УИХОнцлох

“Энэ хулгайг гудамжнаас биш ордноос хайх хэрэгтэй”

АТГ-аас өчигдөр /2022.12.14/ нүүрсний “хулгай” гэгдсэн хэрэгт шууд болон шууд бусаар оролцсон гэх 17 хүнийг зарласан билээ. Тэдгээр нэрс дотор МАН-ын 10 хүн багтсаны тав нь УИХ-ын гишүүд байсан ба тэд өнөөдөр АТГ-ын гадаа мэдээлэл хийсэн юм.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: “Номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг л хүмүүсийн нэрийг олон нийтэд зарлажээ. Прокурор болон хуулийн байгууллагаас гаргасан нэр биш юм байна. Намаас өгсөн нэр гэх мэдээлэл надад ирсэн. Жагсагчдын уурыг намжааж, тэднийг тараахын тулд ийм зүйл хийж байна. Энэ бол танил сцен юм. Цаг хугацаа үнэнийг харуулна. Үнэнийг шалгаж, мэдэхийн тулд хуулийн байгууллагаас нь лавлахаар ирсэн.

Яллагдагч эсвэл сэжигтнээр татах гэх мэт ямарваа нэгэн байдлаар биднээс мэдүүлэг авах ёстой. Өнөөдрийн байлаар тийм үйлдэл нэг ч хийгээгүй. Энэ байгууллагаас биднийг нэг ч удаа дуудаагүй. Байгууллага бүү хэл одоо ярьж буй асуудлаар хэн ч хэзээ ч дуудаж, уулзаж байгаагүй шүү. Миний болон надтай хамаарал бүхий нүүрстэй холбоотой нэг ч хүн байхгүй. Хулгайч нарыг бүгдийг нь зарлах ёстой шүү дээ. Ер нь болбол 40 их наядын хулгайг хийвэл энэ гудамжнаас хийж чадахгүй ээ. Тэр ордон дотор хийнэ. Ордон дотроос энэ хулгайг зохион байгуулна. Тийм учраас энэ ордон дотроос хулгайг хайх хэрэгтэй.

“Эрдэнэс Тавантолгой”-н Б.Ганхуягийг сайн танихгүй ээ. Зүс мэдэх төдий. Тэр хүнтэй уулзаж, учирч явсан тохиолдол нэг ч байхгүй. Шинэчлэлийн хороо нэрээр нам дээр нэг удаа уулзаж байсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы хүн шүү дээ. Түүний туслах зөвлөхүүд нь бүгд баригдсан. Яагаад жинхэнэ хулгайчаа зарлахгүй байгаа юм.

Тавантолгойн хөрс хуулалт, нүүрс тээвэр, худалдан авалтаас эхлүүлээд шалгах хэрэгтэй. Бүгдийг нь мэдэж байгаа шүү дээ. Энэ хулгайг гудамжнаас биш ордноос хайх хэрэгтэй. Оффтейк гэрээтэй холбоотой зүйлийг бүгдийг нь харах хэрэгтэй. Хятадын талаас баримт өгөхгүй байгаа гэж байна. Тэднийхээс зөвшөөрөл өгөхгүй байгаа гэлээ. Худлаа шүү дээ. Монголын газар нутаг дээр хийсэн гэрээг Монголын улсын хуулиар шалгах ёстой.

Энэ хэргийг нууж, хааж, үлдээх гэж байна. Шаардлагатай гэвэл гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад татгалзах зүйл байхгүй. Биднээс асууж, лавлаж, шалгах хэрэгтэй шүү дээ. Тийм зүйлгүйгээр нэр зарлаж байна гэдэг жагсагчдыг тараах гэсэн, хэргийг нуух гэсэн оролдлого.

Тэр үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан нэг ч хүн алга. Нүүрстэй холбоотой гэрээ контрактад нөлөөлөх ямар ч боломжгүй хүмүүс. Оффтейк гэрээг УИХ-аар, Байнгын хороогоор хэлэлцээгүй. Хулгайч нар золиосонд биднийг нохой шиг хаяж өгчихөөд бултгах гэж байна. Шаардлагатай бол УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж байгаад шалгуулъя. Одоо энэ дээр зөв, буруу гэдэг юм ярихлаар сонин байдал руу чирэх байх.

