Засгийн газарОнцлох

Усан туулай жилийн сар шинийн Төрийн золголт боллоо

Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө (2023.02.21) Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ.

Ерөнхийлөгчийг Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд морилон ирэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар сар шинийн мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэв. Үүний дараа өргөө гэрийн жаврыг үргээж, учран золгож буй усан туулай жилдээ төр төвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурыг цэнгүүллээ.

Түүнчлэн золголтын үеэр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд нарт бараалхан золгож, өв соёл, түүх уламжлалын бэлгэдэл сар шинийн баярын мэндийг айлтгав. 



Жил бүрийн цагаан сараар төрийн өндөрлөгүүд нутаг нутгийн төлөөлөл болсон ахмад настан, азай буурлуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд урин залж, амар мэндийг нь айлтгадаг уламжлалтай. Эмч, багш, малчин, зохиолч, хуульч гэхчилэн салбар бүрт хөдөлмөр, зүтгэлээ зориулсан хүндэт зочдоос хамгийн ахмад нь өдгөө 99 насыг зооглоод буй Дорнод аймгийн уугуул, ахмад дайчин Цэрэнгийн Чимэдцэрэн гуай байлаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий Сайд асан Дашийн Бямбасүрэн, Ардын уран зохиолч Тангадын Галсан, Хөдөлмөрийн баатар Дунхарын Түмэн, Аймгийн аварга малчин Дамдингаагийн Чулуу нар энэ жилийн төрийн золголтод хүрэлцэн иржээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close