Бирталан Агнеш: Их сургуульд орохдоо бодлоо өөрчлөөд монгол судлаач болъё гэж шийдсэн, би хийморьтой яваа
Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит (ELTE) их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын элч, доктор, профессор Бирталан Агнештай ярилцлаа. Тэрбээр өнгөрөгч наадмын өдрүүдээр Монголд ирээд, нутаг буцав. Монгол-Унгар хоёр орны харилцан шүтэлцээ, түүх соёл, шашин судлал, хэл бичиг гээд түүнтэй ярилцах сэдэв магад өргөн. Тэр хэрээрээ асуух асуулт жолоогүй. Тиймээс энэ удаагийн зочноо хувь хүн талаас нь нээхийг зорьсон маань энэ.
-Юуны өмнө ярилцах саналыг минь хүлээж авсанд талархаж байна. Бидний ярилцлага их сонирхолтой, дурсамж хөврүүлсэн сайхан ярилцлага болно гэдэгт эргэлзэхгүй байна.
-Намайг ярилцлагынхаа зочноор урьсан явдалд би ч бас танд талархаж байна.
-Та Монголоор их сайн ярих юм. Анх хэзээнээс монгол хэл сурсан бэ?
-Монгол хэлийг 18 наснаасаа эхлэн сурсан. Тэр чинь 1979 он. Арван найман настайдаа их сургуульд элсэж, Орос хэл-Уран зохиол, Унгар ба Дэлхийн түүх мэргэжлээр суралцсан. Дээр нь би дорно дахины хэл нэмж суръя гэсэн эрмэлзэлтэй байлаа. Тухайн үед манай сургууль хятад, араб, турк, монгол, төвөд, перс гэсэн зургаан хэл соёл заадаг байв. Тиймээс би бүх тэнхимийн эрхлэгчтэй уулзаж, ярилцаж үзтэл Монгол хэлний тэнхим, тэнхимийн эрхлэгч Хар Дорж багш их таалагдсан. Хар Дорж багш саяхан таалал төгсчихлөө, тун харамсалтай. Тэр цагаас хойш өнөөг хүртэл өдөр бүр алгасалгүй суралцсаар байна даа.
-Өмнө нь таны хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагуудыг тань гүйлгэж нэг харлаа л даа. Ихэнхэд нь та өөрийн ажил мэргэжил, сургууль, судалгааны бүтээлтэй холбоотой сэдвээр яриа өгсөн байна лээ. Ярилцлагуудаас тань харахад та хувийн амьдралаа тэр бүр олон нийтэд дэлгэх дургүй хүн юм уу гэж бодогдсон. Тэдгээрийг хараад надад ярилцлага өгдөг ч юм болов уу, яадаг юм бол гэсэн эргэлзээ төрж байлаа?
-Таны зөв. Би хувийн амьдралынхаа тухай барагтайд ярьдаггүй. Эсвэл цухасхан ярьдаг. Учир нь би ажлын хорхойтой, байнга ажиллаж байдаг төрлийн хүн. Гэхдээ би ажил-хүүхэд гэсэн тэнцвэрийг барихын тулд өнгөрсөн он жилүүдэд ихээхэн чармайж ирсэн. Эмэгтэй хүн судалгаа хийнэ гэдэг амаргүй. Би гурван хүүхэдтэй. Манай Унгарт айлууд 1-2 хүүхэдтэй байх нь түгээмэл. Тиймээс манайх өнөр айлд тооцогддог. Гурван хүүхэдтэй, судалгаан дээр ажилладаг зарим эмэгтэйчүүд надаас “Та яаж энэ бүхнийг амжуулдаг вэ. Менежмент нь юу вэ” хэмээн асуудаг. Ер нь би хүүхдүүдийнхээ тухай ярих их дуртай шүү. Тэд бол миний бахархал. Үр хүүхэд бол эх хүний бахархал гэдэгтэй та ч гэсэн санал нэгдэх байх. Манай хүүхдүүд долоо долоон жилийн зайтай төрцгөөсөн. Тиймээс би 21 жилийн хугацаанд дандаа нялх хүүхэд тэвэрч, бүгдийг эхнээс нь шинээр эхлүүлдэг байсан. Долоо долоон жилийн зайтай төрсөн нь надад их сонин тохиолдол шиг санагддаг.
-Танай гурав чинь?
