Засгийн газарЯрилцлагаОнцлох

Г.Сайханбаяр: Баг бууны сумны үйлдвэр бэлэн болсон

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай ярилцлаа.

Юуны өмнө Зэвсэгт хүчний түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн босгон дээр цаг, зав гарган ярилцлага өгч буйд талархаж байгаагаа илэрхийлье.

-Баярлалаа. Юуны өмнө Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт ухамсарт амьдрал, залуу насаа зориулсан үе үеийн ахмад дайчид болон өнөөдөр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд алба хааж буй генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид, цэргийн гэрээт алба хаагчид, хугацаат албаны дайчид, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид болон нийт Монголын ард иргэддээ хүргэе.

Таны хувьд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдоод 3 жил өнгөрчээ. Энэ бол багагүй хугацаа. Салбартаа олон жил ажилласан, салбараа сайн мэддэг, цэргийн хүний хувьд Та өнгөрсөн жилүүдэд салбарынхаа нэлээд гүнд нь орж ажилласан байх. Өнөөдөр эргээд харахад дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хэр ойрхон түвшинд хүрсэн гэж үзэж байна?  

Тийм ээ. Миний бие 2020 оны 07 дугаар сард Батлан хамгаалахын сайдаар томилогдож, өнөөдөр 2 жил 7 сар орчим болжээ. Энэ бол бас ч багагүй хугацаа юм. Дээрх хугацаанд Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, эдгээртэй уялдан батлагдсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” зэрэгт батлан хамгаалах чиглэлээрх зорилт, арга хэмжээнүүдээ нарийвчлан тодорхойлон тусгах, улмаар хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч ирсэн.

Энэ ч үүднээс саяхан бидний гаргасан дээрх баримт бичгүүдийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний үр дүн нэлээдгүй өндөр хувьтай хэрэгжиж байна гэсэн тооцоо, судалгаа гарсан байна лээ.

Тухайлбал, 2022 оны байдлаар “Алсын хараа-2050”-д туссан зорилтын I үе шат болох “Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн, технологийн дэвшлийг нэвтрүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх үе”-д туссан зорилт, 15 үйл ажиллагаа, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д туссан 8 арга хэмжээний хэрэгжилт 90 гаруй хувьтай байгаа бол “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг зэвсэгт хүчнийг хөгжүүлэх” зорилт, 9 дэд зорилт, 48 арга хэмжээний хэрэгжилт 80 гаруй хувьтай байна.

Мөн дээрх бодлогын баримт бичгүүдтэй уялдан батлагдсан “Батлан хамгаалахын стратеги төлөвлөгөө” болон “Зэвсэгт хүчний стратеги төлөвлөгөө”-нүүд хэрэгжээд 2 жил гаруй хугацаа өнгөрсөн бол Зэвсэгт хүчний дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чухал баримт бичиг болох “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2024 он хүртэл хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилт 2022 оны байдлаар нэлээдгүй өндөр хувьтай гарсан.

Товчхондоо энэ бол манай салбарын алба хаагч бүрийн хичээл зүтгэл, идэвх санаачилга, хамтын ажиллагааны үр дүн гэж хэлмээр байна. Гэхдээ бидний өмнө хийж хэрэгжүүлэх маш олон ажил, арга хэмжээ байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ийг хэрэгжүүлж эхэлснийг Бид мэдэж байгаа.

Батлан хамгаалах салбар тус бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Боомтын сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт гэсэн 5 багц асуудлын 6 зорилт, үйл ажиллагааны хүрээнд 10 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгааг товчхон дурьдая.

Тухайлбал, Боомтын сэргэлтийн хүрээнд үндэсний төмөр замын сүлжээг өргөтгөж, транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх, боомт хүртэлх зам, харилцааг сайжруулж, тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлан оролцож ирсэн.

Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн ангиуд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын доод, дээд бүтцийн ажил, Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох 17,5 км хүнд даацын авто зам зэрэг улс орныг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудад голлох үүрэг гүйцэтгэснийг Та мэдэж байгаа байх.

Улмаар хоёр дахь том төсөл болох “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 1 жил хүрэхгүй богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэн ашиглалтад оруулаад байна.

Энэхүү төмөр замууд ашиглалтад орсон нь Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа шинэ төмөр замын бүтээн байгуулалтуудыг Монголчууд бид хийж чадсан гэдэг агуулгаараа түүхэн ач холбогдолтой болсон.

Мөн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын Цогтцэций дахь өртөөний барилга угсралтын ажил, “Улаанбаатар-Дархан” чиглэлийн авто замын 30 байрлалд хоолойн барилга угсралт, 25 км-т далан барих, суурийн материал тээвэрлэх ажлыг бүрэн гүйцэтгэсэн бол 144,9 км “Богдхан төмөр зам” төслийн доод бүтцийн барилга угсралтын трассыг хүлээн авч, материалын судалгаа хийх, төгсгөл хэсгийн 37.5 км-ийн далангийн ажлыг хийж байна.

Ер нь төр, засгаас бүтээн байгуулалтын ажлын газар орны хүндрэлтэй хэсэгт хөдөлмөрийн багтаамж ихтэй, хугацаа, хүн хүч шаардсан хүнд хүчир үүргүүдийг Зэвсэгт хүчиндээ даалгаж, манай цэргийн анги, салбарууд, алба хаагчид маань энэхүү үүргийг богино хугацаанд, нэгдсэн зохион байгуулалттай, хариуцлагатай, чанарын өндөр түвшинд амжилттай гүйцэтгэж байгаа нь Засгийн газраас дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд найдвартай гол хүч нь болж, улмаар ард иргэдийнхээ итгэл найдварыг хүлээж байгааг хэлэхэд таатай байна.

Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны 170 айлын орон сууцны барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ Зэвсэгт хүчний Туршилт-үйлдвэрлэлийн төвүүдээ түшиглэн цэргийн зориулалттай тусгай техникүүд, нисгэгчгүй нисэх хэрэгсэл, радиостанцууд зэргийг зохион бүтээж, туршилт судалгааны ажлуудаа хэрэгжүүлж, эхний загваруудаа үйлдвэрлэн ашиглаж эхлээд байна. Өнгөрсөн оны Үндэсний их баяр наадам, “Төрийн далбааны өдөр” явагдсан “Цэргийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, жагсаал”-д эдгээр цэргийн техник, хэрэгслийг оролцуулж сурталчлан таниулсан.

Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбар хамгийн тэргүүн эгнээнд нэгдэн орж, цэргийн анги, байгууллагуудаа түшиглэн нийт 7 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн ба бид 2030 он гэхэд 27 сая гаруй модыг тарьж ургуулахаар тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Бид энэ чиглэлээр хүн хүчний болоод мод, бутны суулгацын тодорхой нөөцийг бий болгож эхэлсэн. Өнгөрсөн онд л гэхэд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хэрэгцээт тарьц суулгацаар хангах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэж, сурган дадлагажуулах зорилгоор “Мод үржүүлэг-агро экологийн сургалтын төв”-ийг Зэвсэгт хүчний 2 ангийн харьяанд 28 га мод үржүүлгийн талбай болон Мод үржүүлгийн газрыг Зэвсэгт хүчний 4 ангийн харьяанд нийт 21 га талбайд тус тус байгуулж, 217 мянга гаруй мод, бут сөөг, сөөгөнцөрийг тарьж ургууллаа.

Тэгвэл энэ 2023 онд Зэвсэгт хүчний 3 ангид 9 га талбайд мод үржүүлгийн талбай байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Батлан хамгаалах салбар дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр байгаль, экологийн доройтлыг бууруулж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөрсний үржил шимийг сайжруулах, алба хаагчдын амьдрах, ажиллах орчин, нөхцөлийг дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой, үр дүнтэй арга хэмжээ болж байгаа.

Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Батлан хамгаалах салбар нь өөрийн гэсэн онцлогтой ч энэ чиглэлээр нэлээдгүй ажлуудыг хийж, хэрэгжүүлээд байна.

Тухайлбал, “Цэргийн бүртгэл”-ийг Төрийн нэгдсэн цахим үйлчилгээний www.e-mongolia.mn веб порталд байршуулж, “Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлийг мөн “Е-Мongolia”-аар өнгөрсөн онд амжилттай явуулсан ба энэ жилийн бүртгэлийг ч мөн 03 дугаар сарын 06-наас явууллаа.

Мөн Батлан хамгаалахын төв архивын зарим үйлчилгээг төрийн нэгдсэн цахим үйлчилгээнд байршуулж, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, ажилласан жилийн лавлагаа, цалингийн тодорхойлолт, дайнд оролцсон ахмад дайчдын лавлагаа, тушаал, шийдвэр, бусад баримтын хуулбарыг цахимаар авах боломжтой болгоод байна.

Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгжийг төрөөс бодлогоор дэмжих, төвлөрлийг бууруулах зорилтын дагуу улс орны аюулгүй байдал, нийгэм, эдийн засагтай уялдуулан Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн дагуу зарим цэргийн ангиудыг орон нутагт байгуулах, шилжүүлэн байрлуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Тухайлбал, Архангай, Говь-Алтай аймгуудад Барилга-инженер, экологийн чиглэлийн цэргийн ангиуд байгуулж, одоогоор бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Эдгээр ангиудын үйл ажиллагаа жигдэрснээр орон нутагт ажлын байр бий болох, боловсон хүчнээр тухайн аймаг, орон нутгаас түлхүү бүрдүүлэх, улмаар орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад оролцох, дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой болно.

Мөн Улаанбаатар цэргийн хүрээний зарим ангиудыг үүрэг гүйцэтгэх томилгоот чиглэлд нь гаргаж байршуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Төрөөс хөдөө, орон нутагт шилжин суурьших, ажиллаж, амьдрах залуусыг бодлогоор дэмжих ажлын хүрээнд манай салбарт ажилладаг залуу гэр бүлийг орон сууцны ипотекийн зээл, хөнгөлөлтөд хамруулах, өмчлөлийн газар олгох, цалин урамшууллыг нь ялгавартай тогтоож нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудалд тусгайлан анхаарах, аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг бодлогыг баримтална.

Ер нь Батлан хамгаалах салбар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг үргэлж дэмжиж, манлайлан оролцож ирсэн. Үүний нэг илэрхийлэл нь “Ковид-19” цар тахлын маш хүнд нөхцөл байдлын үед ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд тэргүүн эгнээнд ажиллаж, ковидын үед гадаадаас ирсэн иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах, хэвтүүлэн эмчлэх, вакцинжуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Тухайлбал, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед “Багабаян-Энхийн төлөө цогцолбор төв”-д 1700 орчим иргэнийг тусгаарлаж, Цэргийн төв эмнэлэгт байгуулсан “Ковидын тасаг”-т 6800 өвчтөнг хэвтүүлэн эмчилж, салбарын бие бүрэлдэхүүний 98.6 хувийг I, II тунд, 81.9 хувийг III тунд хамруулсан байдаг юм. Мөн стратегийн чухал ач холбогдол бүхий уул уурхайн (Оюутолгой, Эрдэнэт, Замын үүд, Гашуун сухайт, боомтын ажилчид гэх мэт) 5000 орчим хүнд вакцинжуулах ажлыг манай эмч, эмнэлгийн ажилчид хийсэн.

