Шинэ мэдээ

Эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр хурал боллоо

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, цаашид эх хүндэрч, эндэхээс сэргийлэх зорилгоор “Үжил, үжлийн дайрлага” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа.

Цахим хурлыг тус төвийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ч.Мөнхбаяр удирдаж, ЭХЭМҮТ, “Өргөө”, “Амгалан” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Гурвангал эмнэлэг, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Багануур дүүрэг, Жаргалант тосгоны эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, 21 аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгуудын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч зэрэг 370 гаруй хүн оролцлоо.  

Цахим хурлаар Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны менежер Ч.Батхишиг эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж, ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн зөвлөх эмч, клиникийн профессор Б.Лхагвасүрэн “Үжил, үжлийн дайрлага” сэдвээр онолын мэдээлэл хийлээ.  

ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр, Б.Лхагвасүрэн нар эх барихын үжлийн талаар нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж, эмнэл зүйн арга, эмчилгээний талаар тодорхой мэдээллийг өгсөн. Үжил бол амархан үүсдэг, хурдан явцтай, хоруу чанар өндөртэй, үхэлд хүргэдэг. Халдварын эсрэг бие махбодын хариултын зохицуулга алдагдсанаас улбаалсан амь насанд аюултай эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны алдагдлыг үжил гэж тодорхойлдог.

Үжилд биологийн гурван хүчин зүйл болох үүсгэгчийн хоруу чанар, организмын урвалт чанар буюу төрсний дараах үе, дааврын байдал зэрэг нөлөөлдөг. Тухайлбал, чихрийн шижингийн хүнд хэлбэр, элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааны гүнзгий алдагдал, халдвар нэвтэрч орох зам, хэр удаан оршин байх нь үжлийн шок үүсэхэд нөлөөтэй.

Эх барихын үжлийн шокийн онцлог нь нэг ба олон халдварын голомт байдаг төдийгүй нянгийн хавсарсан шалтгаантай байж, халдвар хордлогын шок, олон эртхний дутагдалд түргэн хүргэдэг. Олон эрхтний үйл ажиллагааны үнэлгээг SOFA оноогоор үнэлэх ёстой ба хамгийн чухал нь эрчимт эмчилгээний тасагт эмчилж, хяналтыг байнга хийх ёстой.

Үжлийг эрт таньж оношилж, эмчлээгүй алтан цаг эргэж олдохгүй гэдгийг эмч, мэргэжилтэн бүр сайн санаж байх. Үжлийн үед антибиотик эмчилгээг эхний нэг цагийн дотор заавал хийх, цагаа олсон, өргөн хүрээний, үр дүнтэй, өвчтөн бүрт өөрт нь тохирсон зэрэг зөв эмчилгээг нэн даруй эхлүүлэх шаардлагатайг онцлон зөвлөв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close