-Том нь хүү, тэгээд хоёр охин. Бага нь 22-той. Гэхдээ би их өндөр настай хүн биш шүү дээ. /инээв/ Би хувийн амьдралаа эрт эхлүүлсэн хэрэг. Анхны хүүхдээ 26-тай төрүүлж байжээ. Одоо хүү маань техник импорматикийн хүн болсон. Дунд охин багш. Бага нь театрын найруулагч болохоор их сургуульд сурч байна. Бүгд Унгарт амьдардаг. Бага маань хоёр удаа Монголд ирсэн. Нөгөө хоёр нь хараахан ирж үзээгүй л байна. Санхүүгээсээ болоод тэднийг авчрах боломж байсангүй. Бага маань харин азтай байсан.
-Та Унгарын яг хаахна төрсөн бэ. Таны хүүхэд нас хэр аз жаргалтай өнгөрөв?
-Би Унгарын өмнөд нутгийн Сексард гэдэг хотод төрсөн. Манай аав Трансвилван нутгийн хүн. Түүний нутаг алдарт монгол ба төвөд судлаачдын төрсөн нутаг. Манай аав Алберт 1940-өөд оны үед Румынаас Унгарт нүүж ирсэн байдаг. Ээж Эржэбэт бол тал нутгийн хүн. Тиймээс миний цусанд янз янзын цус холилдсон. Тэр хоёрын ажлын нөхцөл байдлаас болоод манайх Сексардад ирж суурьшиж, би тэнд төрсөн юм. Гэхдээ мөн л тэндээ өсч торниогүй. Манай аав ээж хоёр эм найруулагч байсан тул нэг тосгоноос нөгөө рүү нүүдэг байлаа. Намайг төрснөөс хойш бас хоёр удаа нүүсэн. Бага насны хүүхэд надад жаахан амаргүй санагддаг байсан.
-Та чинь тэгвэл хөдөөний хүүхэд байх нь?
-Тийм тийм. Маш тайван, ямар ч бараан сүүдэргүй цаг үе байсан. Тариачид тариагаа тарина, малчид малаа маллана, ер нь байгальлаг орчинд миний хүүхэд нас өнгөрсөн. Манай тосгоны нэгдэл хэрдээ бийлэгжүү учраас тосгоноороо бололцооны амьдралтай байсан. Аав ээж хоёр эм найруулагч учраас тосгоны чухал хүмүүст тооцогддог байлаа. Би багадаа эмний нэр олныг тогтоочихсон байсан ч тэдний мэргэжлийг эзэмшсэнгүй.
-Танай тосгоныхон тэгвэл бараг бие биеэ бүгд мэддэг байсан байх?
-Тэнд төрсөн хүмүүс бие биеэ их сайн мэддэг байсан. Манайх бол нүүж очсон айл шүү дээ. Гэхдээ л манайхыг хүмүүс сайн мэддэг байсан. Ганцхан эмийн сантай юм чинь мэдэхгүй гээд хаачих вэ дээ.
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Ганцаараа.
-Аав ээж тань алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн байх даа?
-Яг тэгсэн. Ингэж хэлсэн нь би хэн нэгэнд таалагдах гэсэн санаа биш шүү. Тийм л аз жаргалтай амьдралаар хүүхэд нас маань өнгөрсөн юм.
-Дунд сургуульд та ямаршуухан охин байв?
-Манай боловсролын систем Монголынхоос арай өөр байсан. Бага сургуулийн найман жилийг тосгондоо сурдаг байсан. Манай тосгоныг Дөбрөкөз гэдэг байлаа. Дараа нь дунд сургуулийн дөрвөн жилээ Домбовар гэх хажуугийн хот руу өдөр бүр автобусаар очиж сурсан. Автобус өглөө эрт замд гарч, орой болсон хойно эргэж ирдэг байсан болохоор их ядаргаатай байсан. Дээр нь сургалт зургаан өдөр үргэлжилдэг. Олон төрлийн дугуйланд сурдаг болохоор их ядардаг байсан нь одоо ч миний яс маханд мэдрэгддэг.
-Та тэгээд онц сурлагатан байв уу?