Зэвсэгт хүчний алба хаагчид маань Замын-Үүд, Гашуунсухайт боомтуудад хөл хорио тогтоох, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, чингэлэг тээвэрлэлт, ачаа шилжүүлэн ачих ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд хяналтын постуудад эргүүл, хамгаалалт хийх, замын хөдөлгөөн болон бусад хууль, журам зөрчсөн иргэд, байгууллагуудыг илрүүлэн хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэснийг бас дурдах нь зүйтэй.

Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хэрхэх тухай асуумаар байна?

Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д 4 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгагдсан ба мөн түүнд тусгагдаагүй боловч нэн шаардлагатай гэж үзсэн хуулиудад батлан хамгаалах эрх ашигт нийцсэн зүйл, заалтуудыг тусгуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд “Зэвсэгт хүчний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлтийг 2 ч удаа оруулснаар батлан хамгаалах тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс шинэчлэгдэж, Зэвсэгт хүчний бүтэц шинээр тодорхойлогдож, Монгол Улсын иргэн хуулийн дагуу цэргийн алба хаах эрх зүйн харилцаа боловсронгуй болж, баталгааг дээшлүүлэхийн зэрэгцээ Засгийн газрын тусгай сангийн төрөлд багтдаг “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн нийтлэг харилцааг “Зэвсэгт хүчний тухай” хуулиар зохицуулах эрх зүйн зохицуулалттай болгосон.

Одоогийн байдлаар “Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг ЗГ, УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар, “Ерөнхийлөгчийн тухай”, “Боловсролын тухай багц хууль”, “Газрын тухай багц хууль”, “Гаалийн тариф, гаалийн татварын тухай”, “Онцгой албан татварын тухай” зэрэг хуулиудад салбарын зарим харилцааг зохицуулсан заалтуудыг нэмж тусгуулахаар ажиллаж байна.

Тухайлбал, ганцхан жишээ дурдахад Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр “Алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт 5 ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг 5 жил тутам олгох”, “цэргийн дээд офицерын цолтой цэргийн алба хаагч тэтгэвэр тогтоолгосон бол түүнд урьд эрхэлж байсан албан тушаалын цэргийн цолны цалинг харьяалсан үндсэн байгууллага сар бүр олгох” гэсэн зохицуулалтуудыг нэмэлтээр тусгаж шийдвэрлүүлэхээр бэлтгэж байна.

Дээрх хууль эрх зүйн зохицуулалтуудыг үе шаттайгаар хийснээр Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчин бэхжиж, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг дээшлүүлж, Зэвсэгт хүчинд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

“Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” гэж Үндсэн хуулиндаа заасан байдаг. Өнөөдөр Зэвсэгт хүчний хөгжил хэр түвшинд байна вэ?

-Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдаж, түүхийн олон олон нугачааг туулж хөгжсөөр өнөөдөр 102 дахь жилтэйгээ золгож байна. Түүхийн энэхүү хугацааны туршид 1921 онд Ардын журамт цэрэг байгуулагдан цэрэг, зэвсгийн хүчээр улс үндэстнээ харийн дарлалаас чөлөөлж, туурга тусгаар улсаа сэргээн мандуулж, Монгол Улсын газар нутаг, тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд халдсан харийн дайсны эсрэг 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэрэг Зөвлөлтийн Улаан армийн дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж, эх орон, ард түмэн, тусгаар тогтнолоо хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлэхийн хамт зүүн хойд Хятадыг чөлөөлөх цус асгаруулсан ширүүн тулаанд оролцож, Дэлхийн дайны ялалтад хувь нэмрээ оруулсан түүхэн гавьяаг байгуулсан.

Тэгвэл дэлхийн болон бүс нутгийн цэрэг-улс төрийн байдал, цэргийн хэрэгт гарсан хувьсал, зэвсэгт тэмцлийг явуулах онол, практикийн өөрчлөлтөд нийцүүлэн 1960-аад оны дундуур Монголын Ардын Армийг байгуулж, 1979-1989 онд түүнийг өргөтгөн зохион байгуулж Ерөнхий цэргийн армийн зохион байгуулалтад шилжүүлж, төрөл, тусгай мэргэжлийн цэргийн анги, салбаруудыг байгуулж, цэргийн даргалах бүрэлдэхүүнээ Зөвлөлт Холбоот Улсын цэргийн академи, их, дээд сургуулиудад бэлтгэж, орчин үеийн байлдааны зэвсэг, цэргийн техникээр хангаснаар манай Зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэх чадавхаараа хөрш орнуудын түвшинд ойртсон тийм түүхэн цаг хугацаа байсан юм.

Өнөөгийн Монгол Улсыг цогцлоож хөгжүүлэх их бүтээн байгуулалтад ч Монголын Ардын Арми, тэр дундаа барилгачин дайчдын оруулсан гавьяа зүтгэл хэмжээлшгүй их байдгийг энд дурдах нь бас зүйтэй.

1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн үүрэг мөн” болохыг тунхаглаж, Таны хэлсэнчлэн “Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна” хэмээн тодорхойлж, иргэн бүр эх орноо батлан хамгаалах, цэргийн алба хаах үүрэгтэйг хуульчлан баталгаажуулснаар Монгол Улсын батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэлийн эрх зүйн үндсийг тавьсан юм.

