FocusЭнэ сард

Энэ өдрүүд


Монгол ТВ нэг судалгаа явуулжээ. Асуулт нь “Та гадаадад амьдрах хүсэл байдаг уу ?” … 1500 хүн сайн дураараа санал өгсний 80 хувь нь “ТИЙМ” гэжээ. Тэгтэл нийт сошиал хандлагын бараг 80 хувь эх орноо хужаагаас хамгаалсан, уул усандаа шүтэж барилдсан, Монголоороо омогшсон хүмүүс байна. Эх орондоо амьдрах хүсэлгүй, үргэлж муулж суудаг хэрнээ учиргүй эх оронч, тэдний нулимс нь хямд. Сүүлийн хэдэн жил Солонгосын визанд очерлож буй “Дайн байлдаан”-ыг харвал Монгол ТВ-н судалгаа бараг л үнэнтэй мөргөх болов уу. Эх оронч баг нь харин “Жүжиг” байх.

Цөөхөн хэдэн хүн санаатай турхирчихаар зэрэг “Шүүлтүүргүй шанага” мэт хэврэг болсон үзэл санаа нь дагаад л үерлэчихэж байгаа болов уу. Тэр үедээ гэнэт өөрөө өөртөө их эх оронч санагддаг, бүр огшдог ч байж мэднэ. Хүнд тийм үе байдаг. Анх удаагаа сүмд очсон хүн хүртэл массын дунд орохоороо өөрийн мэдэлгүй уйлчихсан зогсож байдаг гэсэн. Яагаад Хятадууд манай улсын оюутнуудад засгийн газрын тэтгэлгээ ийм хайр найргүй бүр хэдэн мянгаар нь өгөх болов, Харвардын улс төрийн сургуулийг яг ямар хүмүүс төгсөөд байна гэх мэт сэдвийг сонирхох эх оронч байхгүй л байх. Монгол адуу, өрөвдөлтэй Монгол тэмээ, Хятад малчин, Ханз үсэгтэй самбар … Хүн дүрдээ орно гэж байдаг.

Тэрэн шиг тэмцлээр цангана гэж бас байдаг юм шиг байна. Байгаа онодог нь тун ховор. Энэ дарга тэр дарга ингэж идэж уулаа, энэний параакц ард нь байгаа, ийм тийм буруу шийдвэр гаргалаа, ингэх ч гэж дээ гэж шуурахдаа бараг л улс төр яриад байна гэж ойлгодог байх. Харин Монголын улс төр Монгол улсаас хамаарахаа болиод овоо хэдэн жил болж байгаа бөгөөд ашиг сонирхлын шуналтай хүмүүсийг чадварлаг ашиглан наадаж буйг томоор нь харах хэрэгтэй.

Нийгмийн төлөө гэх нэртэй олон улсын байгууллагууд хүртэл маш том судалгаа хийгээд эхнээсээ гараад явж байна. Сэхээтнүүд амиа хаацайлан бохир усанд хөлөө дүрэхгүй хэмээн цэмцэгнэн нэр цэвэр суух хооронд яг л өвлийн утаа мэт бүгд хордож үхэж яваа биз. Ганц нэг эрүүл сэтгэн золиос гаргаж буй залуусыг нийгэм нөгөө л бөөр бөгс, хүнд суртал, хов живний хайчаараа далавчыг нь тасдаад мохоогоод хаячихаж байна. Нөгөөдүүл нь ч хариугүй гомдоод “Дэлхий намайг үнэлнэ шүү, муусайн Монголчуудаас гуйхгүй” гээд гайхуулаад нисээд явчих жишээтэй.

Ингээд нийгмийн манлайллын орон зайд дархлаажсан харх, хамелеон, цүнх баригчид л тэсэж үлдэж чадаж байна. Тэднээс шинэчлэлийн Ш үсэг ч хайх хэрэггүй бөгөөд НАМ гэдэг намгийн өмхий үнэрээ гээхээсээ өнгөрсөн “Залуу үхдэлүүд” … Шинэ үе гэдэг нэртэй улам мэргэшсэн өмхий хулгайч нар төрж байгааг аль ч төрийн байгууллагын, сумын тамгын газрын 30 дөнгөж гарсан улаан цэнхэр зангиатай, хоолойгоо шахсан, хүнтэй ч мэндэлж чадахгүй дүлцэн царайтай мөнхийн хүндэрч яваа нөхдүүдээс харж болно.

Бүх үгийг сэглээд хаячихсан юм. Эх оронч, сайн сайхны төлөө, чин сэтгэлтэй … гэх мэт. Гэхдээ энэ улсад одоо юу дутаж байна гэвэл “Чин сэтгэл” л дутаж буй. 12.21-ны лаа сүүмийсөн мунхаг шөнө мэт, хүмүүс бүх л зүйлд хоноцын сэтгэлээр хандаж, засгаас засаг, сонгуулиас сонгуулийн хооронд аргацааж, хэнд ч жинхнээсээ юм хийе гэсэн хүсэл төрөхөө больж, өөрийнхөө хувийн амьдрал эрүүл мэнд эрх чөлөөнд хүртэл хоноцын сэтгэлээр хандаж буй нийгэмд ГЭРЭЛ ГАРНА гэж сохроор итгэж, Монголын заяанд найдаж, хүсэн мөрөөдөхөөс өөр ямар ч өөдрөг үзэл гэж алга даа энэ цагийн залуу хүнд.

Энхтайваны гүүр … Машинууд цөөрч хаяа нэг хурд нэмэн хаазлана … Юу ч гэж бухимдсан нэг л өдөр. Маргаашийн наран. Цүнхээ үүрээд л алхана. Амьдрал таашгүй. Удахгүй би саран дээр ч алхах болно. Сайхан амраарай, саран дээрээс би даанч харагдахгүй байх нь. 

Ч.Ганжавхлан

https://www.facebook.com/zrameon

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close