Шаардлагатай бол намаас нь гарч байгаад шалгуулъя. Жинхэнэ хулгайч нарыг олохын төлөө ард түмэнтэйгээ нийлэх ёстой. Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ц.Анандбазар биднийг хаана, хэнтэй, хэзээ, хэдэн тонн нүүрс өгөөч гэж явсан юм. Үймсэн олныг тасдаж идэг гэж хаяж өгч байгаа таван нэр. Манай нөхдүүд санал нэг байгаа гэж бодож байна. Намаас гарч, УИХ-ын гишүүнийхээ эрхээс татгалзаж байгаад шалгуулъя.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Би нам дотроосоо хамгийн анх авлигал гэдэг зүйлийг ярьж, гаргаж тавьж байгаа хүн. Авлигал хаана их байна, тэнд хөгжил сул байдаг. Монголын авлигал ардчилагдсан буюу ил тод болчихсон гэдгийг би анх хэлсэн.

Мөн миний ярьдаг нэг зүйл бол далд эдийн засаг. Монгол Улсын эдийн засагтай тэмцэх хэмжээний далд эдийн засаг урд хил дээр байна гэж Ерөнхий сайд ч хэлсэн. Энэ бол үнэн. Ийм далд эдийн засаг дотор нүүрсний хулгай байгааг ил болго гэж би байнга ярьдаг. Гэтэл надад үүний төлөө сануулга өгөх гэж байгаа юм уу гэмээр энэ асуудалд миний нэрийг холбож байна.

Би Тавантолгой гэдэг газрыг хаана байдгийг ч мэдэхгүй. Хэрвээ очихоор бол хүнээр л заалгаж очно. Тэр хулгай нүүрлэчихсэн Эрдэнэс Тавантолгойн оффис хаана байдгийг ч мэдэхгүй. Захирал Б.Ганхуяг гэж хүнийг нь зүгээр л зүс танина. Түүнээс биш уулзаж байгаагүй.

Надад хийсэн гэрээ байхгүй, би машин явуулдаггүй. Яагаад би үүнд холбогдчихсоныг мэдэхгүй байна. Хүний нэр төрд ингэж халдаж байгаа бол асуух хэрэгтэй. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэмдэглэсэн компанийн эзэмшилд Өмнөговийн Цогтцэцийд 2-3 шатахуун түгээх станц байдаг.

Тухайн станцаас тэнд төмөр зам тавьдаг компаниас эхлээд хүмүүс автомашинууддаа гэрээгээ хийгээд мөнгөө шилжүүлээд шатахуун авдаг. Энэ бол зүгээр л өдөр тутамд байдаг бизнесийн харилцаа. Өөр надад юу ч байхгүй. Хэрвээ би тэнд машин явуулдаг, хулгай хийсэн асуудал байвал шууд хариуцлага хүлээнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ ч түдгэлзэнэ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Миний бие өнгөрсөн дөрвөн жилд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон. Миний нэр зарлагдсанд гайхаж байна. Нүүрс, төмөр замтай холбоотой үйл ажиллагаанд оролцож байгаагүй, бизнес эрхэлдэггүй. Ташаа мэдээлэл гарсан байна.

Миний бие хууль хяналтын байгууллага, АТГ-аас нэг ч удаа дуудаж тайлбар авсан зүйл байхгүй. Маргааш ямар асуудалд холбогдож байгаа талаар АТГ-аас мэдээлэл авна. Аймгийн Засаг дарга Тавантолгойн асуудалд холбогддоггүй. Засаг даргын оролцоо орон нутгийн өмчид байдаггүй. Өмнө нь сайд, дарга хийж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм.

