УИХ-ын хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ. Энэ чуулганаар ҮХНӨ, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал, Авлигын эсрэг багц хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль зэрэг олон томоохон, суурь реформын шинжтэй асуудлууд хэлэлцэгдэнэ. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж ярилцлаа.
-Танд өдрийн мэнд хүргэе. Хаврын чуулган эхлэх гэж байна. Намрын чуулганы үеэр “нүүрсний” хэргээс улбаалан иргэдийн бухимдал туйлдаа хүрч олон нийт жагсаж тэмцсэн. УИХ иргэдийн шаардлагын дагуу нээлттэй сонсгол ч хийсэн, зөвлөлдөх санал асуулга ч явуулсан. Хаврын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэхээр төлөвлөж байна вэ?
-Хаврын чуулганаар бид гурван чиглэлээр 10 багц эрх зүйн шинэчлэлийг хийхийг зорьж байна. Авлига нийгмийн хорт хавдар болоод байна.Тиймээс Авлигатай тэмцэх багц хуулийг эхний ээлжинд хэлэлцэнэ. Иргэдийн амьжиргаа, улс орны тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийг хязгаарлагч хүчин зүйл, садаа нь авлига.
Саяхан УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж авлигын хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгасан. Зөвхөн индекс хөөцөлдөх бус, авлигын уг үндэс, шалтгаан нөхцөлтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм учраасАвлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлнэ.
Ёс зүй бол авлигагүй нийгмийн үндэс суурь юм. ИймдАвлигатай тэмцэх засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцэнэ. Төрийн албан хаагч бүрд ёс зүйтэй, эрүүл нийгмийг төлөвшүүлэх, авлигыг үл тэвчих хүсэл зориг хэрэгтэй.
МөнШүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг хийгдэнэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Товчхондоо хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган байх болно.
-Зөвлөлдөх санал асуулгын үр дүнгээр Зөвлөлөөс зөвлөмж гаргасан. Тэдгээрээс хамгийн эхэнд ямар асуудал хэлэлцэх вэ?
-Өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгаар иргэдийг төлөөлсөн төрийн хяналтын тогтолцоо бий болгох санал хамгийн өндөр хувьтай дэмжигдсэн. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх бодлого үйл ажиллагааны хараат бус бие даасан байдлыг хангаж, Үндсэн хуулийн байгууллага болгох шаардлагатай гэж үзэж байна.
Авлигатай тэмцэх ажлыг судалгаа дүгнэлтээр дэмжих, Төрийн хяналт шалгалтын хараат бус хороо байгуулж, төсөв мөнгөний бодлого, төрийн өмчит компаниудын засаглал, хяналтыг сайжруулах шаардлагатай гэж иргэд, иргэний нийгмийн байгууллагууд үзсэн. Авлигатай тэмцэх, авлигыг үл тэвчих үйл хэрэг үндэсний хэмжээний бие даасан цогц тогтолцоо байх ёстой юм байна. Үүнийг хуульчилна. Үндэсний хөтөлбөрт тусгана.
–Намрын чуулган завсарлахтай зэрэгцээд УИХ Хөгжлийн банкны асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулж эхэлсэн. Өнөөдөр ч үргэлжилж байна. Мөн “нүүрсний” гэх хэргээр нээлттэй сонсгол хийнэ гэж ойлгосон. Нийгэмд дуулиан тарьсан, ард иргэдийн анхаарлыг татсан эдгээр хэргүүдийн эзэн, холбогдогчийг ил болгож, хянан шалгах чиг үүргээ бодитой хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай ч шүүх эрх мэдэлд халдаж байна гэж зарим иргэд шүүмжилж байгааг юу гэж үзэж байна вэ?
-2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Улмаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, хэрэгжүүлж эхэлснээр 2022 оноос УИХ-ын хяналт шалгалтын ажил шинэ шатанд гарсан. Хянан шалгах ажлын хэсгүүд, Түр хороод байгуулагдаж, УИХ-ын гишүүд маань ч тал талд шүгэл үлээж эхэлсэн.
