БоловсролОнцлох

Сургууль, цэцэрлэгийн хоолны чанарыг сайжруулахад эцэг эхийн оролцоо чухал

21 аймаг болон нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтсийн мэргэжилтнүүд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний сургалтад хамрагдлаа. Сургалтын үеэр боловсролын салбарт хоол, хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, орон нутгийн түвшинд шийдвэрлэсэн арга, сайн туршлага, асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар зөвлөлдөв.

Аймаг бүр газарзүйн байршил, онцлогт тулгуурлан эрүүл, зохистой хооллолт, тогоочийн мэргэжил, ур чадварын уралдаан, тогоочдоо талархах аян, эцэг эх, асран хамгаалагчид зориулсан сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль /дотуур байрын хоолны газрын стандартын төслийг хэлэлцүүлж, үнэлгээ хийж, цаашдын чиглэлийг тодорхойлсон.

Орон нутагт хэрэгжүүлж буй сайн туршлагаас…

Говь-Алтай аймгийн 1 дүгээр цэцэрлэг 1 аяга сүү арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж, өнөөдөр тус аймгийн бүх цэцэрлэг энэ санаачилгад нэгдээд байна.

Баян-Өлгий аймаг ерөнхий боловсролын 4 сургууль, Орхон аймгийн 10 сургуульд хоолзүйчийн орон тоог батлан, ажиллуулж байна.

Дорнод аймаг ерөнхий боловсролын бүх сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулан 2017 оноос “Жаргалан кафе”-г тохижуулан ажиллаж байна.

Сүхбаатар, Увс аймаг МСҮТ-ийн тогооч мэргэжлийн ангийн оюутнуудыг цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлд дадлага хийлгэсэн.

Увс аймаг цэцэрлэг, сургууль бүр чацаргана агуулсан хоолны жор технологи нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулж, туршлага солилцсон байна.

Цаашид боловсролын салбарт хоол хүнсний чиглэлийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн нэгдсэн бодлого, цалин хөлсний ангилал зэрэглэл, нийгмийн баталгаа, тогоочийн давтан сургалт, мэргэжлийн ур чадварын үнэлгээ, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, зохистой хооллолт нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэх, цахим хяналтын тогтолцоог нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг 2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close