-Онц сурахыг хичээдэг байсан. Гэхдээ өдөр бүр өөр тийш явж сурах нь бидэнд их зүдэргээтэй байсан. Миний сурлагын хүснэгт 4, 5-ын дүнгээр холилдсон байсан. Тэгж их ачаалсан ч миний зоригийг мохоогоогүй. Бүгдийг сурахаар чармайхын зэрэгцээ аав ээжийхээ хамт их аялдаг байсан. Унгар дотроо ч, гадагшаа ч олонтаа аялж маш ихийг үзсэн. Тэр үед герман хэлний тусгай мэргэжлийн дунд сургуульд суралцсан. Орос хэлийг бүр бага сургуулиасаа үзсэн. Их сургуульд орохдоо Түүх ба Орос хэл, Уран зохиол гэсэн хоёр мэргэжлээр суралцахаар элссэн ч бодлоо өөрчлөөд монгол судлаач болъё гэж шийдсэн, би хийморьтой яваа. Гэхдээ надад Орос хэл, уран зохиол судлаач ба Түүхчийн мэргэжлийн диплом бас бий.
-Энэ олон жил судлаачаар тууштай ажилласныг тань бодохоор мэргэжлээ онож сонгосон юм болов уу гэж харж байна. Биднийг хүүхэд байхад их сургуульд ороход улаан шугам тавьдаг байсан. Их сургуульд орох босго гэх үү дээ. Магадгүй танайд ч гэсэн ийм шалгуур байсан байж магад?
-Тэр улаан шугам чинь манай Унгарт ч байсан. Тиймээс маш их чармайж суралцдаг хүүхдүүд их сургуульд ордог байсан. Би дунд сургуулиа төгсөөд шууд их сургуульд элсэн суралцсан. Манай сургууль Унгарын хамгийн эртний буюу 1635 онд байгуулагдсан, хамгийн сайн сургалттай сургуульд тооцогддог.
-Одоо ажиллаж байгаа Өтвөш Лорандын нэрэмжит (ELTE) их сургуулиа хэлж байна уу?
-Тийм тийм. Тухайн жил Орос хэл, уран зохиол-Түүх гэсэн хоёр мэргэжлийн ангид улсын хэмжээнд 20-иод хүүхдийг сонгож авсны нэг нь би болсон юм.
-Яагаад монгол судлалыг сонгосон юм бол. Хэрэв та араб судлаач болсон бол өдийд Дубайд байх байсан ч юм бил үү гэсэн бодол тань руу ирж явахад төрж байлаа?
-Араб судлал их сонирхолтой. Бие дааж хэлийг нь сурч байсан үе бий. Гэхдээ Хар Дорж багшийн найрсаг занд тоймгүй татагдсан. Тэгээд “Эхлээд монгол хэлийг суръя. Дараа нь бусад хэлийг эзэмшиж болно” гэж бодсон. Дорж багш зөвхөн бямба гарагт хичээлээ заадаг байсан. Би ч туршиж хичээлд нь сууж үзлээ. Багш нар энэ ер нь яах хүүхэд бол гэсэн бодлоор шавь нараа туршдаг гэх үү дээ. Тэгээд дэргэд нь тогтож үлдэх нь үлдэж, тогтохгүй нь явцгаадаг. Мэдээж би тогтож үлдсэн. Монгол хэл соёлд суралцсан гэхээсээ бүр дурлачихсан байсан.
-Дурласан гэдэг чинь их гоё үг байна шүү?
-Дээр нь бас нэг сонирхолтой түүх бий. Арван хоёртойдоо Оросын Тамбов хотын пионерын лагерьт хэсэг хүүхдүүдтэй хамт амрахаар явав аа. Орос хүүхдүүдтэй танилцлаа, захиа солилцохоор боллоо. Гэтэл нэг найз маань буцаж ирсний хойно монгол зурагтай хэдэн ил захидал илгээсэн юм. Тэр ил захидлыг хараад “Хөөх ямар сайхан газар вэ” хэмээн сэтгэл татагдсан. Тэгээд Монголоос захидал солилцох найз олох санаатай 13-14 настайдаа “Залуучуудын үнэн” сонинд захиа бичиж илгээсэн ч харамсалтай нь хариу ирээгүй.
-Тухайн үедээ жаахан гунигтай л юм болж. Гэхдээ л та Монголтой холбоо тогтоох гэж аль багаасаа үзсэн байна шүү дээ?