Олон жил далд бугшсан хэрнээ байнга яригддаг байсан асуудлууд ил болж, Байнгын хороод, чуулганы хуралдаануудаар шүгэл үлээгдэж, олон нийтийн анхаарлын төвд орсон. Тухайлбал УИХ-аас 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Хөгжлийн банкны асуудлаар хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулсан. Дөрөвдүгээр сард Хянан шалгах түр хороог байгуулсан. Шинжээч томилж, нотлох баримт цуглуулах, шинжлэх, гэрч дуудах гэх мэтээр ажилласаар, одоо нийтийн сонсгол нь болж байна.
Нүүрсний хулгай, гэрээ, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар хянан шалгах Түр хороог УИХ-аас 2022 оны 6-р сард байгуулсан. Түр хорооны зарим гишүүд 44 их наяд төгрөгийн нүүрсний хулгай гэж алдаатай шүгэл үлээсэн ч удаатай. Энэ Түр хороо удахгүй “нүүрсний” асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийхээр төлөвлөж байгаа.
-Чуулган эхлэнгүүт АТГ-аас нэр нь зарлагдсан УИХ-ын гишүүдийн асуудлыг хуулийн байгууллагууд оруулж ирнэ гэсэн хүлээлт байна. Энэ асуудалд таны байрь суурь их сонирхолтой байна. Та гишүүдээ өмгөөлж, хамгаалахуу?
-Тавантолгой, нүүрсний асуудал, төмөр замын оффтейк гэрээний гэх мэт асуудлуудыг хуулийн байгууллагад шилжүүлээд сар гаран болж байна. Нэлээд олон эрүүгийн хэрэг үүсгэгдээд, шалгагдаад явж байгаа гэж ойлгож байгаа. Өнөөгийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар нотлох баримтыг цуглуулах, шинжээч томилох, дүгнэлт гаргуулах зэрэг үйл баримтыг сэргээх ажлууд бүгд цаасан суурин дээр явагддаг, маш их цаг хугацаа ордог ажил гэдгийг иргэд, олон нийт ойлгох биз ээ.
Өмгөөлж хамгаалах, эсвэл шахаж шаардахын аль аль нь хууль бус. Хууль, шүүхийн байгууллагуудын ажилд хутгалдан орж шүүмжлэх нэрээр нөлөөлөх үйлдэл хийж огт болохгүй. Үүнийг ардчилсан Үндсэн хуульт улсуудад шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэж үздэг. Эрдэнэтийн 49 хувийн хэргийг 2 жил гаруй, Хөгжлийн банкны хэргийг 11 сар гаруй мөрдөж байж, Прокуророос шүүхэд шилжиж байна.
Ард иргэдийн шудрага ёсны хүсэмжлэлийг ард иргэдийн төлөөллийн байгууллага илэрхийлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэр утгаараа иргэд маань төрд төлөөлөлгүй болох вий, парламентын ардчилсан засаглалтай Монгол Улсад улс төрийн хямрал нүүрлэх вий гэх болгоомжлол байгааг нуугаад яахав. Гэхдээ Монгол Улсынхаа хуулийн байгууллагуудын шийдвэр, нийгмийн захиалга гэх мэт олон хэмжээсэнд, зөвхөн зарчмын шалгуураар, хуулийн дагуу л асуудалд хандана.
–Сонирхоод асуухад нэр холбогдсон гишүүд Таны өрөөний хаалгыг хэр олон онголзуулж байгаа вэ?
-Уламжлалт ойлголт дээр суурилсан асуулт байна. Том дарга дээр бүх асуудал шийдэгддэг гэх хуучин ойлголт байсаар байгаагийн шинж юм уу даа. Миний хаалгыг онголзуулаад нэмэргүйг гишүүд маань мэдэж байгаа.
Авлига нийгмийн хорт хавдар болсныг ард түмнээрээ хүлээн зөвшөөрч ойлгочихоод байгаа ийм чухал, түүхэн цаг үе олон тохиодоггүй. Тиймээс ийм цаг үеийг зөв эргэлтийн эхлэл болгох нь өнөөгийн улс төрийн нам, төрийн шийдвэр гаргагч нар, төрд зүтгэж буй бүх хүний хүсэл зорилго байх ёстой.
Энэ нь зөв хандлагыг тодорхойлох буюу бүх түвшиндээ шинэ сэтгэлгээ болж хэвших учиртай. Тэгж байж л өнөөгийн олон суурь гажуудлууд засагдаж, өөрчлөгдөх хөрс нь бүрдэж, хөгжил дэвшил бодитоор бий болох байх гэж хариулмаар байна.