Монгол Улс 1990-ээд оны эхээр тайван цагт улс орныхоо батлан хамгаалах хэрэгцээ, шаардлага, эдийн засгийн боломжид нийцсэн “Цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байна” гэж тодорхойлсны дагуу төр, засгийн өмнө нэн шинэ үеийн Зэвсэгт хүчнийг байгуулах, бэхжүүлэх томоохон зорилт тавигдаж, түүний хүрээнд бүтэц, зохион байгуулалтыг нь хураангуйлах, тайван цагт байлдааны, сургуулийн болон хураангуй бүрэлдэхүүн бүхий холимог зохион байгуулалтад шилжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Үндсэндээ мэргэжлийн чиг хандлагатай, цомхон, чадварлаг Зэвсэгт хүчин байгуулах зорилт 2000 он гэхэд үндсэндээ хангагдаж, цомхон гэдэг зорилт бол төрийн бодлогын хэмжээнд тавигдах асуудал биш байна гэж үзээд мэргэжлийн чиг хандлагатай чадварлаг зэвсэгт хүчинтэй болох нь зүйтэй юм байна гэсэн концепцыг 2000 оноос дэвшүүлж 2015 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн. Энэ зорилт ч мөн амжилттай хэрэгжсэн.

Харин 2015 онд “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгээ УИХ-аар батлуулж, батлан хамгаалахын эрх зүйн хоёр дахь шинэчлэлийг эхлүүлж байлаа.

Тус баримт бичигт Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхыг бодлогын баримт бичгээрээ тунхаглаж өгсөн.

Үүнийг дагаад Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэж байгаа үүрэгт нэлээд томоохон өөрчлөлтүүд орсон юм. Шинэчлэгдэн батлагдсан бодлогодоо тулгуурлан Бид бүхэн Батлан хамгаалахын багц хуулиудаа боловсруулан УИХ-аар 2016 онд батлуулж чадсан.

Энэ нь Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн түүхэн арга хэмжээ болсон гэж үзэж болно. Энэхүү эрх зүйн шинэчлэлээр Зэвсэгт хүчнийг “Хуурай замын цэрэг” болон “Агаарын цэрэг”-ээс бүрдэхээр хуульчилж, “Мэргэжлийн цэрэгт суурилсан” байх зарчмыг тодорхойлсон бол 2020 онд батлагдсан Зэвсэгт хүчний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Зэвсэгт хүчин нь дээрх 2 төрлийн цэргээс гадна “Тусгай хүчний цэрэг”, “Кибер аюулгүй байдлын цэрэг” болон “Барилга-инженерийн цэрэг”-ээс бүрдэхээр хуульчлагдсан.

Ингэснээр Зэвсэгт хүчин улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил, цэцэглэлтэд оруулах хувь нэмрээ өргөжүүлж, Барилга-инженерийн төрлийн цэрэгтэй болсны зэрэгцээ даяаршиж байгаа аюулгүй байдлын олон талт асуудалд сонор сэрэмжтэй байх Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын мэргэжлийн цэргийг бий болгож, өндөр хөгжилтэй улс орнуудын цэрэг армийн хөгжлийн түвшинтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж, Зэвсэгт хүчний хөгжлийн түвшинг урьд байгаагүйгээр ахиулсан түүхэн үйл явдал болсон.

Өнөөдөр Зэвсэгт хүчин төрдөө, ард түмэндээ байнга хэрэгтэй байж, байнга хүчин зүтгэж байх ёстой гэсэн философи, үзэл баримтлалтай ажиллаж байна. Хэзээ нэгэн цагт хэрэгтэй биш байнга хэрэгцээтэй Зэвсэгт хүчин байна гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар манай Зэвсэгт хүчин дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Зэвсэгт хүчин болон хөгжиж байгаа гэдгийг Батлан хамгаалахын сайдын хувьд нүүр бардам хэлэх байна.

Бид Монгол Улсын Зэвсэгт хүчнийг 2050 он гэхэд цэргийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчин болсон байна гэж “Алсын хараа”-гаа тодорхойлоод байгаа.

Өнөөдөр хууль ёсоор Зэвсэгт хүчний бүтэц дотор манай Хуурай замын цэргийн хүчин, Агаарын цэргийн хүчин, Кибер цэргийн хүчин, Тусгай хүчний цэргийн хүчин, Барилга-инженерийн цэргийн хүчин орохоос гадна дайны байдлын үед хилийн болон дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагууд Зэвсэгт хүчний бүтцэд шууд ордог хууль эрх зүйн зохицуулалттай болсон.

Энэ нь тайван цагт тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг дээрх байгууллагууд улс оронд аюул, занал тулгарсан үед батлан хамгаалах нэгдмэл тогтолцоонд орж, улс орноо батлан хамгаалах үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь хамтдаа хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

2018 онд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсан. Тус хуульд Монгол Улсын иргэд, байгууллага бүр орон нутгаа хамгаалах үүрэгтэйг заасан байдаг. Өнөөдөр Орон нутгийн хамгаалалтын тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаа вэ?

Та маш зөв асуудлыг хөндлөө. Ер нь улс орноо хамгаалах нь Зэвсэгт хүчний үүрэг хэдий ч өнөөгийн дэлхий дахинд өрнөж байгаа цэрэг-улс төрийн нөхцөл байдал, явагдаж байгаа дайн, зэвсэгт мөргөлдөөний шинж чанараас харахад, тухайлбал, хамгийн сүүлийн Оросын Холбооны Улсын Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны өрнөлөөс дүгнэлт хийхэд аливаа улс өөрийн орны газар нутгаа хамгаалахдаа нутаг дэвсгэрийн хамгаалалтад тулгуурлаж байгаагийн зэрэгцээ үүнд иргэд нь сайн дураар оролцох тогтолцоо нь үр дүнд хүрэх болсон байна.

