нитхОнцлох

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ЖАЙКА-тай хамтран ажиллана

НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ө.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи нарын албаныхантай Япон хотноо уулзлаа.

Уулзалтын эхэнд хоёр тал харилцан талархал илэрхийлээд, ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. Мөн цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Дэлхий дахины хөгжлийн чиг хандлагын дагуу бид Улаанбаатар хотыг дижитал технологи бүхий ухаалаг, эко хот болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд бид хотын эрх зүйн орчныг сайжруулж, эдийн засгийн хувьд бие даан хөгжих үндэс суурийг бий болгох зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсан. Тус хуульд Улаанбаатар хот дунд болон урт хугацаанд эдийн засгийн хувьд тогтвортой хөгжих холбогдох зохицуулалтуудыг тусгасан. Тухайлбал, үнэт цаас гаргах, төвлөрлийг сааруулах хүрээнд дагуул хот буюу эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдсэн” хэмээсэн юм.

Мөн Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах багц төслүүдийн хүрээнд ЖАЙКА-гаас өнгөрсөн жил хийсэн Улаанбаатар хотын зам, тээврийн дэд бүтцийн өнөөгийн байдлын суурь судалгаа нь түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэхэд маш чухал ач холбогдолтой байсан гэдгийг онцлов.

Цаашид ЖАЙКА-тай хамтран ажиллах дараах саналуудыг илэрхийлэв.

  • Дээрх “Улаанбаатар хотын зам, тээврийн дэд бүтцийн өнөөгийн байдлын суурь судалгаа”-нд үндэслэн гаргасан төлөвлөгөөний дагуу түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр байршилд олон түвшний уулзвар, нэг байршилд  гүүрэн гарц барих төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх,
  • Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд Буянт-Ухаа орчмыг түшиглэн дагуул хот буюу эдийн засгийн чөлөөт бүс байгуулах суурь судалгаа, төлөвлөлтөд хамтран ажиллах,
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төслийн бэлтгэл үе шатанд боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Дээрх хүсэлтүүдтэй холбоотойгоор ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи суурь судалгаа хийх баг илгээж, боловсон хүчин бэлтгэх зэргээр бүхий л түвшинд хамтран ажиллахаа илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close