–Авлига манай нийгмийн суурь асуудал болсон гэдгийг бүх түвшиндээ хүлээн зөвшөөрөхөөс ч өөр арга алга. Хурган даргын гэрээс л гэхэд бухал мөнгө олдож байна ш дээ. Мань мэтийн санаанд ч багтамгүй байсан тоонууд өнөөдөр хэвийн л хулгай мэт сонсогддог болох нь ээ?
-Үнэндээ бол ардчилсан Үндсэн хуульт Монгол Улс цаашид хөгжин дэвжиж, хүчирхэгжин өндийх суурь бол итгэлцэл. Төр-иргэний итгэлцэл доройтох тусам улс орны оршихуйд асуудлууд үүсдэг гэдгийг түүх нотолдог. Авлига бол үл итгэлцэл үүсэх хамгийн том шалтгаан.
Аристотель “Зөв амьдрал гэж юу вэ гэдгийг тодорхойлохгүйгээр шударга Үндсэн хууль баталж чадахгүй. Хууль зөв амьдрал гэж юуг хэлэхийг заах ёстой” гэж үздэг байсан. Тиймээс хүчтэй төрийн суурь бол сайн хууль гэх зарчмыг үндэс болгох ёстой.
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын бүх түвшинд авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлж байгааг та бүхэн харж байгаа. Авлига гүнзгийрсэн байх тусам тэмцэл хүнд байна. Гэхдээ хүнд хүчир гээд хойш суучихвал хэчнээн хичээгээд ч шийдэж чадахааргүй түвшинд манай авлигын асуудал гүнзгийрнэ. Өнөөдөр бол өчигдрийн үр дүн, харин маргааш бол өнөөдрийн тусгал учраас энэ тэмцлээс ухралгүй, зоримог шийдмэг хийж, цэгцрэх ёстой.
Төрд шимэгчлэх гэж, төрөөс завших гэж, төрийг мөлжих гэж улстөрч болон төрийн албан хаагч болдог хандлагыг таслан зогсоох, эсэхээс бидний цаашдын хувь заяа шалтгаална. Тиймээс Улс төрийн намын тухай болон Сонгуулийн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг батлах ёстой.
-Барилаа, тавилаа гэх мэдээнд хууртаж дөжирсөн нийгэм хууль гэхээс илүү бодит хариуцлага, шийтгэл хүсэж байгаа нь нууц биш. Нийгмийн энэ их бухимдал улс төрийн тогтворгүй байдал руу чирэх вий гэж сэтгүүлчийн, иргэний хувьд санаа зовниж байна…
-Санаатай, санаандгүй харлуулалт нь нийгмийн үзэл бодлын ялгаатай байдлыг ашиглан тогтворгүй байдал үүсгэх сонирхол байх вий гэж болгоомжлох шалтгаан байна аа. УИХ нь хууль тогтоох үүргийнхээ хүрээнд сүүлийн хэдэн жил эрх зүйн шинэчлэлийг маш эрчимтэй хийж байгаа. Мэдээж, хуулийн шинэчлэлийг нэг амьсгаагаар, нэг парламент хийнэ гэж байхгүй. Маш их цаг хугацаа, судалгаа шинжилгээ, боловсруулалт ордог.
-Та сая хэллээ, тогтворгүй байдал үүсгэх сонирхол бий гэж…
-Монголд тогтворгүй байдал бий болгох их, бага сонирхлууд үргэлж байсан, цаашид ч байх биз. Үүнээс зугтах арга одоохондоо үгүй тул даван туулахад ямагт бэлэн байх ёстой. Төрөөс хулгайлж, хумсалснаа нуух гэсэн жижиг сонирхлоос эхлээд, энэ улсыг тэр чигт нь аалзны тор мэт хэрж, мөлжиж байдаг тогтолцоо бойжуулсан томоохон бүлэглэлүүд, геополитикийн ашиг сонирхолдоо нийцүүлэх гэсэн хол ойрын их гүрнүүд гээд олон огтлолцол дунд Монгол төр оршин тогтнож байгаа. Илүү төвөгтэй хүндрэл сорилтууд ч бидний өмнө бодитоор бий болсоор байна.
