Ерөнхийлөгч Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Өвөрхангай аймгийн иргэдтэй аймгийн Хөгжимт драмын театрт уулзлаа. Төрийн тэргүүнийг Арвайхээр Цэргийн хүрээ хүндэтгэн угтаж, аймгийн удирдлагууд аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийн байдал болоод хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.
Өвөрхангай аймаг нь 19 сум, 111 баг, 115.6 мянган хүн ам, 34.1 мянган өрхтэй юм байна. 2018 оны I улирлын байдлаар нийт хүн амын 30.2 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 65.4 хувийг 15-64 насныхан, 4.4 хувийг 65-аас дээш насныхан эзэлж байгаа юм байна. Мөн нийт өрхийн 24.6 хувь нь аймгийн төвдөө амьдарч байгаа бол 30.8 хувь нь сумын төвд, 44.6 хувь нь хөдөөд суурьшин амьдардаг байна.
Харин нийт хүн амын 63 хувь буюу 72837 нь хөдөлмөрийн насныхан бөгөөд 2018 оны эхний улирлын байдлаар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн дийлэнх нь 15-35 насны залуус байгаа юм байна.
Арилжааны банкуудын мэдээгээр аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл эхний дөрвөн сарын байдлаар 183.2 тэрбум төгрөг болжээ. Харин нийт зээлийн 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн зээл юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн удирдлагуудтай уулзсаны дараа аймгийн иргэдтэй уулзсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Өвөрхангай аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Уулзалтаа маш энгийнээр буюу иргэдээ сонсох зорилготой хийж байгаа. Та бүхний дэвшүүлж байгаа санал, санаачилга, шүүмжлэл бүрийг сонсож УИХ, Засгийн газарт буюу шийдвэр гаргах түвшинд хүргэхээр ажиллах болно” гээд уулзалтыг эхлүүлэв.
Өрөвхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Ихбаяр
Монгол орны өрсөлдөх чадварын индекс буурсаар байна. Хамгийн сүүлийн судалгааг харахад 10 функцээр буурсан байна. Харин манай аймаг энэ индексээр 18 аймгаас 15-д явж байна. Тиймээс аймгийн удирдлагуудыг өрсөлдөх чадвараа дээшлүүлэх асуудалд анхаараарай гэж хэлмээр байна.
Мөн манай аймагт өвөл болохоор агаарын бохирдлын асуудал яригддаг. Гэвч, энэ асуудлыг бид одоо ярих ёстой. Өнөөдөр бид бүгдээрээ Улаанбаатарын утааг мэддэг. Үүн шиг Өвөрхангай аймгийн утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ агаарын бохирдлыг дагаад бизнес яваад байна уу гэж хардаг. Улаанбаатарт ямар байгааг мэдэхгүй ч манай аймагт бол утааг дагасан бизнес бий. Би энэ асуудлаар АТГ-т хандах болно. Мөн төрийн албаны томилгоог анхаармаар байна. Төрийн алба гэр бүл шиг болсон, бүр ургийн мод шиг хөгжүүлсэн аймгуудын нэг нь манай аймаг болоод байна.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7–р багийн иргэн Ганболд
Ард иргэдийн амьдрал улам бүр доройтож байна. Саяхан манай аймагт Ерөнхий сайд ирээд буцсан. Ирэх сургаар нь зах хааж, захын гадна наймаа хийдэг хүмүүсийг хөөгөөд явуулчихаж байна. Наймаачид, таксичид мөрөөрөө л ажлаа хийгээд, амьдралаа залгуулах гээд явж байгаа хүмүүс.
Мөн сүүлийн үед сэтгэл эмзэглүүлж байгаа нэг асуудал байгаа нь ажиллах хүчний асуудал болоод байна. Монголоор дүүрэн ажилгүй хүмүүс байхад Хятадаас л ажилтан аваад байх юм. Энэ ямар учиртай юм бэ. Хууль тогтоогчид энэ байдлаа харж, хуулиа батлахдаа ч гэсэн хариуцлагатай хандмаар байна. УИХ-ын чуулганы хуралдааныг хараад сууж байхад 76 гишүүний тал суугаад л тэднийх нь 50-иас дээш хувь нь хуулиа баталчих юм. Ийм маягаар батлагдсан хууль Монгол Улсын хууль байж чадах юм уу?