Энэхүү тогтолцоог хуульчлах ажлыг цэргийн удирдлагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулж, 2018 онд Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийг УИХ-аар батлуулж байсан.

Хуулийн гол үзэл санаа нь Орон нутгийн хамгаалалтын удирдлага, зохион байгуулалтын гол субъект нь бүх шатны Засаг дарга, хэрэгжүүлэх нөөц нь тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хүч нөөц, хэрэгжүүлэх хүч хэрэгсэл нь бүх шатны байгууллага, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан хамтын ажиллагаа гэж тодорхойлсон.

Энэ нь Батлан хамгаалах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болж, тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах учиртай юм.

Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх, тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах чиглэлд яамны зүгээс нэлээдгүй арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд тухайн орон нутгийн удирдлага ч ихээхэн анхаарал хандуулж эхлээд байгааг хэлэх нь зүйтэй байх.

Өнөөдөр орон нутгийн томилгоот нэгжийг аймаг, сум бүрд байгуулах, орон нутгийн цэргийн сургалтын тогтолцоог бүрдүүлж, шат дараалсан сургалтыг зохион байгуулж явуулах, тогтмолжуулах, Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах нь чухал зорилт болоод байна.

Энэ хүрээнд ч Бид өнгөрсөн оноос Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд заасан сургалт, дадлагуудыг аймаг, сумдын удирдлага, ард иргэдтэй хамтран шат дараалан зохион байгуулж байгаа. Энэ онд нэлээд хэдэн аймгуудад зохион байгуулахаар хамтран төлөвлөж, бэлтгэл ажлууд эхлээд явж байна.

Батлан хамгаалах салбар улс орны бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцохын зэрэгцээ цэргийн шинжлэх ухаан, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар нэлээдгүй ажлыг хэрэгжүүлж эхэлсэн гэж сонссон. Таньтай энэ талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

Тийм ээ. Батлан хамгаалах салбар төр, засгаас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, арга хэмжээний хүрээнд Цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар батлан хамгаалах эрх ашигт нийцсэн цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дараагийн шатны туршилт, судалгаа, сайжруулалтын ажлыг эрчимтэй хэрэгжүүлсээр байгааг дээр цухас дурдсан.

Зэвсэглэл, цэргийн техникээ шинэчлэхдээ гадаадын орны цэргийн техникийг худалдан авах эсвэл тусламжид тулгуурлах бус өөрсдийнхөө нөөц бололцоо, хөгжингүй орнуудад суралцаж, орчин үеийн цэргийн техник, технологийн суурь мэдлэгийг эзэмшсэн офицеруудаа түшиглэн орчин үеийн технологийн ололт, шийдлийг тодорхой хэмжээнд нутагшуулан нэвтрүүлэх, дотооддоо цэргийн техник үйлдвэрлэх, удаан хугацааны хадгалалтад байгаа зэвсэглэл, цэргийн техникийг сэргээн сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, туршилт-судалгаа явуулж Монгол хүн зэвсэглэл, техникээ өөрсдөө хийх боломжтой гэдгээ олон нийтэд харуулж, өмнө дурдсанчлан Зэвсэгт хүчний 100, 101 жилийн ойг угтан цэргийн зориулалттай хөнгөн хуягласан болон тусгай зориулалтын байлдааны машины эхний загваруудаа дотооддоо үйлдвэрлэсэн. 2023 онд сайжруулалтыг хийж дахин тодорхой тооны тусгай зориулалтын машиныг үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Мөн агаарын довтолгооноос хамгаалах хяналтын системийнхээ техник хэрэгслийг сайжруулах замаар радиолокацийн станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн болон холбооны бэлэн байдлыг нэмэгдүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Бидний өмнө туршилт судалгааны ажлуудаа улам эрчимжүүлж, дараагийн сайжруулалт, инновац шингэсэн загвар бүтээлүүдийг гаргаж авах, патентжуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улмаар Зэвсэгт хүчинд ашиглах гэсэн олон үе шат бүхий ажлууд хүлээгдэж байна. Мөн дээрх төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллах инженер, техникийн мэргэжлийн алба хаагчдыг сургаж бэлтгэхэд онцгойлон анхаарч, хамтын ажиллагаатай улсуудтай тухайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр ажиллах хэрэгцээ, шаардлага үүсэж байгаа.

Цаашид Туршилт-судалгааны төвүүдээ бэхжүүлж, орчин үеийн технологийн ололт, шийдлийг нутагшуулан нэвтрүүлж, удаан хугацааны хадгалалтад байгаа зэвсэглэл, цэргийн техникийг сэргээн сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх болно.

Бидний бас нэг төлөвлөж байгаа том ажлын нэг бол “Бага бууны сумны үйлдвэр”-тэй болох асуудал юм. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрийн барилга бэлэн болсон, ирэх намар гэхэд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулж, сумаа үйлдвэрлэнэ.

Тус Сумны үйлдвэр ашиглалтад орсноор Зэвсэгт хүчний сумны хэрэгцээг хангаад зогсохгүй төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хэрэгцээт сумыг хангах боломжтой болох чухал ач холбогдолтой юм.

Миний бие Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа маш өндөр түвшинд байдаг гэж сонссон. Өнөөдөр Батлан хамгаалахын гадаад хамтын ажиллагаа хэрхэн өргөжин тэлж, хөгжиж байгаа талаараа танилцуулна уу?

Батлан хамгаалах салбар маш олон улстай цэрэг-техникийн болон цэргийн дипломат харилцааг тууштай хэрэгжүүлж ирсэн юм.