Цар тахал, дайнаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хямрал гээд асуудлууд үргэлжилсээр байна. Өөдрөгөөр харвал боломж ч олноор нээгдэж байгаа. Манай улсын гадаад бодлогын байр суурь дэлхийн анхааралд орсон. Дайнаас үүдэлтэй улс орнуудын батлан хамгаалах зардлын өсөлтөөс хамаарсан түүхий эдийн эрэлт дагасан үнийн өсөлт богино хугацаандаа манай эдийн засагт сайнаар нөлөөлж байгаа гэх мэт. Ер нь хүндрэл бүхэн боломж дагуулдаг тэнцвэрийн бичигдээгүй хуулийг мэддэг, ашигладаг байх ёстой. Эдгээр боломжуудыг ашиглахын тулд дотоодын ойлголцол, зөвшилцөл, эв нэгдэл бүхнээс чухал гэдэг нь ойлгомжтой.
-Дотоод эв нэгдэл чухал гэж Та ярилаа. Танай нам хоёр удаа үнэмлэхүй олуулаа төрийн эрх барилаа. Гэхдээ өнөөгийн ҮАБЗ буюу төрийн бүх эрх мэдлийг та бүхэн нам доторх тэмцлээр олж авсан. Одоо ч нам дотор чинь ах дүүгийн тэмцэл үргэлжилж байна гэж ойлгогдож байгаа, энэ талаар юу хэлэх вэ?
-Өнөөгийн ҮАБЗ-ийн гурван гишүүн бол МАН дотор залуучуудын байгууллагаа удирдаж байсан 60, 70, 80 оны төлөөллүүд. Энэ утгаараа жаргал зовлонгоо хамтдаа хуваалцаж, хүсэл зорилгоо ч хамтдаа бүтээлцсэн. Гэхдээ улс орны асуудал ямагт хувийн харилцаанаас дээгүүр эрэмбэлэгдэх нь зайлшгүй учраас бид зарчмын шалгуураар төрийн асуудалд ханддаг.
Нам дотор өмнө үүссэн зөрчлүүд ч хувь хүмүүсийн гэхээс илүү улс орны эрх ашигтай холбоотой асуудлаас үүдэгдсэн. Өнөөдөр ч, маргааш ч үл ойлголцох сэдвүүд үүсэн бий болж болно, харин тэр бүхэнд туйлшралгүй, эрэмбэ дарааллаа баримтлан, зарчмын шугамаар чиг баримжаа хийж, шийдвэрлэх бүрэн чадамж бидэнд бий.
Бидний ойлголцож ажилладгийн нэг бодит жишээ бол өчигдөр нээлтээ хийсэн Оюутолгой төслийн далд уурхайн олборлолт юм. Одоогийн Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар, би Засгийн газрын ХЭГ-ын дарга, сайдаар ажиллаж байхдаа, шалгах ажлын хэсэг байгуулж, УИХ-ын дарга болсныхоо дараа “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох 92-р тогтоолыг батлуулж, “Монгол төрийн уурга урт, хуйв уужуу” гэж хэлж байсан минь санагдаж байна. Энэ шударга ёс, зарчмын байр суурийг өнөөгийн Ерөнхий сайд алдагдуулалгүй үргэлжлүүлснээр хэлэлцээр амжилттай болж, өчигдөр үндсэн олборлолтоо эхлүүлж байна. Үүн шиг бидний ойлголцлоор шийдэгдсэн олон асуудал бий.
Түрүүн хэлсэнчлэн, манай улсад суурь реформ хийгдэж эхэлж буй, олон эрх ашгууд огтлолцох, тогтворгүй байдал үүсэх эрсдэл бодитой байсаар байгаа энэ цаг үед дотоодын эв нэгдлийг сахин хамгаалах тал дээр бидэнд олон давуу тал бий. Тиймээс хагарал талцал, үл ойлголцол үүсэж гүнзгийрэх эрсдэл маш бага гэсэн үг. Муур гүйх, яс хаях, хов зөөх гэх мэт асуудлуудыг өнгөрөөж сурсан, итгэлцэл дээр суурилсан харилцаатай гэх юм уу даа. /инээв/
-УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан болон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлийг хэзээ хэлэлцэх вэ. Хаврын чуулганы дараалалд орсон уу?