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7–р багийн иргэн
2016 онд УИХ-ын сонгууль болж нэг нам олонх болсон. Өнөөдөр тэдний бүрдүүлсэн сайд нар, танхим нь хил хязгаар, газар нутгийн аюулгүй байдалд анхаарч, нухацтай хандах хэрэгтэй. Хил хязгаар, газар нутаг нэг л биш болоод байна. Монголын томоохон компани, корпорациуд Хятадаас олон ажилтан оруулж, оронд нь залуус монгол адуу шигээ экспортод гарч байна. Энэ Монголыг эдийн засгаар нь чимээгүй эзлэх бодлого юм биш биз дээ. Өнөөдөр Монголд хэдэн мянган хятад хүн ажиллаж байгааг хэлээд өгөх хүн байгаа юм уу.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Батболд
Монголчууд ус бол чандмань эрдэнэ гэж ярьдаг. Гэвч, усаа хайрлахгүй, уул уурхайд маш ихээр ашиглаж байгаад сэтгэл зовинож байна. Жишээ нь, Оюутолгой компани ундны усыг хэрхэн хэрэглэж байгаа, цаашид хэр их усны нөөц хэрэглэх вэ гэдгийг тогтоож, нийтэд мэдээлэх хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, 1994 онд Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль гэж гарсан. Түүнээс хойш энэ хуульд ямар нэг нэмэлт өөрчлөлт орсонгүй. Энэ хуульд өөрчлөлт оруулж, хөгжиж байгаа тосгонуудыг хотын зэрэглэлтэй болгох хэрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн 60 тэрбумын асуудал хэрэгсэхгүй болсон. Хууль жирийн иргэнд хатуу үйлчилж байгаа ч эрх мэдэлтэй иргэдэд хууль үйлчлэхгүй байна. 60 тэрбумын асуудлыг цаашид хэрхэн шийдэх вэ, гэдэгт тодорхой хариулт өгөх хэрэгтэй байна.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн
Монгол Улсын харьяатад байгаа иргэдийн офшоорт байгаа хөрөнгө, мөнгийг оруулж ирэх хэрэгтэй. Энэ мөнгө орж ирвэл Монгол Улс, иргэд өрнөөс гарах болов уу гэсэн хүлээлт байгаа шүү. Манай хоёр хөрш офшоорын асуудлаа шийдэх арга зам олж, шийдвэрлэж байна. Тиймээс офшоорын асуудлаар УИХ, Засгийн газартай хамтран ажиллаж ойрын хугацаанд офшоорт байгаа мөнгийг эх орондоо оруулж ирэх хэрэгтэй байна.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3–р багийн иргэн Лхагвасүрэн
Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн бүлэг байдаг гэдгийг мартаж болохгүй. Нийт хүмүүсийн асуудал шийдэгдээд явдаг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал шийдэгдэхгүй орхигдоод байна. Би гэхэд харааны бэрхшээлтэй хүн. Улаанбаатар хотын харааны бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөгжлийн байдалтай нь харьцуулахад биднийх харьцангуй дор байдаг. Мөн өнөөдрийг хүртэл биднийг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжлуулагч, асруулагч гэж хардаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг шийднэ гэж хууль гаргасан ч дагалдах эрх зүйн актууд гараагүй учраас хууль хэрэгжихгүй байна.
Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад дэлгэрэнгүй хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.
Мөн аймгийн Засаг дарга Г.Ганболд орон нутгийн шинж чанартай асуултад хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан зарим асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хүссэн юм. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон голоос хүн мал ундаалах аргагүй болтлоо голын ус бохирдсон байна. Тиймээс Орхон голын бохирдлыг цэвэрлэх, хамгаалах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхийг хүслээ. Хоёрдугаарт, Өвөрхангай аймгийн орон нутгийн чанартай автозамын чанар муудсан тул сүүлийн жилүүдэд авто осол ихээр гарч иргэдийн амь нас хохирох болжээ. Тиймээс орон нутгийн замыг ойрын хугацаанд засаж, сайжруулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн юм. Мөн аймгийн Засаг дарга агаарын бохирдол Улаанбаатарын араас орохуйц хэмжээд хүрч нэмэгдсэн талаар хэлээд хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх шаардлагатай байгаа гэлээ.