-Тэгсэн. Тэгээд нэг хэсэг энэ тухай мартсан. Дараагаар дунд сургуульд байх үед унгар хэлээр хэвлэгдсэн “Монголын түүх” номыг уншихад маш сонирхолтой санагдсан. Хожим нь их сургуульд монгол хэл сурах завшаан тохиосон нь тэр.
–Хичээлд нь суугаад тухайн хүнд итгэл үнэмшил төрнө гэсэн их сонин юм шүү, бараг үнэмшимгүй ч юм шиг.
-Тэр үнэн. Багш маань маш гүнзгий тал талын мэдлэгтэй, олон хэл мэддэг, ноён оргил шиг хүн байсан. Биднийг бага залуу гэж гололгүй хичээлээ маш өндөр түвшинд заана. Мэдээж 18-хан настай юм чинь багшийн ярьж байгааг сонсоод “Энэ тухай би хаанаас олж уншина аа. Яаж монгол судлаач болно оо” гэж түгшиж байсан ч хоёрдугаар курсээсээ арай дээрдэж ирсэн. Нэгдүгээр курст багш биднийг дарах гэж хэлж болохгүй ч ачаалласан хэрэг. Хоёрдугаар курст хэн нь сайн бэ, хэн нь ирээдүйтэй вэ гэж шүүсэн гэж би боддог. Тэгээд надад их сонирхолтой сэдэв өгсөн. Б.Ринчен гуайн багшид бэлэглэсэн уйгаржин монгол бичгээрх “Захчны сүм хийдийн түүх” гар бичмэлийг өгч, “Үүнийг уншаад галиглаад ир” гэсэн. Тэгснээрээ би ойрад судлалыг сонирхож эхэлсэн. Тэр гар бичмэлийг уншиж боловсруулсаны дараа 1981-1982 онд Монголд анх удаа ирж мэргэжил дээшлүүлэх дадлага хийв ээ. Тэр үед ШУА-ын Ж.Цолоо багштай холбоо барьж, багш шавь болцгоосон. Тэр хүнээс маш ихийг сурсан. Дараа нь өөрөө багш болчихоод багшийнхаа нутгаар, Ховд, Хөвсгөл ба Төв Халхын нутгаар, ер нь олон газраар аялсан. Олон ч сайн багштай учирсан.
-Монголд анх хөл тавилаа. Нөгөө ил захидал дээрх зурагтай хэр дөхүү санагдав. Хүлээлтээс давсан уу эсвэл хүлээлтээс доогуур санагдав уу?
-Би Монголд маш их татагдаж байсан болохоор бүх зүйл таалагдсан. Хорин настай байсан болохоор бүгдийг сонирхож, үзэж харж, туршиж байсан. Гэхдээ хамгийн хэцүү нь хөдөө явахыг хориглодог байв. Хөдөө явж бүгдийг нүдээр үзэхийг хүссэн ч санасны зоргоор биднийг явуулдаггүй байлаа. Надад ч бас хууль дүрэм зөрччих вий гэсэн айдас байсан учраас орон нутгаар явж чаддаггүй байсан. Нөгөө талдаа гадны хүн явуулаад алга болчих вий гэсэн болгоомжлол байсан ч байж мэднэ. Гэтэл нэг удаа гадаад оюутнуудыг нэгтгээд Өвөрхангай, Архангайгаар аялуулахдаа Эрдэнэзуу, Орхоны хүрхрээ гэх мэт жуулчинд үзүүлдэг маршрутаар авч явсан. Малчдынхаар орсон ч надад хол хөндий санагдаагүй. Учир нь хотын зах дахь малтай айлуудаар очиж байсан учраас танил байсан ч нүүдлийн МАА-г бол анх удаа үзэж байгаа нь тэр явдал болсон.
-Та урьдахаа бодвол одоо монголчуудыг нэг хараад л ойлгодог болсон байлгүй. Хамгийн анхны ойлгомжгүй, алмайруулсан байдалтай хэрхэн тулгарч байв?
-Улаанбаатарт ирээд мал бэлчиж явахыг харах нь их сонин санагдаж байсан. Би тосгоны хүүхэд. Гэхдээ манайд малыг хашаалж малладаг байхад нийслэл хотод нь мал сул бэлчиж явахыг харах үнэхээр гайхшруулсан хэрэг болсон. Гэхдээ энэ нь таалагдахгүй зүйл биш, сонирхолтой санагдсан. Нэг таалагдаагүй зүйл гарч ирсэн. Тэр нь Монголд амьдардаг оросуудад тусгай автобус, тусгай үйлчилгээ үзүүлдэг байсан нь 20 настай надад огт таалагдаагүй.