Дээрх улсуудтай хамтын ажиллагааны хүрээнд олон чиглэлээр тухайлбал, дэлхийн ба бүс нутгийн аюулгүй байдлын орчны талаар олон улсын эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулах, цэргийн мэргэжилтэнг харилцан бэлтгэх, хамтарсан сургууль, дадлагууд явуулах, сургалт семинар зохион байгуулах, энхийг дэмжих ажиллагааны туршлага солилцох, цэргийн харилцааг эхлүүлэх, шинэ шатанд гаргах болон бусад маш олон өргөн хүрээний асуудлуудаар харилцан ажиллаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр байна.

Өнгөрсөн онд гэхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын батлан хамгаалах яамдтай хэлэлцээр хийж, “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулж, хамтын ажиллагаатай орны тоог 3-аар нэмэгдүүлсэн бол энэ оны 02 дугаар сараас эхлэн Арабын Нэгдсэн Эмират Улстай харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлж, мөн “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т хоёр тал гарын үсгээ зурснаар манай яам дэлхийн 39 дэх улстай цэргийн дипломат харилцаа тогтоосон түүхэн үйл явдал болсон.

Манай салбарын гадаад хамтын ажиллагааны бас нэг чиглэл нь энхийг дэмжих ажиллагааны оролцоо юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь 21 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор Зэвсэгт хүчнээс нийт 21,000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгүүлж, өнөөдрийн байдлаар дэлхийн 7 улсын нутаг дэвсгэрт явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд 900 гаруй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй биелүүлж байна. Энэ ч утгаараа манай улс НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудаас эхний 24-т, Зүүн Өмнөд Азийн орнуудаас 1-рт жагсдаг нь маш том амжилт юм.

Цаашид энхийг сахиулах ажиллагааны оролцоог нэмэгдүүлэхэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлагаас анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Үнэлгээ, зөвлөмжийн багт “Түргэн байрлах хүчний рот”, “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”, “Инженерийн рот”, 2 дахь “Мотобуудлагын батальон”-ыг амжилттай шалгуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чадавхын бэлэн байдлын системд бүртгүүлж, эдгээрээс “Түргэн байрлах хүчний рот”, “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийг эхний ээлжинд ажиллагаанд шинээр оролцуулах бэлтгэлийг хангах тухай асуудлыг Засгийн газрын болон ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулан бэлтгэл ажлыг хангаж байна.

Мөн НҮБ-аас гаргасан тусгай шаардлагын дагуу тус багуудын зэвсэглэл, тусгай зориулалтын техник, хэрэгсэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гадна хамтын ажиллагаатай улс орнуудыг түшиглэн шийдвэрлэхээр зорин ажиллаж байгааг хэлье.

Өнгөрсөн оноос эхлэн цахим орчинд цэргийн албаны тухай тэр дундаа алба хаах хугацааны өөрчлөлттэй холбоотой мэдээлэл цацагдаж эхэлсэн. Үүнд Та салбарын сайдын хувьд тайлбар хэлэхгүй юу?

Дэлхийн ихэнх улс орнуудын Үндсэн хуульд “Эх орноо батлан хамгаалах нь иргэн бүрд ногдсон үүрэг мөн” гэж тодорхойлон иргэдийг түр хугацааны цугларалтаар бэлтгэж оногдуулан бүртгэх, хугацаат цэргийн албанд татаж дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэх гэсэн үндсэн 2 төрлөөр хэрэгжүүлж байна.

Дайчилгааны нөөцөө хугацаат цэргийн албаар нөхөн хангах тогтолцоотой улсуудын хувьд заавал алба хаах хугацаа нь 6 сараас 3 жил хүртэл байгаа бөгөөд дэлхийн улс орнуудад хугацаат цэргийн алба хаах хугацаа дунджаар 18-24 сар гэсэн судалгаа бий.

Манай улсын хувьд хугацаат цэргийн алба хаах хугацаанд 1925 оноос 1987 оны хооронд 5 удаа өөрчлөлт оруулж 2-5 жил хүртэл хугацаагаар алба хааж байсан бол 6 дахь өөрчлөлтийг 1992 онд батлагдсан “Бүх нийтийн цэргийн үүргийн тухай” хуулиар оруулж 12 сар буюу 1 жил байхаар хуульчлан тогтоож өнөөг хүртэл мөрдөгдөж байна.

Таны хэлж байгаачлан цахим орчинд хугацаат цэргийн албаны алба хаах хугацаатай холбоотой мэдээлэл үе үе цацагдаж, зарим судалгааны байгууллагуудаас судалгаа явуулж буй асуудал байгаа.

Ер нь бол нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, цэргийн сургалтын хөтөлбөр, агуулгад гарсан өөрчлөлт, хугацаат цэргийн алба хаасан иргэнд давуу эрх, хөнгөлөлт, урамшуулал олгох чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Миний бие ахлан ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд цэргийн эрдэмтэн, судлаачидтайгаа хамтран судалгаа, шинжилгээний ажлыг хийгээд явж байна. Энэ асуудал нь нийгэм, эдийн засагтай шууд холбоотой, цэргийн насны залуусын амьдрал ахуйтай холбоотой тул маш нарийн тооцоо, судалгаан дээр үндэслэж гаргах, онцлон хэлэхэд энэ ажлын үр дүн нь цор ганц хугацааны тухай асуудал биш гэдгийг ч ойлгох хэрэгтэй.

Өнөөдөр Монгол Улсад жилд ойролцоогоор 25 мянга орчим иргэн цэргийн алба хаах насанд хүрч, нийт 200 мянга орчим цэргийн насны залуучууд байна гэсэн статистик судалгаа гардаг хэдий ч тэдний маш бага хувь нь цэргийн алба хааж байна.