Аймгийн Засаг дарга үүрэг чиглэл өгдөггүй. Өмнөговь аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан. Тавантолгойн уурхай, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт Өмнөговьд байрладаг. Бодвол намайг холбоотой байж магадгүй гэж нэр оруулсан байх. Уг нь би “Боомт, нүүрсний хулгайн асуудлыг хянан шалгах түр хороо”-нд ажилладаг гишүүн.

Өчигдөр хаалттай асуудлуудыг яриад гараад иртэл миний нэрийг зарлачихсан байна лээ. Жагсагчид “нэр зарла” гэж шаардахаар бид хэдийн нэрийг хаяж байгаа байлгүй л гэж бодож байна. Түүнээс бид дуудаж, асууж тодруулсан зүйл байхгүй. Одоо орж асууя. Миний хөрөнгө өсөөгүй. Ил тод. Жинхэнэ хулгайч нараа далдлахын тулд бид хэдийг хаяж байгаа юм уу, мэдэхгүй.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Өнөөдөр их сайн юм болж байна. Нүүрсний хулгай удаан үргэлжлэх байх. Ард түмэн ядуу амьдарч байхад ийм том хулгай хийнэ гэдэг байж болохгүй. Цаашдаа энэ асуудал удаан үргэлжлэнэ. Бид нэр төрөө сэргээлгэж авъя.

Ард түмэнтэйгээ нийлж, нүүрсний хулгайчдыг илрүүлнэ. Ядарсан ардын зээлийг нүүрсний хулгайчдын мөнгөөр төлүүлнэ. Зарим УИХ-ын гишүүд ядарсан иргэддээ гэр өгнө гэж байгаа. Миний хувьд иргэдийн ипотекийн зээлийг нүүрсний хулгайн мөнгөөр төлүүлэх хуулийн төслийг ирэх жил өргөн барина.

Огт хамаагүй УИХ-ын гишүүдийг яаж олж чадсан юм гэмээр ийм сонин баримт дэлгэлээ. Биднийг энэ хэрэгт холбож, нэрсийг зарласан. Би долдугаар ангиасаа хойш нүүрс гэж мэдэхгүй гэдгээ хэлсэн. Зарим хүмүүс их шоолж байна лээ.

Бизнесийн хүнд өөрийн эрхэмлэдэг зан чанар гэж бий. Би хулгай гэдгийг үзэн яддаг. Тиймээс энэ гүтгэлгийг буцааж, ард түмэнтэйгээ нийлж, бүлэг дотроо нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна. Ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ. Би бүлэг дээр нэлээн шүүмжлэлтэй ханддаг.

Намайг хүчирхийллийн хэрэгт холбосон. Цаанаасаа захиалгатайгаар жинхэнэ хулгайчийг олон ард түмний итгэлийг мухардуулж байгаа нэг арга. Тэглээ гээд бид бууж өгөхгүй. Ард түмнээсээ сонгогдсон гишүүнийхээ хувьд хамтран тэмцэнэ. Унтаж байгаа баавгайг сэрээсэн тэр хулгайч нартай өөрсдөө гомдох цаг ирнэ.

Магадгүй УИХ-ын сонгуулийн ажил эхэлсэн байх. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Булган аймагт нэр дэвшинэ гэхэд 10-хан хоногийн дотор сайдын суудлаас унагасан. Булганд их хүчтэй гар бидний эсрэг явж байна. Бид их гайхаж байна. Тэр аймагт нэг ч нүүрсний уурхай байдаггүй.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Хилийн тагнуулын байгууллага Хил хамгаалах ерөнхий газарт байсан юм. Өнгөрсөн 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-аас хууль гаргаж, хилийн тагнуулын байгууллагыг татан буулгасан. Одоо Тагнуулын ерөнхий газрын бүтцэд байдаг.

Хилийн шалган нэвтрүүлэх албыг татан буулгаж, чиг үүргийг нь энгийн байгууллагад шилжүүлсэн. Би бас ажлаа хүлээлгэн өгсөн. Би гомддоггүй. Өнгөрсөн хугацаанд 2016 оны наймдугаар сар хүртэл ажилгүй байсан. Ажилгүй хүн Монгол Улсад бүртгэлтэй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аль ч аж ахуйн нэгжид ажиллаж, цалин авах эрхтэй.

