Ярилцлага

У.Балжинням: Баянхонгор аймаг зудын өндөр эрсдэлтэй гэж гарсан

Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга У.Балжиннямаас өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодрууллаа. 

-Баянхонгор аймгийн хувьд өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Баянхонгор аймгийн хэмжээнд 2023 оны урьдчилсан дүнгээр 3.7 сая толгой мал тоолууллаа. Гаднын аймаг руу 37 мянган толгой мал, гаднын аймгаас манай аймагт 56 мянган толгой мал ирж отроор өвөлжиж байна. Нийтдээ 3 сая 700 мянга гаруй мал манай аймагт өвөлжиж байна гэсэн дүн мэдээтэй байна.

Өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээгээр Баянхонгор аймгийн 90 орчим хувь нь зудын өндөр эрсдэлтэй гэж гарсан. Өнөөдрийн байдлаар Хангайн нуруугаа дамнасан Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Эрдэнэцогт, Шаргалжуут, Өлзийтийн чиглэлд 5-10 см, жалга гуунд 60 орчим см цасан бүрхүүл буюу цагаан зудтай байна. Тал хээрийн бүс Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо зэрэг сумаар отрын мал нэлээдгүй ирсэн, хараар зудархуу байдалтай байна. Говийн сумдын хувьд зуншлага тааруу байсны улмаас өвөлжилтөөс илүү хавартаа нэлээдгүй хүндрэх төлөв ажиглагдаж байна. 

-Аймгийн зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна? 

-Аймаг, орон нутгийн зүгээс хүндрэлтэй байгаа хангайн 8 суманд өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн газрыг түшиглэн шуурхай штаб байгуулж, сумдад чиглэл өгч, сум бүрд өвөлжилтийн шуурхай штаб байгуулах ажлыг нэгдсэн зохион байгуулалттай удирдлагаар ханган ажиллаж байна.

Түүнчлэн олон улсын байгууллагуудтай хамтран өвөлжилт хүндэрч байгаа сумдад тусламж, дэмжлэгийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Тухайлбал, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтраад хангайн 6 сумын 200 өрхөд нийт 300 мянган төгрөгийн мөнгөн тусламж, 150 өрхөд 300 хүртэлх мянган төгрөгийн эд материалын багц олгох ажлыг зохион байгуулж байна. 

-Өвс, тэжээлийн бэлтгэл, нөөцийн тухайд? 

-Юуны өмнө аймгийн өвс, тэжээлийн нөөцийг хүндэрч буй сумдад байршуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1148 тонн өвс, 1195 тонн тэжээл аюулгүйн нөөцөд бий. Энэ жил аймгийн хэмжээнд малчдын түвшинд өвс, тэжээлийн бэлтгэл 30 хувьтай байсан. Энэ нь өвс, тэжээлийн үнэ нэлээдгүй өндөр, малчдын эдийн засгийн боломж тааруу байгаатай холбоотой.  

Эх сурвалж: ХХААХҮЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close