Ер нь бол Үндсэн хуулийн Арван долдугаар зүйл дэх Монгол Улсын иргэний үндсэн үүрэгт “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” гэж заасан байдаг ч энэ заалт хэрэгжихгүй байна.

Цаашид цэргийн алба хаах хяналтын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх, иргэн бүр цэргийн алба хаах тогтолцоонд шилжихгүй бол цэргийн бэлтгэл нөөцийн, тэр дундаа цэргийн нарийн мэргэжлийн бүрэлдэхүүний хомсдолд орох нөхцөл байдал үүсэж эхэлсэн. Энэ асуудалд төрөөс онцгойлон анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Мөн өнөөгийн нийгэмд цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, бие бялдар, хүмүүжил, төлөвшил ихээхэн анхаарал татаж байгааг нийгмээрээ мэдэж байгаа.

Иймд цэргийн албаар дамжуулж залуучуудын хандлагыг өөрчлөх, эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, тэсвэр хатуужил суулгах, цэргийн болон энгийн мэргэжил, мэдлэгтэй болгох, өөрөөр хэлбэл хугацаат цэргийн албаны бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал юм аа.

Тиймээс тогтолцооны шинэчлэл хийж, цэргийн алба хаах хугацаа, сургалтын үечлэл, хөтөлбөр, агуулгад өөрчлөлт оруулах замаар хугацаат цэргийн албанд чанарын бодит өөрчлөлт хийх бодлогыг баримтална.

Цэргийн албанд гэмтэж бэртэх, эсвэл өөрийнхөө амийг хорлох хэмжээнд хүртлээ сэтгэл санааны дарамтад орох асуудлууд гарч нийгэмд цэргийн албаны талаарх сөрөг мэдээллүүд их гарах болсон. Та мэргэжлийн хүний хувьд, нөгөөтэйгүүр цэрэг, армийн зовлон, жаргалыг сайн мэдэх хүний хувьд энэ чиглэлд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

Миний бие сайдын албанд томилогдоод эхний ээлжинд салбарын хэмжээнд сахилга, хариуцлага, дэг журмыг бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, энэ талаар нэлээдгүй ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зорин ажиллаж ирсэн.

Эдгээрээс дурдвал, Сайдын эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх бодлогыг баримталж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 58 дугаар тогтоолоор Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албыг шинэчлэн байгуулж, үйл ажиллагаа нь жигдрээд байна.

Мөн Дэд сайдаар ахлуулсан “Батлан хамгаалахын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийг ажиллуулж байгаа.

Үүнээс гадна “Батлан хамгаалах – Иргэний хяналт 1800-1144” тусгай дугаар ажиллаж эхэлснийг Та бүхэн мэдэж байгаа байх. Энэхүү тусгай дугаараар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, цэргийн нэгтгэл, анги, салбартай холбоотой аливаа мэдээллийг нээлттэй, 24 цагийн турш хүлээн авснаар Бид бүхэнтэй холбоотой иргэдийн санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Энэхүү утсанд маш олон санал, хүсэлт ирж тухай бүр надад танилцуулагдаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж, тодорхой үр дүн гарч байна.

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг “Хяналтын камер”-тай болгох ажлыг хэрэгжүүлж, хугацаат цэргийн алба хаагчидтай ангиудыг бүрэн камержуулж, хяналтыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Уг асуудал ч бас үр дүнгээ өгч байгаа.

Дээрх болон бусад олон ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажилласны дүнд 2020 оны 08 дугаар сарыг өнөөдрийн энэ үетэй харьцуулахад, сахилгын зөрчил 84,4 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Бидний хийсэн ажил багагүй бий, миний болоод шат дараалсан захирагч, дарга нараас ажил, үүргийн хувьд өгч байгаа сануулга, үүрэг, чиглэл, даалгавар ч багадаагүй, харин бид алдаа, хэрэг, зөрчил гарахгүй байх хөрс суурийг нь бүрдүүлэхэд анхаарч байна. Нийгэмд болж бүтэхгүй олон асуудлууд байгаа нь ч дээрх асуудалд нөлөөлж байгаа тал бий.

Дээрхээс гадна Сайдын ажлыг хүлээн авснаас хойш салбартаа “Хандлагаа өөрчилж, хариуцлагаа дээшлүүлье” гэсэн уриалгыг дэвшүүлж, шат шатандаа эерэг хандлагыг төлөвшүүлэхээр нэлээд өндөр шаардлагыг тавьж байгаа.

Аливаа зүйлд хандах хандлага нь тухайн хүний мөн чанарыг тодорхойлж байдаг гэдгийг салбарын алба хаагчид, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн гүнээ ухамсарлаж, бие биендээ тусалдаг, дэмжиж ажилладаг, хамт олны дунд зөв уур амьсгалыг бий болгодог байх нь чухал юм. Энэ ажил ч өнгөрсөн хугацаанд үр дүнгээ өгч, манай алба хаагчдын албандаа хандах хандлага дээшилж, өөрчлөлт гарч байна.

Батлан хамгаалах салбарын өөр нэг зорилго нь иргэдийнхээ эх оронч үзлийг түгээх, дэлгэрүүлэх тухай асуудал байх гэж би үздэг. Өнөө цагт манай улсын иргэдэд эх оронч үзэл, суртал дутагдаад байна уу гэж хараад байгаа. Энэ чиглэлд танай яам хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Тйим ээ. Энэ асуудал манай салбарын гол үүргийн нэг юм. Манай яамнаас иргэд, олон нийтэд Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, хууль тогтоомжоо таниулах, эх орны болоод монгол цэргийн түүх, уламжлалаа залуу үед таниулж ойлгуулах, цэргийн алба хааснаар ямар үр дүн гарах, эх орон, газар шороо маань ямар их үнээр Бидэнд олдсон бэ гэдгээс эхлэн олон ажил арга хэмжээг аймаг, нийслэл, дүүргүүдэд явуулж ирсэн.

