Г.Занданшатар: Хямралыг боломж болгохын тулд эрс өөрчлөлт хийх шаардлагатай
–“Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах боломж, шийдэл” хэлэлцүүлэг болж байна–
Улсын Их Хурлаас санаачилж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран өнөөдөр (2023.02.10) “Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах боломж, шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргалж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, мэдээлэл танилцууллаа.
Оны эхэнд өнгөрсөн оны эдийн засаг, санхүүгийн зах зээлийн үр дүнгээ дүгнэж, энэ оныхоо дүр төрх, сорилт, боломжоо хэлэлцэж, цаашид анхаарах асуудал, зайлшгүй авах арга хэмжээгээ төлөвлөх нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлэлцүүлгийн эхэнд тэмдэглэв. 2023 оны эдийн засгийн төлөв байдал нааштай байгаа энэ цаг үед Засгийн газар, яамд онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэлээ. Цаг үеэс үүдсэн валютын ханшийн өөрчлөлт бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, энэ нь иргэдийн амьдарлыг доройтуулж байхад зарим яамны удирдлага хангалтгүй ажиллаж байгааг шүүмжилсэн.
Дэлхийн улс төр, эдийн засагт үүсээд байгаа “тектоник шилжилт”, цар тахал, геополитикийн хурцадмал байдал зэрэг дараалсан гадаад шокын нөлөөгөөр сүүлийн жил гаруй хугацаанд эдийн засгийн идэвхижил сул, инфляц, валютын ханш өссөн. Импорт болон уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэт хамааралтай байгаа энэ цагт оны эхээр нөхцөл байдлаа дүгнэн, шинээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Г.Занданшатар дарга хэллээ.
Нэн тэргүүнд экспортыг нэмэгдүүлж, валютын орох урсгалыг нэмж, ханшийг тогтворжуулан, төлбөрийн тэнцэл сайжирч, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийг тогтворжуулна. Шинэ боломжууд үүсч байгааг тэрбээр дурдсан. Зэсийн үнийг улсын төсөвт 8400 ам.доллар хэмээн төлөвлөсөн бол өнөөдрийн байдлаар 9000 орчим ам.долларт хүрээд байгаа, энэ ханшаар тооцоход 185 сая ам.долларын нэмэлт орлогын тооцоолол хийж болно хэмээн тэрбээр мэдээлэл өгсөн.
Олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагууд зэсийн үнийг 11000 орчим ам.долларт хүрэх таамаг гаргасан байна. Энэ тохиолдолд экспортын орлого 600 орчим сая ам.долларт хүрэх боломж байгаа аж. Иймд энэ нөхцөл байдлыг оновчтой ашиглах бодлогоо Засгийн газрын түвшинд анхаарч, бүх шатандаа энэ төрлийн экспортыг идэвжхүүлэн ажиллах шаардлагатайг хэлж байв.
Урд хөршийн дотоод нөхцөл байдал сайжирч байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр сард 3.5 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ хэмжээгээрээ экспортлох тохиолдолд жилд 42 сая тонн нүүрсийг Монгол Улсаас БНХАУ руу экспортлох бололцоотой. Ингэснээр валютын урсгал нэмэгдэж, төлөвлөснөөс 605 сая ам.доллараар илүү экспортын орлого олох боломжтой талаарх тооцооллыг мөн танилцуулсан.
Нүүрсийг биржээр худалдах тээвэр зохицуулалт 240 сая ам.доллар бөгөөд өчигдөр эхэлсэн нь амжилттай болсныг дурдав. Жуулчдын тоог 100 мянгад хүргэх зорилт тавьсан бөгөөд 200 сая ам.долларын орлого төвлөрүүлэх тооцоо бий, ноолуурын боловсруулалтыг нэг шатаар нэмэгдүүлж экспортлох зорилтыг Улсын Их Хурал гаргасан бөгөөд хэрэгжүүлснээр 172 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтой юм байна. Үүний зэрэгцээ үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдэх ач холбогдолтойг мөн дурдсан.