-Та одоо Өтвөш Лорандын нэрэмжит (ELTE) их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч. Монгол судлал талаасаа Европдоо толгой цохьдог ч зарим нэг хүмүүсээс сонсоход Монголын гэхээсээ буддын шашны судлалыг түлхүү судалсан гэж шүүмжилдэг юм билээ. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Буддын шашин, бөө мөргөлийн судалгаа бол манай тэнхимийн судалгааны нэг чухал чиглэл. Мөн хэл шинжлэл, нутгийн аялгуу гүнзгий судлагдсан. Дараагийн нэг сайн хийгддэг судалгаа бол уламжлалт соёл, ялангуяа эх бичиг ба аман уламжлалын судалгаа. Энэ хэдэн судалгааны төрөл эн тэнцүү явж байна. Үүний дээр бөө мөргөлийн судлалыг нэмж нэрлэж болно. Бөө мөргөл бол Унгарт маш их сонирхол татсан сэдэв хэвээр байна. Миний шавь нар дотор бөө мөргөл судлалыг сонирхож байгаа хүн цөөрч байна. Гэхдээ Унгарын хэмжээнд энэ сэдвийг сонирхон судалж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Би бөө мөргөлийн сэдвээр хичээл заахад 140-170 хүн нэг удаадаа суудаг. Заримдаа бүр 200 хүн ч цуглардаг. Хамрагдаж байгаа хүмүүсийг харахад, түүхч, угсаатны зүйч, философич, унгар судлаач, солонгос судлаач гээд төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс байх жишээний.
-Бөө судлал таны судалгааны ажилд чамгүй байр суурь эзэлдэг байх нь. Амьдралын тань нэг хэсэг гэж ойлгож болох уу?
-Энэ бол цэвэр судалгаа. Тэр хязгаараас давмааргүй байна. Энэ тал дээр би маш их азтай байсан. Ерээд оны үед олон жил бөөлсөн, уламжлалаа сайн мэддэг, жинхэнэ бөө нартай танилцсан. Тиймээс бөөгийн судалгааны тухай бичихдээ тэднийг хэлж ярьж байсныг байнга эргэн санадаг. Харин сүүлийн үед домог зүй болон Ойрад эх бичгийн судалгаан дээр ажиллаж байна. Материал ихээр цуглуулж байгаа. Харамсалтай нь бүгдийг боловсруулж амжихгүй байгаад байна.
-Манай хоёр орон хоёулаа социализмаас татгалзсан. Бид хүссэн хүсээгүй завсарын үеийг туулсан. Тэр үе их бүдэг, дээр дооргүй баримжаагаа алдсан цаг үе байсан. Та тэр үед судалгааныхаа мөн чанарт, судлаач болсон хувь тавиландаа эргэлзэж байв уу?
-Би барагтай бол ямар нэг зүйлд итгэл алдрах хүн биш. Хэцүү байсан уу гэвэл хэцүү байсан. Бүх салбарт амаргүй байсан. Тухайн үед дорно дахины тэнхимүүд ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуудал хөндөгдөж, би тэдэнтэй “байлдах” хэрэгтэй болсон. Тиймээс би “Унгарт монгол судлал XIX зуунаас эхтэй. Дэлхийн хэмжээнд ч энэ нь их чухал. Та нар бөө мөргөлийн хичээл орохоор хэчнээн хүн ирж суухыг хараарай” гэхчлэн тэнхимээ хамгаалсан. Үнэхээр хэцүү цаг үе байж билээ.
-Гэхдээ л даван туулчихсан байна шүү дээ?
-Би гэр бүлтэй, гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ, оюутнуудаа, энэ өв соёлыг бодох хэрэгтэй болсон. Тэгээд ч дэмжиж туслах хүмүүсийг гадаадаас хүртэл олсон.
-Тэр үед та дэмжиж туслаач гэсэн агуулгатай захиа Монгол руу бичиж байв уу?