-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу хэлэлцэнэ. Ер нь, энэ ярилцлагаар нэг зүйлийг маш тодорхой хэлэхэд УИХ-ын гишүүдийн шалгагдаж байгаа олон асуудлуудыг УИХ дотроосоо шүгэл үлээж, ил болгосон. Хөгжлийн банк, “нүүрсний” хэрэг, Оюутолгойн хэлэлцээр, Эрдэнэтийн 49 хувь, Салхитын мөнгөний орд гээд олон асуудал чухамхүү парламент дээр яригдаж, нийгмийн анхааралд орсон.
Парламентын ардчиллын хамгийн “агуу” гэж хэлж болохоор давуу талыг яг энэ цаг үеүдэд бид таньж, мэдэрч байна. Нэг хүнээс хамааралтай тогтолцоотой байсан бол ийм олон шүгэл үлээгдэх бараг бололцоогүй. Монголчууд ардчилсан Үндсэн хуулиа батлахдаа тогтолцооны суурийг маш зөв шийдсэнийг өнөө үе харуулсаар байна. Одоо цаашид улам төгөлдөржүүлэн сайжруулах цаг үеийн шаардлага, нийгмийн захиалга байгааг ч тооцох ёстой.
2019 онд ҮХНӨ-тэй зэрэгцэн яригдаж эхэлснийг бид санаачилж, УИХ-д хянан шалгах, мөрдөн байцаах эрх олгох эрх зүйн орчныг бүрдүүлснээр өнөөгийн тогтолцооны шинжтэй томоохон гэмт хэргүүд нийтэд ил болж, шударгаар шийдвэрлэгдэх боломж бололцоо бүрдсэн юм. Сайн, муугаа ил ярилцаад, сахилга хариуцлагаа ч нээлттэй болгоод, суурь гажуудлуудаа засч чадвал төр-иргэний итгэлцэл сэргэж, Монгол төр илүү хүчирхэгжинэ. Үүнийг УИХ-ын гишүүд маань сайн ойлгож, дэмжиж байгаа. Ер нь энэ удаагийн парламент маш уян хатан, нээлттэй парламент гэдгийг онцлох ёстой.
Дэлхий болон нийгэм гэх ойлголт хувьсан өөрчлөгдөж байна. Технологийн дэвшлийн ачаар иргэн бүр улс орныхоо эрх ашгийн төлөөх хэлэлцүүлгийн оролцогч, шийдвэр гаргагч болж байгаа нь ардчилал бэхжих, цаашдаа парламентын засаглал улам бат суурьтай болох нөхцөлийг бүрдүүлж байна. УИХ-ын албан ёсны цахим систем болох D-PARLIAMENT платформыг нэвтрүүлснээр иргэн бүр төрийн хуулийг хамтран хэлэлцэж, саналаа шууд өгөх боломж нээгдсэн. Энэ нээлттэй бодлогын үр дүнд УИХ-ын гишүүдийн ч төрд иргэдээ төлөөлөх хариуцлага нь улам нэмэгдэж байгаа. Шаардлагатай өөрчлөлт шинэчлэлүүдийг цаг алдалгүй хуульчлан баталж байна.
-Таныг хуулийг хэт шуурч баталдаг, муугаар хэлбэл хуулийн хулгай хийж байна гэж шүүмжилдэг хүмүүс байдаг. Заримдаа нээрээ хүүе гэхийн завдалгүй, ойлголтгүй байхад хууль батлагдсан байдаг. Үүний сөрөг талыг та харж байгаа юу?
-Тийм зүйл байхгүй ээ. Хуулийнхаа дагуу л явж байгаа. Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, гаднын чиглүүлэгтэй улс байхаа болиод 30 гаруй жил боллоо. Бидний сонгосон чөлөөт өрсөлдөөнт, амьд нийгмийг хурд ба сайжруулалт гэж ойлгож болно. Дэлхий энэ дүрмээр явж, биднийг хол хаян хөгжсөөр байна. Тооцоо судалгаа, туршлага, хэрэгжүүлэлт бүгд чухал. Гэхдээ амьд нийгмийн цусыг боомилсон байдалтай, хөшүүн хойрго, удаан байж болохгүй.
Иргэд талбай дээр цуглаад төрдөө шаардлага тавьж байхад, боломжтой өөрчлөлтийг хуульчлах нь амьд нийгмийн маш сайн хэв шинж. Алдаа зөрчил дагаж үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ амьдралыг тэтгэх урсгал эргэлдэж, хурд сайжирч байж л бид хоцрогдлоо нөхөж, гажуудаж гацсан нийгмээ өөрчлөн шинэчилж чадна гэдгийг бас үгүйсгэж болохгүй.
