Гадаад харилцааFocus

Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Ханнс-Зайделийн сангийн Зүүн хойд болон Төв Азийн хэлтсийн дарга Дебора Тидекс-Жоу, Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк нарыг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий шүүгч Д.Ганзориг Монгол Улсын шүүхтэй 1994 оноос өдгөөг хүртэл үр өгөөжтэй хамтран ажиллаж ирсэн Ханнс-Зайделийн сангийн үйл ажиллагаа манай улсын эрх зүйн шинэтгэлд оруулсан хувь нэмрийг онцлов.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж, түүнд үндэслэн шинээр Шүүхийн тухай хууль батлагдсанаар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд зарчмын шинжтэй өөрчлөлт орж, шүүхийн захиргаа буюу Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны бүрэлдэхүүний тодорхой хувийг нийт шүүгч дотроосоо шууд сонгон шүүхийг төлөөлүүлэх, шүүх шийдвэрээ олон нийтэд болон хэргийн оролцогчдод тайлбарлах, энгийн, ойлгомжтой байдлаар хураангуйлан түгээх зэрэг асуудал хуульчлагдсаныг дурдаад, үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, сургалт, судалгааны чиглэлээр харилцан санал солилцлоо. 

Ханнс-Зайделийн сангийн Зүүн хойд болон Төв Азийн хэлтсийн дарга Дебора Тидекс-Жоу Монгол Улсын дээд шүүхтэй урт хугацаанд итгэл дүүрэн хамтран ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд тус сан 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг ч эрх зүйн чиглэлээр зөвхөн Монгол Улстай хамтран ажиллах хугацаанд илт хөгжин дэвшиж байгаа нь хамтын ажиллагааны үр дүн болохыг дурдав. 

Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк Ханнс-Зайделийн сан танай хэрэгцээ шаардлагад тулгуурлан ажиллана гээд ирэх оны хамтран ажиллах төлөвлөгөөгөө 2022 оны 11 дүгээр сарын дотор ирүүлэхийг хүслээ.

Уулзалтын хүрээнд шүүгчдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн сургалт явуулах, шүүхийн шийдвэрийг мэдээлэх арга зүйн туршлага судлах зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close