Гадаад харилцаанитхОнцлох

Австрали улсад гамшгийн эрсдэлийг бууруулах сэдвээр зөвлөлдөж байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, номхон далайн сайд нарын бага хурал Австрали улсын Брисбэн хотноо өнөөдөр эхэллээ.  Энэхүү бага хуралд Монгол Улсын Шадар сайд тэргүүтэй Онцгой байдлын байгууллага, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан болон албаны бусад төлөөлөгчид  оролцож байна. 

Энэхүү хурлын “Сендайн дунд хугацааны тайлан” сэдэвт салбар хуралдааныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж үг хэлсэн юм. Тэрбээр илтгэлдээ “2021-2024 онд хэрэгжүүлэх Ази-Номхон далайн бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг 2021 онд баталсан. Төлөвлөгөөний дагуу бид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалд шинэ арга барилаар өөрчлөн хэрэгжүүлэх, өргөжүүлэх, сайн туршлага, шинэ инновацыг нэвтрүүлэхээр зорьж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцогч бүх талууд, ялангуяа иргэний нийгмийн байгууллага, шинжлэх ухаан судалгааны байгууллага, бизнесийн болон хувийн хэвшлийн байгууллага, улс орны гамшгийг даван туулах чадавхыг бий болгоход ихээхэн оролцоотой” гэсэн юм.

Мөн манай төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүторитай уулзлаа. Хатагтай Мами Мизүтори гамшгийн эрсдэлийг бууруулахад Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг өндрөөр үнэлж, улс төрийн өндөр манлайлалтай байгааг онцолсон юм. 

Энэ үеэр мөн гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүгийн платформыг Олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй хамтран байгуулж, хөгжиж буй орнуудтай хамтран ажиллах асуудлыг Монгол Улсын Шадар сайд хөндсөн юм. Улмаар Монгол Улсад хүмүүнлэгийн төвийг байгуулж, Зүүн хойд Азид хүмүүнлэгийн тусламж дэмжлэгийг хүргэхэд дэд бүтэц, бусад зүйлээр туслахад бэлэн байгааг илэрхийллээ. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close