Хувь хүнийхээ хувьд би их уншиж, төлөвлөж, системчлэн гүйцэтгэх сонирхолтой гэдгийг намайг таних хүмүүс мэдэх байх. 1992 оны Үндсэн хууль МЭДЭГТҮН, САХИГТУН гэж төгсдөг. Энэ бол том утгатай үг. Хуулийг мэдэх, сахих нь иргэн бүрийн, тэр дундаа хууль тогтоох болон хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүсийн залбирал байх ёстой. Тиймээс төр, иргэнийхээ өмнө өндөр хариуцлага хүлээсэн албан тушаалтны хувьд аливаа ажилд хянуур, нягт ханддаг гэдгээ хариуцлагатайгаар хэлье.
-Өмнө нь УИХ-ын дарга гэх ойлголт их өөр байсан л даа. Микрофон хаах таслах, зандарч захирах гэх мэтээр л сэтгэлд буугаад байдаг. Гэтэл одоо тэр арга барил хаачив?
-УИХ-ын дарга эрх мэдэлтэй үе байх нь байсаан. Дуртай, тустай гэж үзсэн хуулиа шууд “Кнопоо дар. Микрофоныг чинь хаалаа” гээд асуудлыг шийдчихдэг тохиолдол гарч л байсан. Энэ эрх дарх яагаад өөрчлөгдсөн бэ гэхээр би сайндаа, эсвэл зөвдөө биш. Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөд “УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар хуулийг эцэслэн батална” гэж заасан. Өмнө нь хуулийг чуулганд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталдаг байсан. Арав хүрэхгүй гишүүн л “төгөлдөр хуур” тоглоод хууль баталчихдаг байлаа шүү дээ.
Одоо бол УИХ-ын гишүүд санал хураалтад хурууны хээгээрээ оролцож байгаа. Өмнөөс нь хэн ч кноп дарах боломжгүй. Хүмүүст энэ өөрчлөлт жижигхэн юм шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ хууль тогтоох засаглалын төлөвшил, парламентат ёс талаасаа асар том өөрчлөлт, шинэчлэлт. УИХ-ын харьяаны байгууллагын удирдлагыг гэхэд УИХ-ын дарга тойрон хүрээллээсээ сонгож томилдог нөхцөл байхгүй болсон.
Хуульд өөрчлөлт оруулах замаар удирдах албан тушаалтнуудыг ил тод, нээлттэй сонгон шалгаруулж, нийтийн сонсголоор томилж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг ингэж тодруулсан. Удахгүй МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг зарлана. Би хувьдаа энэ хоёр өөрчлөлт, шинэчлэлийг, дээр нь нэмээд Зөвлөлдөх ардчилал, D-parliament-ыг парламентын засаглалын хөгжилд оруулсан миний өчүүхэн боловч хувь нэмэр мөн гэж итгэдэг.
-Энэ намар УИХ-ын ээлжит бус сонгууль явагдана гэх яриа гадуур их байна. Ардчилсан намын дарга болсон Л.Гантөмөр ч ил тодоор энэ парламент чадамжгүй болсон гэж хэлсэн. Танай намын дарга Л. Оюун-Эрдэнэ ч яагаад үгүй гэж, бид татгалзах зүйлгүй гэж хариулсан. Мөн гишүүдийн тоог 152 болгоно гэх яриа ч их тархлаа. Та парламентын засаглалыг төлөөлөх гол хүн учраас таны байр суурийг сонсмоор байна.
-Хувь улстөрчийн хувьд бол гажуудал гүнзгийрсэн үед цаг алдалгүй өөрчлөлт шинэчлэл хийж үзэх нь яагаад болохгүй гэж бодож байна. Цаг үе ч зайлшгүй шийдлүүд нэхэж байна. Жишээ нь, харьцангуй цөөн тооны гишүүдтэй парламентад “давхар дээлтэй” байж болох шийдвэр гарснаас үүдэж, хууль тогтоох институцийн чадамж буурч байгаа нь бодит асуудал мөн.
