нитхОнцлох

“ЖДҮҮ” эрхлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдаа Төв талбайд эхэллээ

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн “4days SME Expo-2022” нэгдсэн үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхлэн 4 өдөр зохион байгуулж байна. Монгол Улсын хэмжээнд 63 мянган аж ахуйн нэгж, 906 мянган иргэн жижиг дунд үйлдвэр үйлчилгээ /ЖДҮҮ/-ний салбарт ажилладаг.  Үүнээс 70 хувь нь Улаанбаатар хотод бий бөгөөд эдгээр үйлдвэр эрхлэгчийг дэмжин “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас жил бүр үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Энэ жил цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг бий болгох уриан дор 9 дүүргийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулж байна.   

Энэхүү арга хэмжээний нээлтийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд экспортоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, ажлын байр, нэмүү өртөг бий болгох бодлогыг баримтлан ажиллаж байгаа. Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 гаруй хувь ажиллаж, амьдардаг. Цар тахлын нөлөөгөөр бүхий л салбар эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан. Цар тахлын дараах эдийн засгаа тогтворжуулж, сэргээх, өсөн нэмэгдүүлэх үйл ажиллагаанд гар бие оролцож байгаа нийт үйлдвэр эрхлэгчдэдээ талархал илэрхийлье” гэлээ.

Үзэсгэлэн худалдаагаар ноос ноолуур, арьс шир, хүнс, бэлэн хувцас, гар урлалын төрөл бүрийн бүтээгдэхүүнийг “Гараас-Гарт” буюу үйлдвэрийн үнээр худалдаалж байна.  

Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг бий болгох зорилтын хүрээнд энэ удаагийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Өвлийн бэлтгэл хангахад бүрэн нийцэх төрөл бүрийн хувцас хэрэглэл, бүтээгдэхүүнийг ЖДҮҮ эрхлэгчид маань худалдаалж байгаа юм.  Үзэсгэлэн худалдаа 4 үргэлжилнэ. Нийт 9 дүүргийн 150 ААН-ийн  2000 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг төв талбай дээр дэлгээд байна. Нийслэлчүүддээ дотоодын үйлдвэрлэлээ дэмжин, худалдан авалт хийхийг уриалж байна” гэсэн юм. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close