Инчёон ОУНБ корпорацитай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа
Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар /2023.04.05/ Бүгд Найрамдах Солонгос Улсын “Инчёон олон улсын нисэх буудал корпораци”-ийн харьяа “Инчёон нисэх буудлын нисэхийн академи”-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа нь цахимаар зохион байгуулагдсан бөгөөд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа болон “Инчёон олон улсын нисэх буудал” корпорацын Гүйцэтгэх захирал Мина Чой нар оролцож, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр мэргэшүүлэх сургалтын төрлийг өргөжүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын сургалтын хөтөлбөрийн хүрээнд багш сургагч нарыг урьж, эх орондоо сургалт зохион байгуулах боломж бүрдэж буйгаараа онцлогтой бөгөөд иргэний нисэхийн үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулах ач холбогдолтой үйл явдал юм.
Мөн энэхүү санамж бичгийн хүрээнд энэ оны зургаадугаар сард эхний сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.