УИХ-ын даргын хувьд олон ургальч үзэл санааг хүндэтгэн байр сууриа илэрхийлэх нь зөв байх. Ер нь миний дахин дахин илэрхийлж хэлээд байгаа зүйл бол парламентын ардчиллаа эрсдэлд оруулах вий гэх болгоомжлол юм. Энэ онцгой гэж хэлж болох гадаад, дотоод нөхцөл байдалд хатуу бүтцээс бүх бурууг хайх, түүнд муу муухайг тохох гэсэн туйлшрал нь цаашдын тогтолцооны гажуудлын эхийг тавьчих вий гэж болгоомжилсон үзэл бодолтой олон хүн байна.
Олон талуудын байр суурь дундаас олонхын санал хураалтаар аливаа асуудлаа шийдвэрлэдэг нь парламентын ардчиллын гол давуу тал. Тиймээс олон шатны хэлэлцүүлэг зөвшилцлөөс олонхын мэргэн шийдвэр гарна гэдэгт итгэж байгаа. Аль нэг нам, хэн нэгэн улстөрчийн хүсэл амбийцаар улс орныхоо чухал асуудлыг шийддэг тогтолцоотой улс биш шүү дээ, бид.
-Хүсэл, болгоомжлол хоёроос илүүгээр ахиц дэвшил буюу бодит өөрчлөлт, үр дүнг нийгэм хүлээж, тийм захиалга өгөөд байгаа юм биш үү?
-Би түрүүн хэлсэн, өнөөдөр бол өчигдрийн үр дүн гэж. Өчигдрийн алдаа засагдахгүй явсаар өнөөдөр нийгмийн бухимдалд хүргэсэн гэсэн үг. Таны хэлсэн “нийгмийн захиалга” нь нөгөө талдаа маш олон эрсдэл рүү хөтлөх аюултай. Олон нийт тэгж бодож байна, бид өөр яах юм гэсэн байдлаар бүхнийг шийдэх гэвэл тун өрөөсгөл болно. Институцийн хөгжил сайтар бэхжээгүй манайх шиг улсад нийгмийн хэт савлагааг өрдөж ашиглаад, эмх замбараагүй байдал руу гулсан орсон гаднын олон гашуун түүх ойрхон байна.
УИХ-ын гишүүн бүр мянга мянган иргэдийн шууд төлөөлөл болж сонгогдсон гэдгээ сайтар санаж, аливаа үг, шийдвэртээ маш хариуцлагатай хандах ёстой. Тогтолцоо, Үндсэн хууль, сонгуулийн циклийг өөрчлөх зэрэг асуудлууд бүгдээрээ өөрийн хуульчилсан дэг жаягтай асуудлууд тул УИХ-ын эрхэм гишүүд сайтар тунгаан бодож, шийдэл гаргана гэдэгт итгэлтэй байна.
-Цаг үе, авлигын асуудал дээр нэлээн төвлөрч ярилцлаа. Одоо УИХ-ын үйл ажиллагаа, хэтийн төлөв дээр Таны хэлэх үгийг сонсъё.
-Энэ чуулганаар гэхэд 10 багц хуулийг хэлэлцэн батлах төлөвлөгөөтэй явж байгаа. Дээр дурдсанаас гадна Эдийн засгийн, нийгмийн бодлогын, засаглал-улс төрийн гэсэн 3 ерөнхий ангилал дор 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Аж үйлдвэрлэлийг сэргээх, хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг олон асуудлууд хүлээгдэж байна.
Монгол Улсад авлига албан тушаалын хэргүүд шийдэгдэх, цаашилбал баялгийн сан, төрийн өмч, өмчлөлийн асуудлууд, эдийн засагт түлхэц өгөх үйлдвэржилт, экспортыг нэмэгдүүлэх бодлого зэрэг олон асуудлууд шийдвэрлэгдэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн бодлогын багц хуулиуд батлагдсанаар монгол хүний амьдралын чанар сайжирч, өрсөлдөх чадамж эрс дээшилнэ гэсэн хүлээлт бий. Энэ 10 багц хуулийн шинэчлэл Монгол Улсын өнөөгийн тулгамдсан асуудлуудыг бүрэн шийдвэрлэх эрх зүйн орчин болох төдийгүй, гажуудлаа засаж, урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг тавина гэдэгт эргэлзэхгүй байгаа.
-Ярилцсанд баярлалаа.