Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 87 жилийн ой, “Монгол хурандаагийн өдөр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газраас Монгол хурандаа нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай нээж хэлсэн үгэндээ “Та бүхэн минь төр, түмэндээ үнэлэгдсэн, бахархан хүндэтгэх учиртай эрхэм хурандаа нар билээ. Нийгэм, салбар, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн Хурандаа цолтнууд бол салбар бүртээ манлайлагч болж ирсэн арвин их туршлага, чадвартай боловсон хүчин байдаг. Өнөөдөр дэлхий дахин монгол цэрэг, аврагч дайчдын авхаалж, самбаа, ур чадвар, үүрэгтээ үнэнч, эрэлхэг чанарыг бахдан, үлгэр дуурайлаа болгож байгааг та бид мэднэ.
Монгол цэрэг, аврагч дайчид маань дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах ажиллагаанд оролцож, гамшгийн голомтод үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж, улс орныхоо нэрийг өндөрт өргөж явааг бахархахгүй байхын аргагүй. Энэ бүхний ард манай хурандаа нарын удирдлага, ур ухаан, хүч хөдөлмөр байдаг.
Монгол Улсынхаа эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа эрхэм хурандаа нартаа болон ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлж, ахмад үеийнхээ ажлын дадлага туршлагыг дэлгэрүүлэх, мэргэжлийн ур чадвар, дайчин уламжлалыг нь залуу хойч үеийнхэнд өвлүүлэх, таниулах эрхэм үйлсийг бүтээж яваа “Монгол хурандаа” нийгэмлэгийнхэндээ эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”. гэлээ.
Арга хэмжээнд Зэвсэгт хүчин, Онцгой, Цагдаа, Хил хамгаалах, Шүүх, Тагнуулын үе, үеийн хурандаа нар оролцсон юм.
Энэ үеэр Монголын хурандаа нийгэмлэгээс зохион байгуулсан шатар, ширээний теннис, бильярдын тэмцээнд шилдгээр шалгарсан хурандаа нарт шагналыг нь гардуулж, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын “Тэнгэр хамтлаг” ая дуугаа өргөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.