Боломжууд байгаа ч эдгээрийг ашиглах, ажил хэрэг болгон хэрэгжүүлэх нь нэн чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга сануулж байсан юм. Мөн хөрөнгө оруулагчидтай тогтвортой хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд бүх талдаа анхаарч ажиллах нь олон талын үр ашигтай гэдгийг мөн хэлж байлаа.
Үргэлжлүүлэн тэрбээр валютаар худалдаж авдаг зарим төрлийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг анхааран, төрөөс дэмжих, банкны салбарын бололцооны талаар мэдээлэл танилцуулсан юм.
Импортыг орлох, экспортыг дэмжих, уул уурхайн бус үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлалаа дэмжих замаар хөгждөг Азийн улс орнуудын хөгжлийн загварыг хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг Г.Занданшатар дарга цохон тэмдэглэв.
Ноолуурын боловсруулалтыг нэг шат ахиулахад орлого 30 хувиар нэмэгдэж байгаагийн зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжиж байгаагаас үр ашгийн бодит жишээг харах боломжтойг онцоллоо. Хямралыг боломж болгохын тулд Засгийн газар бүх түвшиндээ цогц бодлого гарган, эрс өөрчлөлт хийх шаардлага байгаа тул өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг Улсын Их Хурлын дарга хэлсэн.
Сүүлийн 10 жилийн хугацаанд экспортын барааны орлогын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж, 22 жилийн турш төлбөрийн тэнцлийн болон төсвийн алдагдалтай, хос алдагдалтай явж ирсэн. Төлбөрийн тэнцлийн алдагдал 29-30 тэрбум ам.долларт хүрээд байгаа, үүнийг зээл, хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу санхүүгийн дансны ашгаар нөхөж ирсэн баримтыг дурдсан юм.
Монгол Улс жилд 1 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн, 600 сая ам.долларын автомашин, 250 сая ам.долларын согтууруулах ундаа, тамхи, 1.7 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолдог байна. Энэ хэрээр валютын гадагшлах урсгал нэмэгддэг, харин орлого үүнтэй дүйцэхгүй байгаагаас ханшийн савалгаа үүсдэг гэдгийг анхаарууллаа.
Эдийн засгийн тогтворжуулахын тулд нэн тэргүүнд экспортыг нэмэгдүүлэхийн чухлыг тэрбээр онцлоод Улсын Их Хурлын зүгээс үүнд онцгой анхаарч холбогдох шийдвэрүүдээ гаргасан бөгөөд хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахын чухлыг хэлсэн. Намрын ээлжит чуулганаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан, ирэх хаврын чуулганаар эдийн засгийг төрөлжүүлэх багц хуулийн төслүүдийг хэлэлцэн, батлах болно гэв. Үүн дээр хэлэлцүүлэгт оролцогчдын санал үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг танилцууллаа.
Эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр үнийн өсөлт, валютын ханшийг тогтворжуулах, экспортыг дэмжих, хүнд суртлыг бууруулах зорилго, агуулгатай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод, Монголбанктай хамтран боловсруулаад байгааг Г.Занданшатар дарга танилцуулаад, эдгээрийн үр дүнд өрийн дарамт буурч, хөгжлийн урт хугацааны суурийг тавих ёстой гээд хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүсэв.
Хэлэлцүүлэгт Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Хөгжлийн банк, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Татварын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагын удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцож байна. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөл, олон улсын байгууллагууд, арилжааны банкууд, ББСБайгууллага, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Экспортыг дэмжих төслийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож байна.
“Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах боломж, шийдэл” хэлэлцүүлэг үргэлжилж байна. Төлбөрийн тэнцлийг сайжруулах боломж сэдэвт нэгдүгээр хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төлбөрийн тэнцлийг сайжруулах боломж” сэдвээр, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж “Экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж” сэдвээр, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжих боломж” сэдэвт илтгэлүүдийг танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ. (илтгэлүүдийг бүрэн эхээр эндээс)
Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, татварын орчин сэдэвт хоёрдугаар хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар “Хөрөнгө оруулалтын орчин, гадаад худалдааны бодлого, арга хэмжээ”, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Татварын орчин” сэдэвт хэлэлцүүлгийг танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчид санал солилцон, байр сууриа илэрхийлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдэлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.