаараагүйгээс виз, оршин суух зөвшөөрлийн үйлчилгээг авч чадахгүй байдалд орох зэргээс урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг зөвлөмөөр байна.