Гадаад харилцааУИХОнцлох

УИХ дахь эмэгтэй гишүүд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөлтэй уулзав

Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл өнөөдөр (2023.04.10) НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн санхүүжилттэйгээр “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг манай улсад хэрэгжүүлж буй юм. Төслийн хүрээнд “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” сэдэвт форумыг дөрөвдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Талууд уулзалтын үеэр тус форумын ач холбогдол болоод шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар туршлага хуваалцаж, санал солилцов.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл НҮБ-аас хэрэгжүүлж буй төслийн үр дүнд жендерийн тэгш байдлыг хангах тал дээр манай улсад тодорхой дэвшил гарч байгааг дурдаад, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх гэж байгаа чухал үед мэргэжлийн экспертүүдтэй уулзаж, туршлага солилцох боломж олдсонд талархалтай байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр Сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, тойрогт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байхаар, жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцааг 1:1 байхаар зааж өгсөн. Энэ нь улс төрийн түвшинд хүйсийн тэгш байдлыг хангах тал дээр хийж буй томоохон алхам болсон гэдгийг онцлов.

Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхэд улс төрийн намууд анхаарах нь чухал ч иргэд сонгогчидтой тулж ажиллах, эмэгтэйчүүд сонгогдох нь ямар үр ашигтайг зөв ойлгуулах нь хамгийн чухал гэдгийг онцолж байв.

Босни-Херцеговин улсын Сонгуулийн төв хорооны гишүүн Ирена Хаджиабдич уулзалтын үеэр өөрийн улсад жендерийн тэгш байдлыг хангах тал дээр хэрхэн ажилладаг туршлагаасаа хуваалцсан. Босни-Херцеговин улс анх 1998 онд парламент дахь эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхаар тогтоож, хуульчилжээ. 2013 онд эмэгтэйчүүдийн квотыг дахин өсгөж 40 хувь болгосон байна. Мөн парламентаас жендерийн тэгш байдлыг хангах талаар ард түмэндээ амлалт өгсөн гэв. Энэ маш үр дүнтэй алхам болсон гэдгийг хэлж байлаа.

Мөн Латви улсын Парламентын гишүүн асан, Улс төрийн зөвлөх Лолита Чигане, өөрийн улс дахь жендерийн тэгш байдлын талаарх мэдээллийг товч хуваалцсан юм. Тэрбээр, квотын хувь өндөр байсан хэдий ч бодит байдал дээр тэр хувьдаа хүрдэггүй. Тиймээс парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг хэвийн түвшинд хүргэхийн тулд квотын хувийг аль болох өндөр байлгах нь зүйтэй гэдгийг онцолж байлаа.

Уулзалтад Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Ч.Ундрам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бүс нутгийн хөтөлбөрийн Сонгуулийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Нажиа Хашеми, Питсбургийн их сургуулийн Социологийн профессор, Үндэсний шинжлэх ухааны сангийн Социологийн хөтөлбөрийн захирал Мелани М.Хьюз, Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэнгийн хөтөлбөрийн ажилтан Хушбу Агравал, Ноттингемийн Их сургуулийн Дэд профессор Фернандо Касаль Бертоа нар байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close