Энэ чиглэлийн ажлууд маань өнгөрсөн жилүүдэд дэгдсэн “Ковид-19” цар тахалтай холбогдуулан тодорхой хугацаанд тасалдсан боловч 2022 оноос энэ чиглэлийн ажлуудаа эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Оюутан-цэрэг” сургалтыг 13 аймаг болон нийслэлд 2014 оноос хойш зохион байгуулж, нийт 6000 гаруй их, дээд сургуулийн оюутан, коллеж, МСҮТ-ийн суралцагчдыг хамруулсан байдаг. Өнгөрөгч 2022 онд 450 оюутныг сургалтад хамруулж цэргийн I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэсэн.

Энэ жилийн “Оюутан-цэрэг”-ийн бүртгэл 03 дугаар сарын 06-14-ний өдрүүдэд явагдаж, маш олон залуус бүртгэлд хамрагдсан байна лээ.

Сүүлийн жилүүдэд цар тахал, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан “Оюутан цэрэг” сургалт завсардах, элсэгчдийн тоо мөнгө, санхүүгээс шалтгаалан буураад байсан юм. Тэгвэл саяхан Ерөнхий сайд шийдвэр гаргаж, энэ жилийн сургалтад 1000 оюутан залуусыг хамруулан суралцуулахаар болсон.

Энэ бол маш чухал шийдвэр юм. Яагаад гэвэл нийгэмд, тэр дундаа оюутан залуусын дунд тус сургалтад хамрагдах хүсэл тэмүүлэл, хэрэгцээ маш их байна. Цаашид хамрагдагсдын тоог нэмэгдүүлэх бодлогыг баримталж ажиллах болно.

Нөгөөтэйгүүр тус сургалтаар дамжуулан дээд боловсролтой нарийн мэргэжлийн цэргийн дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэх нэн ач холбогдолтойгоос гадна залуус маань их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн түргэвчилсэн онол, дадлагын сургалтад хамрагдаж, эрүүл чийрэг бие бялдартай, сэтгэл зүйн хаттай, эх орноо хайрлан хамгаалах үзэл, хүмүүжилтэй болж байгаа нь маш том үр дүн юм.

2022 онд олон жил завсардаад байсан Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг зохион байгуулж явууллаа.

Тус тэмцээн нь Монгол Улсын батлан хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг бөгөөд хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх эрхэм зорилгоо алдахгүйгээр цар хүрээгээ улам тэлж, Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн хэмжээнд 3 үе шаттайгаар явагдаж, эхний шатанд 1338 багийн 17220 хүүхэд оролцсон бол хоёрдугаар шатанд 4516, эцсийн шалгаруулалтад 29 багийн 380 гаруй хүүхэд, нийт 22000 гаруй ахлах ангийн сурагчид оролцсон авхаалж самбаагаа сорьсонд Батлан хамгаалахын сайдын хувьд талархалтай байгаа. Цаашид уламжлал болгон 2 жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Мөн бид Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг Батлан хамгаалах яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб хамтран хэрэгжүүлж, хөдөлмөрийн насны 2400 орчим залуусыг сургалтад хамруулж, тэдний хандлага, ёс суртахуун, зан төлөвт эерэг нөлөөлөл үзүүлж, цаашид бие даан ажил, мэргэжлийн чиг баримжаагаа зөв олох, амьдралын гараагаа зөв эхлүүлэх, эрүүл зөв амьдралын хэв маягт шилжихэд үнэтэй хувь нэмрийг оруулсан. Энэ жилийн арга хэмжээ удахгүй эхлэхээр төлөвлөгдөж байгаа юм.

Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажлыг 2022 онд Дорноговь аймагт нээлттэй өдөрлөгийн хэмжээнд зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсон. Энэ 2023 онд Батлан хамгаалахын хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг хэд хэдэн аймагт явуулахаар төлөвлөж байна.

Мөн 21 аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабууд Батлан хамгаалахын хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах зорилгоор тодорхой ажил, арга хэмжээнүүдийг жил бүр зохион байгуулж, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг тогтмол хэрэгжүүлж ирсэн.

Удахгүй Монгол цэргийн баяр болох гэж байна. Энэхүү баярыг бид хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх ёстой вэ?

Баярлалаа. Би ярилцлагынхаа эхэнд ард, иргэддээ, салбарынхаа хамт олон, ахмад дайчдадаа баярын мэнд дэвшүүлсэн. Нийгэмд 03 дугаар сарын 18-ны өдрийг “Цэргийн баяр”, бүр “Эрчүүдийн баяр” хэмээн тэмдэглэдэг.

Энэ өдөр хуулиараа бол Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн баярын өдөр буюу “Монгол цэргийн өдөр” юм.

Энэхүү баярын гол ач холбогдол нь иргэдэд улс эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр, залуу үеийн эх оронч сэтгэлийг дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлыг суулгах явдал гэж боддог.

Энэ хүрээнд Батлан хамгаалах яам, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд олон ажил, арга хэмжээг төлөвлөн зохион байгуулдаг уламжлалтай.

Баярлалаа Танд. Бидэнтэй цаг зав гаргаж, салбарынхаа талаар дэлгэрэнгүй ярилцсанд талархал илэрхийлье.

Өдрийн сонин

Э.Мөнхтүвшин

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close