Тиймээс би “Импар газ” компанид ажиллаж, цалин авч байсан. Энэ компани байгалийн хий, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг байсан. Нүүрстэй ямар ч холбоо байхгүй. Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна. Хуулийн байгууллага шалгаж тогтооно.

Би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Нэр төрөө сэргээлгэхдээ үнэлж, надаас маш олон тойргийн гишүүд гэр хүсдэг юм. Тэр хүсэлтийг нь биелүүлнэ. Намайг харлуулах зорилготойгоор хэвлэл мэдээллээр хэд хэдэн удаа худал мэдээлэл цацсан. Тэр хүнийг нь би мэдэж байгаа. Тэр хүнд хандаж, үг хэлсэн юм.

Нэр зарласан учраас байж болох үндэслэлийг бодож байна. Хил хамгаалах ерөнхий газарт би дэд даргаас нь эхлээд даргаар хоёр удаа ажилласан хүн. 2012-2016 онд сонгуульд ялсан нам Засгийн эрх барьж байхад бүх төрийн тусгай албадын дарга нарыг чөлөөлсөн. 2016 онд дахин Хил хамгаалах ерөнхий газрын даргаар томилогдсон.

2019 оны арванхоёрдугаар сард 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх зорилгоор ажлаасаа чөлөөлөгдсөн. Би 2012-2016 оны хооронд ажлаас чөлөөлөгдөөд гудманд явж байхдаа 2014 оны наймдугаар сард аж ахуй нэгжид ажилд орж, цалин авч байсан нь үнэн. Түүх намтартаа бүх зүйлээ бичсэн. Надад бусдаас илүүрхээд байх хөрөнгө мөнгө ч байхгүй.

Зүгээр байхад зүүгээр хатгаад байх шиг байх юм. Би улс төрд удаан яваагүй болохоор сайн мэдэхгүй. Нутгийнхаа зон олны итгэлийг хүлээж, сонгуульд ялсан нь үнэн. Улс төрийн өшөө авалт гэдэг юм уу, улс төрийн өрсөлдөгч гэдэг юм уу янз бүрийн юм зохион байгуулж байгаа юм болов уу гэдэг хар төрж байна.

Надад манай сонгогчдоос маш олон асуудал тавьдаг. Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой асуудал, Дорнодын цахилгаан станцтай холбоотой асуудлаар маш их мэдээлэл өгдөг. Би хууль хяналтын байгууллага биш учраас энэ асуудлаа хууль хяналтын байгууллагад тавь гэдэг. Хуулийнханд тавиад байгаа ч шалгаж өгөхгүй байна гэдэг.

Одоо би баримтуудыг гаргаж тавина, шүгэл үлээнэ. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэж Монголын ард түмэн ярьдаг. Би ямар ч хэрэг хийгээгүй, нүүрсний хулгай байдаг юм уу. Мөрөөрөө явсан хүнийг ингэж Монгол төр оролдож болдог юм бол оролдог, үнэн ялна гэдэгт итгэлтэй байна.

Нэр төрөө харин би өндрөөр үнэлнэ, сэргээлгэнэ. Нэр төрөө сэргээлгэсэн төлбөрийг нь авч, Монголын ядарсан зүдэрсэн ард түмэнд тарааж өгнө. Дорнод аймагт гэр оронгүй, амьдралын боломжгүй олон хүн хүсэлт тавьдаг. Тэдгээр хүмүүсийг би бүгдийг гэр оронтой болгоно. Хэрвээ миний нэр төр сэргээд нэхэмжилсэн мөнгө ирдэг юм бол. Ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Ний нуугүй хэлэхэд уур хүрч байна. Хууль хяналтын байгууллага шалгах ёстой зүйлээ шалгах ёстой. Гэхдээ өөрт нь мэдэгдэлгүйгээр ингэж шалгаж байна гэж олон түмэнд зарлаж болдог юм уу. АТГ-аас нэр зарласан учраас би маргааш албан ёсоор хүсэлт тавина.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close