-Тийм ээ, бичсэн. Тэр бол 2006 оны үе. Тэр үед манай тэнхимийг үүсгэсэн Легити Лайошгуайн 1969 онд байгуулсан Академийн Алтай судлалын төвийг хаасан. Тэр төв бол манай тэнхимийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж, олон судлаачдад мэргэжлээрээ ажиллах боломжийг олгосон юм шүү дээ. Тэнхимээ бол хамгаалж авч үлдэж чадсан.
-Таныг манай монголчууд хэр дэмждэг вэ?
-Ганц нэг хүний нэр хэлбэл бусад нь гомдох байх. Их олон хүн бий.
-Та чинь манай улсын Ерөнхийлөгчийн Ерөнхийлөгч гэсэн хөгжилтэй ярианд холбогдсон байсан. Би нэг тийм яриа олж сонссон?
-Намайг Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхийлөгчөөр сонгоход тэр холбоог дэмжих хүмүүсийн дотор тухайн үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга багтсан байсан. Тиймээс “Х.Баттулга Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй ганц хүн байна. Тэр нь Агнеш” гэсэн яриа гарсан байна юм билээ. Энэ яриа мэдээж монголчуудын дундаас гарсан яриа.
-Хүний амьдрал дандаа хавар шиг өнгөлөг байдаггүй. Бурхан хэзээ нэг өдөр бидэн рүү сорилт илгээдэг. Бүдэрч унасан, таны шандасыг сорьсон тэр цаг хугацаа хэзээ вэ?
-Түрүүний ярьдаг 2006 оны үе. Тэр үед бидний эсрэг довтолгоо хийсэн. Тэр үеийг хамгийн доод цэгтээ хүрсэн үе гэж хэлэхээс айж байна. Ирээдүйд хэн нэгэн бас дахиад “Энэ судлал, энэ тэнхим хэрэггүй” гэсэн солиотой санаа гаргах юм бил үү. Энэ нь ганцхан Унгарт тохиолдсон явдал биш. Тухайн улс орны бодлогоос хамаарч хэд хэдэн сайхан Монгол судлалын төв хаалгаа барьсан түүх бий. Гэхдээ юу ч боллоо гэсэн би бууж өгөхгүй л гэж боддог. /Ширээний тавцангийн доороос гурав тогшив/
-Манайхан болохоор тавцангийнх нь дээрээс нь тогшдог шүү дээ?
-Унгарт ба Европт ширээний доороос тогшдог. Монголчууд дээрээс нь тогшдог. Би ер нь цээр судлалд их дуртай.
-Цээр их мэдэх дэмий биш үү?
-Тийм тал бий. /инээв/ Гэхдээ цээр, хорио бол дээр үеийн аман хууль учраас нийгмийн амьдралд их чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
-Та хэр сайн эхнэр вэ. Таныг гал тогооны өрөөндөө дуулангаа хоолны жортой номноос олон төрлийн хоол хийж байгаагаар төсөөлөх гэсэн нэг бууж өгдөггүй. Судлаач гэлтгүй аливааг хийе бүтээе гэсэн хүнд цаг хугацаа хомсддог юм уу гэх бодлоос энэ таамаг төрлөө л дөө?
-Тийм сайн эхнэр биш гэхэд болно. Хорин дөрвөн цаг гэрийн ажил хийж чаддаггүй. Хүүхдүүдийнхээ багад хоол хийдэг л байсан. Залуу байхад цагийг их хэмнэж чаддаг байж. “За таван минут байна, энэ хугацаанд юу хийх вэ” гэхчлэн. Одоо ч ялгаагүй би хэл нэмж сурсаар байна. Мэддэгээ хүртэл давтдаг. Ингэхэд гар утас надад их тус болдог.
-Сууж сурна гэдэг төвлөрөхийн шалтгаан гэж би боддог. Судлаач болоход тогтож сууж сурах хэрэгтэй юм шиг ээ. Та хамгийн ихдээ хэдэн цагаар сууж ажилладаг вэ?
-Хэдэн цагаар ч хамаагүй суудаг байсан. Залуу байхад 11-12 цаг төвөггүйхэн суучихна. Одоо эрүүл мэндээ бодоод босдог болсон. Зав чөлөөгөөрөө иог хийдэг. Энэ нь нурууг маань сайн хамгаалсан. Нуруу муу бол олон цагаар суух тухайд санахын ч хэрэггүй. Бас шөнийн цагаар паркт дугуй унадаг.
-Арай ухаалгаар ажилладаг болж, тийм үү?
-Тэгж хэлж болно. Манай гурав одоо намайг дуурайгаад иог хийдэг. Бага байхдаа “Ээж ээ, та юу хийгээд байна вэ. Шалан дээр ийшээ тийшээ өнхрөөд. Нугараач болох санаатай юм уу” гэдэг байсан. 18, 20 хүрцгээгээд өөрсдөө иог хийдэг болцгоосон.
-Та хэдэн хэлээр судалгааны ажлаа хийдэг вэ?
-Тоо хэлэхэд хэцүү. Заримыг нь орчуулагчийн түвшинд мэддэг бол хар ярианы түвшний хэл ч бий. Зарим хэлээр зөвхөн бичдэг ба өндөр түвшний орчуулга хийж чадна. Ер нь янз янзын түвшнийх дээ.
-Нэрэлхэлгүй хэлчихэд болно шүү дээ?
-Тийм олон хэл мэддэг гэхгүй. Монголчууд “Өөрийгөө магтсан хүн адгийн тэнэг” гэж ярьдаг даа. Би энэ үгэнд их дуртай. Одоогийн залуучууд ямар болсныг мэдэхгүй. Миний мэддэг дээр үеийн монголчууд тун даруухан зантай улс байсан.
-Та хэр их найзархах вэ?
-Би их ёсорхуу ч харьцангуй нээлттэй. Цагаан сахалтай өвгөн байна уу, захын гуйлгачин байна уу, хүүхэд байна уу, хүн бүрийг хүндэтгэж сайхан яриа өрнүүлж заншсан. Тиймээс маш олон найз нөхөдтэй. Би фэйсбүүк хэрэглэдэггүй ч маш өргөн хүрээний network-той гэж хошигнодог. Жинхэнэ дотны найз сүүлийн үед цөөрсөн, юуныхыг мэдэхгүй. Өмнө нь 20-30 насанд манайхаар явуулын хүн тасрахгүй, заримдаа 5-6 хүн гэрийн шалан дээр унтаж амраад явдаг байлаа. Одоо өөрийн орон зайгаа хамгаалах нь зөв гэж боддог болж дээ.
-Тэнхимийнхээ багшаас эрхлэгчээр ажиллах хүртэлх бүх цаг хугацаанд олон ч монгол хүүхдүүдийг гар дээрээ хүлээж авсан байх. Зарим нь ч зүг чигээ олохгүй ч шахам нялхаараа амьтан гар дээр тань очсон байлгүй. Та гарын хэдэн шавьтай вэ?
-Монгол Улсын анхны докторант хоёр жилийн өмнө төгссөн. Ер нь монгол оюутнууд олноор ирж суралцсан нь арваад жилийн өмнөөс эхтэй. Нийт 14-15 монгол шавьтай. Зарим нь жил юм уу хагас жилээр манай тэнд очиж суралцаад, Монголдоо эрдмийн ажлаа хамгаалсан хүмүүс ч бий. Манай тэнхимд монгол оюутнуудаас гадна өвөрмонгол оюутнууд олноор ирж суралцдаг. Казах, орос гээд тоочвол хамгийн олон гадаад докторанттай багш сургуулийн хэмжээнд би болчхоод байгаа юм. Мөн нэг энд зүйлийг хэлэхэд, монгол хэл соёл бол манайд судалгааны хэл юм. Тухайлбал, солонгос хэл өдөр тутмын сэдэв болж байна. Солонгос хэл сурлаа гэхэд орчуулагч ба олон төрлийн фирмийн ажилтнаар ажиллах боломжтой. Харин монгол хэл, соёл эзэмшсэн нь орчуулагчаар ажиллах боломж нь одоохондоо хомс.
-Монголчууд хэр сайн суралцагч вэ. Ямар нэг онцлог, сондгойрол байх юм уу. Гэхдээ магтаал хүсэж энэ асуултыг тавьж байгаа хэрэг биш шүү?
-Миний гар дээр байсан шавь нар бол маш шаргуу, зогсолтгүй ажилсаг хүмүүс. Хамба ламын нарийн бичгийн дарга н.Лхагвасүрэн миний анхны шавь. Унгарт эрдмийн ажлаа хамгаалсан. Манай тэнхимийн хажууд Араб хэлний тэнхим байдаг юм. Нэг өдөр тэр тэнхимийн багш надаас “Өдөр шөнөгүй хонгилд байсан ч хамаагүй ном товхимол уншаад байх энэ залуу хэн бэ” гэж н.Лхагвасүрэнг асууж байсан. Миний монгол шавь нарын зарим нь монгол зан заншлыг гайхалтай сайн мэддэг. Одоо Унгарт сурч байгаа Э.Эрдэнэдалай байна. Түүнд маш их ирээдүй бий гэж би боддог. Ер нь монгол оюутнуудын дийлэнх нь гадаад хэлийг богино хугацаанд их хурдан сурдаг. Унгар оюутнуудаас монгол залуусын өөр ялгаатай тал бол, багшийг машид хүндэтгэдэг. Багштайгаа илэн далангүй харьцдаг ч хүндэтгэлийн хязгаарыг давдаггүй.
-Багш хүн бусдад эрдэм юулж байдаг. Тиймээс арай дориуныг нь “Манай энэ л чамбайхан шиг судлаач болно доо” гэсэн найдвэр тээж явдаг байх. Гэтэл горьдлого тавьж байсан хүүхдүүд салаа замаар яваад өгөхөөр гомдох гэхэд хаашаа юм, урам жаахан хугардаг уу?
-Тийм зүйл амьдралд тохиолдоно оо. Тэр тохиолдолд тэдний тухай их удаан боддоггүй. Тэгвэл ажил урагшлахгүй. Миний тус хэрэгтэй бол тэдэнд туслахад татгалзах юун. Тус авахгүй гэвэл тэр л биз.
-Бие даасан болоод хамтарсан хэдэн ном хэвлүүлэв?
-Хорь гаруй бий. Ганц сэдвийн ном 3-4, нэвтэрхий толь 1, мөн нэлээн олон ном эмхэтгэсэн. Учир нь шавь олон байна. Шавь нарынхаа материалыг боловсруулалцаж эмхэтгээд тэр юм. Нийтдээ гэвэл 200 гаруй эрдмийн бүтээл байна.
-Эрдэмд оройгүй гэдэг. Үүнийг л хийж гүйцээх юм сан гэсэн одоогийн хүсэл тань юу вэ?
-Ерээд оны үед цуглуулсан бөө, удгантай холбоотой материалуудыг англи хэлээр хэвлүүлэх юм сан гэж зорьж байна. Монгол хэлээр хэвлүүлбэл бүр сайн. Гэтэл бүгдийг амжуулах боломж хомс байна. Яагаад гэвэл тэр үед С.Дулам, О.Пүрэв багш энэ тал дээр маш их ажилласан. Тэр хоёр багшийн материалыг минийхтэй зэрэгцүүлж үзвэл их зүгээр.
-Та Монгол Улсын соёлын элч. Өнгөрсөн хугацаанд та юуг хийж амжуулав?
-Ковидоос өмнө Т.Ганди сайдын үед Соёлын элчээр томилогдож байсан. Эхэндээ бид цөөхүүлхнээ байлаа. Одоо олуулаа болжээ. Тэр үед зохиогдсон бүх арга хэмжээг Соёлын элчийн хувиар зохион байгуулж оролцдог байлаа. Ном товхимол ч хэвлүүлсэн. Жишээлбэл, ХХ зууны Монголын уран зохиолын орчуулгын таван ботийг гаргасан. Үүнийгээ Унгарчуудад танилцуулахыг зорьж байсан ч цар тахлаас болоод чадаагүй л байна. Соёлын элчийн ажил ковидын үед ер нь тасалдсан. Одоо энэ тухайд дахин нягталж, Соёлын элчийн үүрэг чиглэл юу болохыг тодотгох хэрэгтэй. Ер нь Соёлын элч нь олон тооны үр дүнтэй ажлыг хийх бололцоотой гэж боддог.
-Хэрэв арван жилийн өмнө би таниас хувийн амьдралаасаа Монголын уншигчидтай хуваалцсан ярилцлага өгөөч гэсэн бол та зөвшөөрөх байсан уу?
-Өгөх байсан. Гэхдээ хувийн чанартай мэдээллийнхээ заримыг нь ярихгүй байсан ч байж мэднэ. Гэхдээ таны ярианаас нэг зүйлийг ойлголоо. Би энэ тухай хэзээ нэг өдөр бичих хэрэгтэй юм байна.